Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Кесар мэс заслын аргыг төгөлдөржүүлэх нь



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1654
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : умай, стандарт, сорви, кесар, төрлөг

Аннотаци

Сэдвийн ач холбогдол
Кесар мэс заслын давтамж улам нэмэгдэж байгаатай холбоотойгоор эх барихын шинжлэх ухааны өмнө умайдаа мэс засал хийлгүүлсэн эмэгтэйн жирэмслэлт ба төрлөгийг хэрхэн яаж удирдах тухай шинэ асуудлыг дэвшүүлж байна. Кесар мэс заслаар төрүүлсэн тохиолдлын материалд дүн шинжилгээ хийсэн материалаас үзэхэд тухайн мэс заслын тооны өсөлт эх ба нярай хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн олон талт, бүрдмэл асуудлыг шийдвэрлэсэнгүй, эхийн тэх тусмаа перинаталь өвчлөл, эндэгдлийг бууруулсангүй, харин ч эх барихын мэргэжлийн чадавхийг мэдэгдэхүйц багасгажээ (Leung et al, 1993; Sarno et al, 1989; Sze-ya et al 1984). Төрөх замаар төрүүлсэнтэй жишихэд кесар мэс заслын үед эх эндэх эрсдэл 10-26 дахин ихэсдэг байна (Lyon et al, 1987). Эрдэмтэн V. Unzeiting-ийн (1987) судалгаагаар кесар мэс заслын дараа 8 эх тутмын нэгд нь үрэвсэлт өвчин үүссэн байна.
Мэс заслын дараах өвчлөлийн бүтцийн тэргүүн байранд умайн үрэвсэл орж байна. Энэхүү асуудлыг шийдвэрлэхэд, нэг талаас, үндэслэлгүйгээр мэс заслаар төрүүлдэг тоог цөөрүүлэх, гол нь төрлөгийн хүндрэлийн явцыг, ургийн эмгэг байдлыг оношлож эмчлэх үйл ажиллагааг сайжруулах, умайдаа сорвитой жирэмсэн эмэггэйчүүдийг төрөх замаар төрүүлэх, нөгөө талаас мэс заслын дараах хүндрэлээс сэргийлзх аргыг боловсронгуй болгох асуудал чухал үүрэг гүйцэтгэнэ. Ийнхүү кесар мэс засал хийх аргыг боловсронгуй болгох, халдварын хүндрэлээс сэргийлэх, умайдаа сорвитой жирэмсэн эмэгтэйчүүдийг төрүүлэх аргуудын талаар хийгдсэн судалгааны ажил манай улсад байхгүй байгааг үндэслэн судалгаа хийсэн юм.
Судалгааны ажлын зорилго, зорилтууд
Өөрийн орны нөхцөлд кесар мэс заслаар төрүүлэх үед учирч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэлийг эмчлэх, мэс заслын аргыг боловсронгуй болгох технологийг боловсруулж мөрдүүлнэ.
1.Кесар мэс засал хийж нярайлуулсан материалыг тохиолдол-лавлагааны /ретроспектив/ аргаар бүсчилж судлан, хүндрэл гарахад нөлөөлж байгаа шалтгаант хүчин зүйлсийг нарийвчлан тогтооно.

2.Кесар мэс засал хийх хамгийн ашигтай аргыг өөрийн орны эх барихын практикт нэвтрүүлнэ.

3.Түрүүнд нь кесар мэс заслаар төрүүлсэн эмэгтэйчүүдийн дараачийн төрлөгийн үед умайн сорвиноос эд авч гистологийн бүтцийг судалж эдгэрэлт, нөхөн төлжилтийн явцад үнэлгээ өгнө.

4.Кесар мэс заслын дараах умайн сорвины хэлбэршиж нөхөн төлжих тавиланд оношлогооны, эмнэлзүйн, чанд авианы ба морфологийн шинжилгээний аргуудын үр дүнд үнэлгээ өгөх замаар дараачийн жирэмслэлт ба төрөлтийн явцыг хянах, төрүүлэх аргыг сонгох, төрлөг удирдах шалгуур
боловсруулна.
Шинжлэх ухааны шинэлэг тал
Өөрийн орны эх барих салбарын практикт кесар мэс заслын үе дэхь умайн зүслэгт булчин-булчин гэсэн нэг эгнээ оёдлыг шимэгддэг нийллэгжүүлсэн "викрил" утсаар оёж, түүний үр дүнг үнэлсэн юм. Хэвлийгээр төрүүлсэн нөхцөлд мэс заслын өмнөх, явцын болон дараах үед халдвараас урьдчилан сэргийлэх бүрдмэл-ялгавартай хандах арга боловсруулсан ба умайдаа сорвитой жирэмсэн эмэгтэйд давтан кесар мэс засал хийх заалтуудыг тодорхойлсон.
Түрүүнд нь кесар мэс засал хийлгүүлсэн эмэгтэйчүүдийн умайн сорвины нөхөн төлжих процессыг үнэлэх эмнэлзүйн морфологийн ба чанд авиан шинжилгээний шалгуурыг буй болгосон. Кесар мэс засал хийлгүүлсэн эмэгтэйчүүдийг хянах, төрөх хугацааг тогтоох, ямар аргаар ерөндөгжүүлэх зарчим боловсруулсан.
Ажлын практик ач холбогдол
Кесар мэс заслын дараа эмэгтэйг хянах зарчим боловсруулснаар "хүсээгүй" жирэмсний тоог цөөрүүлэх, "хүссэн" жирэмсний хугацааг тодорхоилох, сорвиор умай урагдах эрсдлийг бууруулах, дараачийн жирэмсний явцыг прогнозчлох, төрүүлэх аргыг сонгож хэрэгжүүлэх зэрэг чухал асуудлуудыг тал бүрээс нь нягтлан тусгасан "Кесар хагалгааны мэс заслын" стандартыг боловсруулан баталгаажуулж, хот ба хөдөөгийн эх нялхсын байгууллагуудын үйл ажиллагаанд нэвтрүүлээд байна. Шимэгддэг, нийллэгжүүлсэн "викрил" утсаар булчин-булчинд нэг эгнээ дагнасан оёдол тавих аргыг эх барихын практикт нэвтрүүлснээр умайн эдийн эргэж нөхөн төлжих хамгийн тааламжтай нөхцөл бүрдүүлсэн. Умайн сорвины нөхөн төлжилтийн байдлыг үнэлэх эмнэлзүйн, морфологийн ба чанд авианы шинжилгээний шалгууруудыг буй болгосноор умайд мэс засал хийлгүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийг удирдах, төрүүлэх аргыг тодорхойлох боломжийг бүрдүүлсэн.
Эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлсэн байдал
Кесар мэс заслаар төрүүлэх үед оёдлын нийллэгжүүлсэн, шимэгддэг материал (викрил, бусад) ашиглаж умайн зүслэгийн булчин-булчинг нийлүүлж нэг эгнээ оёдлоор оёх аргыг Улаанбаатар хотын эрүүл мэндийн газрын харъяа Клиникийн I амаржих газрын эмнэлзүйн практикт нэвтрүүлэв.
Судалгааны ажлаас урган гарсан үндсэн материалыг мэргэжих дамжааны, мэргэжил дээшлүүлэх болон мэргэжлийн зэрэг хамгаалах эмч нарын сургалтын хөтөлбөрт оруулан зааж байна. "Кесар хагалгааны мэс засал" (Монгол улсын стандарт. MNS- 5221:2002, Албан хэвлэл. Стандарчлал хэмжил зүйн төв. Улаанбаатар хот) стандартыг боловсруулан баталгаажуулж хот ба хөдөөгийн эх нялхасын эмнэлэгийн байгууллагуудын үйл ажиллагаанд мөрдүүлэв.
Хамгаалахаар дэвшүүлж буй асуудлууд
1.Кесар мэс заслаар төрүүлэх үед учирч болох хүндрэлээс сэргийлэх, хүндрэлийг эмчлэх иж бүрдмэл арга хэмжээний тухай

2.Өөрийн орны эх барихын салбарт кесар мэс засал хийх үед умайд дагнасан оёдол тавих аргын мөн чанар

3.Түрүүнд нь кесар мэс засал хийлгүүлсэн жирэмсэн эмэгтэйчүүдийн умайн сорвины байдлыг үнэлэх эмнэлзүйн, чанд авианы ба морфологийн шинжилгээний шалгуур үзүүлэлтүүдийн ач холбогдол



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 145
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :