Бэлчээрийн мал аж ахуй нь Монгол орны эдийн засгийн үндсэн салбар бөгөөд байгаль цаг агаарын шууд нөлөөн доор оршдог маш эмзэг, аливаа гамшигт нэн өртөмтгий салбар билээ. Бэлчээрийн ургамлын бүтээмж нь цаг агаарын олон хүчин зүйлсээр зохицуулагдах бөгөөд эдгээрээс хур тунадас/хөрсний чийг нь бүтээмжийг хязгаарлагч үндсэн хүчин зүйл болно. Иймд бэлчээрийн ургамлын бүтээмжийг цаг тухай бүрд нь нарийн үнэлэх нь мал аж ахуйн салбарын хувьд ихээхэн ач холбогдолтой. Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд бэлчээрийн ургацыг тодорхойлж байгаа дээжийн тоо хязгаартай тул үүнийг загварын аргаар нарийн тооцоолон дээжийн тоог нэмэгдүүлж, газрын хэмжилтийг орон зайн хувьд нарийвчлах боломжтой. Энэхүү судалгааны ажлын үндсэн зорилго нь ургамлын бүтээгдэхүүн ашиглалтын загварын оролтын үзүүлэлтүүдийг тодорхойлох (фотосинтезийн идэвхт цацраг (ФИЦ)/нийлбэр цацраг (НЦ), цацраг ашиглалтын коеффициент (ЦАК)), уг үзүүлэлтүүдийг ашиглан дээрх загвараар бэлчээрийн ургамлын бүтээмжийг байгалийн бүс бүрээр (цөлийн хээр, хуурай хээр, хээр болон ойт хээр) үнэлж хэмжилтийн бодит мэдээтэй харьцуулах зэрэг болно. Судалгааны гол үр дүнгүүдийг доор оруулав. Үүнд: (1) Бэлчээрийн ургамлын ургац болон хур тунадасны хоорондын хамаарлыг цаг уурын 15 станцын 1986-2005 оны мэдээнд суурилан гаргав. Ургамлын ургалтын хугацаанд орсон нийлбэр хур тунадас нь бэлчээрийн ургамлын ургацтай өндөр хамааралтай байсан бөгөөд хамаарлыг сар бүрээр нь авч үзвэл ойт хээрийн бүсийн хувьд 6 дугаар сард орсон хур тунадас, цөлийн хээр болон хээрийн бүсүүдийн хувьд 7 дугаар сард орсон хур тунадас нь бэлчээрийн ургацтай хамгийн өндөр хамааралтай байв. Мөн хур тунадсыг хэмжээгээр нь ангилан (≤ 5,
5.1–10, ≥
10.1 mm) тэдгээрийн ургацад үзүүлэх нөлөөллийг бүс бүрээр үнэлсэн дүнгээс үзэхэд, хуурай бүс болох цөлөрхөг хээрт хур тунадас нь орох хэмжээнээс үл хамааран эерэгээр нөлөөлж байсан бол, харьцангуй чийглэг хээр болон хуурай хээрийн бүсүүдийн хувьд ≤ 5 mm хур тунадас ургамлын ургалтанд төдийлөн нөлөөлөхгүй (үр нөлөө бага) байв. Судалгаанаас гарах үр дүн нь цаашид бэлчээрийн ургамлын ус шаардах байдлыг үнэлэх, усалгааны системийг төлөвлөх туршилтын ажилд суурь мэдээлэл болно. (2) Ургамлын бүтээгдэхүүн ашиглалтын загварын оролтын үндсэн үзүүлэлт болох ФИЦ/НЦ-ийг Монгол орны хуурай хээрийн бүсийг төлөөлүүлэн Төв аймгийн Баян-Өнжүүл суманд тодорхойлоход хамгийн бага нь 4 болон 9 дүгээр сард
0.42, хамгийн их нь 7 дугаар сард
0.46, жилийн дундаж утга нь
0.43 байв. Жилийн дундаж утгыг бусад оронд тодорхойлсон үр дүнтэй харьцуулахад бага байгаа нь Монгол орны хуурай цаг агаарын онцлог нөхцөлтэй холбоотой. ФИЦ/НЦ болон агаар мандал дахь усны уур (r =
0.48, p <
0.05), тэнгэрийн байдлын (үүлшилт/тунгалагшлын индекс) хооронд өндөр (r = -
0.36, p <
0.05) хамааралтай байв. (3) Цацраг ашиглалтын коеффициентийг тодорхойлохдоо Баян-Өнжүүл суманд урьдчилан байгуулсан ажиглалтын талбайд агаарын температур болон хөрсний чийгийн өөр өөр түвшинд, дараалсан хоёр жилд (ургалтын хугацаанд) газрын дээрх биомасс, ургамал бүрхэвчийн дээд болон доод талд хэмжсэн ФИЦ-д үндэслэн тодорхойлоход уг коеффициент нь
0.23–1.06 g биомасс (газрын дээрх)/МЖ ФИЦ (ургамал бүрхэвчийн барьж авсан ФИЦ) хооронд хэлбэлзэж байсан бөгөөд хамгийн их утга нь (чийг болон дулааны дарамтгүй үед)
2.34±
0.16 g биомасс/ МЖ ФИЦ байв. Энэ ажил нь загварын оролтын үндсэн үзүүлэлт болох цацраг ашиглалтын коеффициентийг Монгол орны бэлчээрийн ургамлын хувьд тодорхойлсон анхны ажил юм. (4) Өмнө тодорхойлсон ФИЦ/НЦ болон цацраг ашиглалтын коеффициентийг загварт оруулан газрын дээрх бүтээмжийг үнэлэн ажиглалтын бодит мэдээтэй харьцуулахад цөлийн хээр болон хуурай хээрт загварын үр дүн бодит хэмжилттэй ойролцоо байсан бол хээр болон хуурай хээрт загвар нь бодит үр дүнгээс илүү үнэлсэн. Иймд уг загвараар газрын дээрх бүтээмжийг цөлийн хээр болон хуурай хээр бүсд үнэлэх боломжтой бол бусад бүсийн хувьд уг загварт сайжруулалт, өөрчлөлт хийх шаардлагатай. Цаашид бэлчээрийн ургамлын бүтээмжийг үнэлэхдээ газарзүйн мэдээллийн систем болон хиймэл дагуулын өгөгдөл мэдээг ашиглан орон зайн хувьд нарийвчлах хэрэгтэй. Дээрх судалгааны үр дүнгүүд нь мал бэлчээрлэлт, бэлчээрийн талаар оновчтой төлөвлөлт хийхэд шийдвэр гаргагчдад шинжлэх ухааны үндэслэлтэй суурь мэдээ материал болж ашиглагдах боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0