Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2022-2023
Санхүүжилт: 49,000.0 мян.төг
Түлхүүр үг : HCC, GPC3, глипикан-3, HepG2, ELISA, TMA, IHC, ICC
Үр дүн
1.Cудалгаанд элэгний эст өмөн оношлогдсон (HCC) 90, эрсдэлт бүлэгт элэгний хавдрын урьдал эмгэгтэй (RG) 90, эрүүл хяналт (CTL) 90 хүн нийт 270 оролцогчийг хамруулав. Судлагаанд оролцогчдын дундаж нас 61.03±9.5, 110 (40.7%) эрэгтэй, 160 (59.3%) нь эмэгтэй байв. Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээ элэгний эст өмөнтэй бүлэгт 327.25±98.22 pg/ml, элэгний хавдрын урьдал эмгэгтэй бүлэгт 253.21±29.53 pg/ml, эрүүл хяналтын бүлэгт 245.31±23.38 pg/ml тус тус байсан бөгөөд бүлгүүдийн хооронд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p<0.001). Ийлдсийн sGPC3 уургийн хэмжээг хүлээн авагчийн үйлдлийн шинж чанарыг муруйгаар тодорхойлж, босго утгыг 270 pg/ml байхаар тооцсон тохиолдолд муруйн доор талбайн утга (AUC) 0.892 (0.851- 0.933), мэдрэг чанар 83.3%, өвөрмөц чанар 84.4%, эерэг тааварлалт хэмжигдэхүүний утга 83% (PPV), сөрөг тааварлалт хэмжигдэхүүний утга 91.02% (NPV), үнэн магадын хувь 84.07% тодорхойлогдов. Элэгний эст өмөн оноштой нийт 90 оролцогчийн ийлдсийн sGPC3 уургийн босго утгыг 270 pg/ml хэмжээгээр зааглан бүлэглэж, судалгаанд оролцогчдын нас, хүйс, вирусийн халдвартай эсэх, элэгний хатуурал, өөхжилт, хавдрын үе шат, тоо, хэмжээ, судасны нэвчилт, ийлдсийн AFP уургийн хэмжээтэй тус тус харьцуулан үнэлэв. Эдгээрээс HCV-ийн халдвар ба элэгний хатуурал, ийлдсийн GPC3 уургийн босго утгын хэмжээтэй статистик ач холбогдол бүхий ялгаатай (p=0.034), (p=0.007) байсан ба эмнэлзүй, лабораторийн бусад үзүүлэлттэй ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.
2.Судалгааны энэ хэсэгт элэгний эст өмөн оношлогдож мэс заслын эмчилгээ хийлгэсэн 50 оролцогчийн нас 33-79 (дундаж нас 64.06±9.1), 21 эрэгтэй (42%), 29 эмэгтэй (58%) байлаа. Иммуногистохимийн шинжилгээгээр GPC3 уураг нийт оролцогчдын 38/50 (76%)-д хавдрын эсийн цитоплазм, мембран болон эс хооронд эерэг илрэлтэй будагдав. Үүнээс 16/38 (42.1%) сул, 22/38 (57.9%) хүчтэй эерэг илрэлтэй байв. GPC3 уураг эрт үеийн хавдрын 8/32 (25%)-д сөрөг, 10/32 (31.3%)-д сул, 14/32 (43.8%)-д хүчтэй эерэг байсан бол хожуу үеийн хавдрын 4/18 (22.2%)-т сөрөг, 6/18 (33.3%)-д сул, 8/18 (44.4%)-д хүчтэй эерэг илрэлтэй байв (p=0.825). Эмнэлзүйн үзүүлэлтүүд буюу нас (p=0.52), хүйс (p=0.485), хепатитийн В вирусийн халдвар (p=0.979), хепатитийн С вирусийн халдвар (p=0.243), хатуурал (p=0.06), хавдрын тоо (p=0495), хавдрын хэмжээ (p=0.495) нь GPC3 уургийн илрэлтэй статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдаагүй (p>0.05). Харин ийлдсийн AFP-ийн хэмжээ хэвийн буюу 20 нг/мл-ээс бага байх үед GPC3 уураг 61.9% (13/21)-д, 20 нг/мл-ээс их тохиолдолд 86.2% (25/29)-д эерэг илрэлтэй буюу статистик ач холбогдол бүхий хамааралтай (p=0.047) гарав. Мөн эмгэг судлалын үзүүлэлтүүд болох сорвижилт (p=0.99), өөхжилт (p=0.057), гистологийн зэрэг (p=0.73), гистологийн хэв шинж (p=0.942), хавдрын эсийн ялгарал (p=0.145), эмгэг судлалын үе шат (p=0.216) болон судасны нэвчилт (p=0.142) GPC3 уургийн илрэлтэй статистик ач холбогдол бүхий хамаарал ажиглагдсангүй (p>0.05).
3.Судалгааны дээрх зорилтын хүрээнд элэгний хавдрын HepG2 шугаман эсийн өсгөврийг Улаанбаатар хотын Бөхийн өргөө орчмоос 2019 оны 03 сард цуглуулсан PM2.5 тоосонцрын тодорхой тунгаар үйлчилж, GPC3 уургийн генийн экспресс болон уургийн нийлэгжилт, дохио дамжилтын зарим уургуудын фосфоржилтыг хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэв. MTT шинжилгээгээр PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгууд эсийн амьдрах чадварыг нэмэгдүүлж (103.2%, 108.1%) байсан бол 25 мкг/мл-ээс дээш тун хамааралтайгаар эсийн амьдрах чадварыг дарангуйлж байлаа. GPC3 генийн экспрессийг бхПГУ-ын тусламжтайгаар тодорхойлон хяналтын бүлэгтэй харьцуулахад PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгаар үйлчилсэн бүлэгт GPC3 генийн экспресс 37%, 59%-аар тус тус нэмэгдсэн бөгөөд статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.026), (p=0.037). Улмаар GPC3 уургийн нийлэгжилтийг дархан туяаруулагч болон AEC будагч бодисийн тусламжтайгаар илрүүлэн иммуноцитохийн шинжилгээний аргаар хяналтын бүлэгтэй харьцуулан үнэлэхэд PM2.5 тоосонцрын 15мкг/мл тунгаар үйлчилсэн бүлэгт 19.31%, 29.23%-аар тус тус нэмэгдсэн нь статистик ач холбогдол бүхий ялгаатай байлаа (p=0.028, p=0.034). Цаашид иммуноблотын шинжилгээгээр PM2.5 тоосонцрын 5, 15 мкг/мл тунгаар үйлчилсэн бүлэгт GPC3 уургийн нийлэгжилт 40%, 62%-аар (p=0.031), (p=0.02), P-p42/44 уургийн фосфоржилт 35%, 59%-аар (p=0.018), (p=0.026) тус тус нэмэгдэн статистик ач холбогдол бүхий ялгаатай байсан бол P-p38 уургийн хэмжээ бүлгүүдэд ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй (P>0.05)