Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Буудайн талбайн зарим хог ургамлын гербицид (метсульфурон-метил)-д тэсвэрлэлтийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Улсын дугаар : 3498
Хамгаалсан он : 2016
Түлхүүр үг : тархалт, анатоми, физиологи, хөрс, пестицидийн үлдэгдэл

Аннотаци

Газар тариалангийн үйлдвэрлэлд богино ээлжит сэлгээ нэвтэрч, химийн аргыг өргөн хэрэглэж, тариалангийн технологи улам боловсронгуй болон эрчимжиж байгаа өнөө үед хог ургамлын учруулах хохирол буурахгүй байна. Хог ургамалтай тэмцэх, таримлын ургацыг нэмэгдүүлэх хамгийн үр дүнтэй аргуудын нэг нь химийн арга (гербицид) юм. Гэвч цаг хугацааны явцад гербицидэд тэсвэртэй хог ургамлын биохэлбэр (biotypes) бий болж, гербицидийн үр дүн буурч байгаа нь шийдвэрлэх асуудлын нэг болоод байна.
Тариалангийн талбайд мөрдөх технологи алдагдснаас хог ургамал дасан зохицож тархалтын хүрээ нь нэмэгдэж, гербицидэд тэсвэрлэх хог ургамлууд бий болж байгаа нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлж байгаа учраас энэ нь судалгааны ажлыг үндэслэл болно. Олон жил дараалан нэг төрлийн гербицидийг дараалан хэрэглэхэд 3-5 жилийн дараа хог ургамал тэсвэртэй болоод байна. Иймээс метсульфурон-метил гербицидийг дараалан хэрэглэсэн буудайн талбайд тэсвэр үзүүлж буй Chenopodium album L., Polygonum convolvulus L., Nonea pulla L. зэрэг хог ургамлын гербицидэд тэсвэрлэсэн байдалд үнэлгээ өгч, анатоми, физиологийн өөрчлөлтүүдийг судлаж тогтоосноор, газар тариаланд өргөн хэрэглэгддэг гербицидийг хог ургамлын биологийн онцлогтой уядуулан тэдгээртэй тэмцэх гербицидийн нэр төрөл, хугацаа, тунг зөв сонгож, үйлдвэрлэлд нэвтрүүлсэнд бүтээлийн практик ач холбогдол оршино.
Манай оронд тариалангийн талбайн хог ургамалтай тэмцэхдээ химийн аргыг сонгон хэрэглэж байгаа өнөө үед хог ургамлын тэсвэрлэлтийг судалж тогтоох нь нэн тэргүүнд хүлээгдэж байсан үр дүн юм.
Энэхүү бүтээлд олон жил нэг төрлийн гербицидийг дараалан хэрэглэснээр тариалангийн талбайд хог ургамлууд тэсвэртэй болдгийг судлан тогтоосонд шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн ач холбогдол оршино.
ДҮГНЭЛТ
1. Төв аймгийн Борнуур сумын уринш-буудайн сэлгээнд 16 овгийн, 22 төрлийн, 23 зүйлийн хог ургамал тэмдэглэгдсэнээс 11 зүйл буюу
47.8% нь нэг наст, 2 зүйл буюу
8.7% хоёр наст, 10 зүйл буюу
43.5% олон наст, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын буудайн талбайд 17 овгийн, 26 төрлийн, 26 зүйлийн хог ургамал тэмдэглэгдсэний 13 зүйл буюу 50%-ийг нэг наст, хоёр зүйл буюу
7.7%-ийг хоёр наст, 11 зүйл буюу
42.3%-ийн олон наст хог ургамал тус тус тархсан байна.

2. Дикамба, Магнум зэрэг гербицид нь Chenopodium album, Polygonum convolvulus, Nonea pulla зэрэг хог ургамалд муу үйлчилж навчны эпидермийн эсийн хана эвдэрч гүн нугаларах, амсрын байрлал далд хэлбэрт орох, навчны зөөлөн эдийг бүрдүүлэгч баганалаг болон хөвсгөр эдийн эсийн хана эвдрэх зэрэг өөрчлөлт орж транспираци болон фотосинтезийн эрчим буурч навчны эс, эдийн үйл ажиллагааг зогсонги байдалд орж байгаа ч иш, үндэсний эс, эдэд бүрэн үйлчилдэггүйг тогтоов.

3. Чөдөр тарна, Цагаан лууль, Хүрэн ягаан ноной зэрэг зүйл ургамлын иш, үндэсний зузаан ханатай, голдоо хөндий эдүүдэд гербицидийн нөлөөгөөр жижиг толбо ихээр хуримтлагдан тухайн эрхтний үйл ажиллагааг сааталд оруулж, аажимдаа үйл ажиллагаа идэвхжин хэвийн байдалд шилжин сэргэн ургадаг болохыг тогтоов.

4. Хавсан болон цомхотгож боловсруулсан уриншийн дараах буудайн талбайд хог ургамлын эсрэг Дикамба
0.19 л/га тунд
93.1%, Фенизан
0.18 л/га тунд
93.8%, Балерина
0.4 л/га тунд
91.6%-ийн техник үр дүн үзүүлж, ургац нь хяналт болон бусад хувилбараас 1.0-1.9 ц/га-аар илүү байв.

5. Буудайн үрэнд пестицидийн үлдэгдэл стандартаас бага, гербицид хэрэглсэн хөрсөнд тарьсан рапсын соёололт 86-96%, түүний иш навчинд шарлах, харлах шинж тэмдэг ажиглагдаагүй бөгөөд хөрсний бичил биетний ерөнхий тоо хяналтын хувилбартай ойролцоо байсан ба хонхот имфузор, ногоон эвглен, дугариг хорхой, ац хөлтөн /доод шавьж/ зэрэг илэрч байгаа нь пестицидийн үлдэгдэлгүйг нотолж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 383
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :