Зорилго: "Энэ ажлыг зориглон оролдох болсон учир" бол зохиогчийн дур зоригийн хэрэг биш, харин түүнээс өмнө дэлхийн алдарт хятадч монголч эрдэмтнээс зуун гучаад жилийн турш "МНТ"-ы судлалаар хийсэн судалгааны ажлын гол гол бүтээлийг гүн нарийн задлан шинжилж, утга учрыг нэгэд нэгэнгүй тунгаан бодсоор биеэ даасан гоц дүгнэлтэд хүрсний үр дүн мөн гэлтэй. " МНТ"-ны судлалаар дэлхийн алдарт хятадч монголч нараас энэ хугацаанд уг дурсгалт бичгийн уламжлан ирсэн хятад үсгийн галигаар тэмдэглэсэн монгол эх, түүнд хавсаргасан хятад хадмал болон товч орчуулга, холбогдох бүх түүхэн сурвалж бичиг, түүний дотор "МНТ"-ны ихэнх хэсгийг өөртөө багтаасан Лувсанданзан гүүшийн "Алтан товч" (үүнийг МНТ-ы жинхэнэ монгол бичгийн эх гэж үздэг) зэрэгт тулгуурлан дурсгалт бичгийн монгол эхийг элдэв тогтолцооны хуучин болон уйгуржин монгол, латинжин, орос зэрэг элдэв үсэг бичгийн галигаар сэргээн босгох, улмаар утгыг 20 шахам хэлээр орчуулж гаргах ажилд бүхий л эрдэм чадал, авъяас билэг, нөр их хөдөлмөрөө зориулсан бөгөөд тэр бүхний нь энэ бүтээлийг туурвигч гагцхүү монгол хэл, бичгийн тогтолцоо, түүний хувьсал хөгжил, тэдгээрийн утга судлал түүнчлэн нүүдэлчний соёл иргэншил, түүх, аман зохиолын судлалын үүднээс харьцуулан гүн нарийн судалсан байна. Шинэлэг тал: Хятад тэмдэг үсгийн галиг эхийг анх бичигдсэн бичгийн уг эхээс шууд үсэгчлэн сэргээж сийрүүлээгүй юм байна гэсэн дүгнэлт хийх нь зүй ёсны бөгөөд их л шинжлэх ухааны үндэстэй гэж үзжээ. Нууц товчооны хятад галиг үсгийн эхэд бусад монгол бичигт огт байхгүй онцлог байгаа нь тохиолдлын санамсаргүй алдаа гажуудал хэрхэвч бус харин урьд эс олдож, эс нээгдсэн ямар нэг өөр бичгийн тогтолцооны шинжтэйг илрүүлэн олжээ. Худам бичгийн сийрүүлэг эхийг хэрхэн ийнхүү ондоогоор сэргээн босгох болсныхоо учир шалтгааныг зохиогч "Оршлын оронд" гэсэн товч төгсгөл буюу учирлалд цухас тэмдэглэн дурдсан байна. Энэ бүх учирлалаас үзвэл зохиогчийн "МНТ"-д худам монгол бичгийн сийрүүлэг эх орос, латин, хуучин, уйгуржин монгол зэрэг элдэв үсгээр урьд эрдэмтний сэргээн босгосон бүх эхнүүдээс зарчмын буюу чанарын эрс ялгаатай шинэлэг бөгөөд шинжлэх ухааны үүднээс маш сонирхолтой, шинэ бүтээлч сийрүүлэг болсон гэж болно. Дүгнэлт: Энэ бичиг гагцхүү Чингис хааны "нууц товчоо" буюу нууц түүхийн уг эхээс олдож, өөр хаанаас ч олдоогүй өдий хүрсэнээс түүнийг монголчуудын дан ганц нууц түүхээ бичиж нууцлан хадгалахдаа хэрэглэж байсан ХУДАМ (удмын) бичиг ( буюу овгийн түүхийн бичиг) гэгддэг нууц бичиг байжээ гэсэн нууц бичиг байжээ гэсэн хурц нэвтэрхий дүгнэлт гаргажээ. Товчлоод хэлэхэд номын "Зарим үг, хэллэгийн тайлбар" гэсэн энэхүү хэсэг нь зохиогчоос насан туршдаа дурсгалт бичгийн үг нэг бүрээс тодорхойгоос ерөнхий уруу нь ширхэг ширхэгээр нь шоргоолж мэт зөөж хулгана мэт хураасаар насан туршдаа олж авсан, ойлгож мэдсэн, нэгжиж хайсан, нэхэж сэргээсэн бүхнээ "МНТ"-ы худам монгол бичгийн сийрүүлэг эх" гэсэн нэгэн бүхлийн бухалд нэгтгэн овоолоод энэхүү хэдэн зуун үгийн эрээвэр хураавар эмх замбараагүй тайлбарын сиймхий бүтээлгээр түр бүтээгээд орхисон лугаа үлгэр нэгэн бүтээл болжээ.