Бид энэ судалгааны ажилдаа англи, монгол хэлний зүйр цэцэн үг буюу зүйрлэсэн хэллэгийг сонгож, эдгээр илэрхийлэлд өөр өөр соёл-хэлт үндэстний уламжлалт соёл, сэтгэлгээ хэрхэн илэрч байгааг шинжлэн тайлбарлахыг зорьж байгаа билээ. Зүйр цэцэн үгийг аман зохиолын бие даасан нэгэн төрөл болохынх нь хувьд цуглуулан эмхэтгэж, дээжлэн хэвлүүлэхийн зэрэгцээ түүний хэлбэр, агуулга, үүрэг, тархац дэлгэрэл, хувилбар, шүлэглэлийн онцлог, хэл найруулгыг уран зохиол шинжлэлийн үүднээс судалсан судалгаа багагүй боловч, түүнийг англи, монгол соёл-хэлтний сэтгэлгээний онцлогийг тээгч утга соёлын цогц бүтээл болох талаас нь хэлний соёл судлал, хэлний угсаа судлалын үүднээс шинжлэн судалсан судалгааны дорвитой бүтээл одоог хүртэл хомс учир энэхүү сэдвийг сонгосон болно. Нөгөөтээгүүр, монголын эрдэмтэн, судлаач, дуун хөрвүүлэгчдийн эдүгээг хүртэл зохион туурвисан монгол болон англи, орос, герман, хятад, япон, солонгос зэрэг хоёр, гурван хэлний зүйр цэцэн үг, хэлц, хэллэгийн харьцуулсан, зэрэгцүүлсэн толь бичиг олон байх ба аргазүйн хувьд ихэнх толь бичигт хэлц, хэллэгийг утгачлан орчуулах юм уу, утга дүйх хэлцээр нь шууд дүйлгэн оноож орчуулсан байдаг. Уламжлалт аргазүйгээр туурвисан зүйрлэсэн хэллэгийн толь бичиг нь өөр өөр соёл-хэлтний хэлний илэрхийллийн утгыг утгын өнгөн бүтцийн хүрээнд өөриймшүүлж ойлгоход ач холбогдолтой боловч, тухайн гадаад хэлний тогтвортой илэрхийлэл болох зүйрлэсэн хэллэгээр илэрч буй үндэстний сэтгэлгээний тогтсон хэв шинж, жишиг хэмжүүр, сэтгэлгээний онцлог хийгээд нийтлэг талыг утгын гүн бүтцийн хүрээнд зөв танин мэдэж, орчуулгыг оновчлох аргазүйн хувьд хүрсэн нэг газраа зогссон байдалтай болсноос гадна зүйрлэсэн хэллэгийн дүйлгэ тэр бүр оновчтой биш байгаа нь бас аргазүйн шинэ хараа хэрэгтэй болсны илрэл гэж үзэж байна.
Судалгааны ажлынхаа үр дүнд дараах дүгнэлтийг гаргав. Үүнд:
• Монгол, англи хэлний зүйр цэцэн үгийн бүтэц-утгазүйн харьцаа хамаарал, түүний хэв шинжийн ерөнхий онцлогийг ажиглавал, монгол зүйрлэсэн хэллэг нь хос мөрөөс бүтэж, эхний мөр нь голдуу, хэн хүний бараг нийтлэг мэддэг, бодит юмсын шинжийг өгүүлж, удаах мөр нь эхний мөрт өгүүлсэн агуулгыг адилсуулж(analogy), хийсвэр зүйлийн тухай өгүүлсэн байгаа бол англи зүйрлэсэн хэллэгт адилтгал, зүйрлэл, ёгтлол, егөөдөл, ихэсгэл, багасгал, зэрэгцүүлэл, толгой холбох, сүүл холбох гэх мэт найруулгын дүрслэх ур маягаар бүтдэг хэдий ч монгол зүйрлэсэн хэллэг шиг адилсуулсан хос мөр бүхий өгүүлэмжээр санааг зүйрлэлгүй, дашлуулахгүйгээр шууд хийсвэрлэсэн юм уу, хүүрнэн тайлбарласан(prose) шинжтэй байна.
•Англи зүйрлэсэн хэллэг нь их төлөв нэг төрлийн юм уу, нэг зүйлийн юмын харьцаанд тулгуурласан бол монгол зүйрлэсэн хэллэгт наад зах нь хоёр өөр зүйлийг, цаашилбал, дөрвөн өөр зүйлийг хос хосоор нь харьцуулан зүйрлэж, улмаар түүнийгээ багцалж нэгтгэн “хүн-хүн”, “хүн-мал”, “хүн-амьтан”, “хүн-хүний хэрэглээний зүйл”, “мал амьтан – түүний онцлог ааш авирын зүйл” зэргийг нэг утга санааны хоёр тал болгон илэрхийлж буй нь бүтэц – зохиомжийн хувьд ч, утга агуулгын хувьд ч өвөрмөц бөгөөд тэдгээрийн учрыг нэг бүрчлэн нарийвчлан шинжилсний үр дүнд уг хэллэгийн утга санааг бүрэн тайлах боломжтой болдгоороо давхар давхар хийсвэрлэл давамгайлсан зохиомжтой байна.
•Англи зүйр цэцэн үгийн бүрдэл нь уг үндэстний сэтгэлгээний онцлогийн тусгал болсон уугуул англи зүйр цэцэн үгс байхаас гадна эртний Египет (Аменэмопын заавар /Instructions of Amenemope), эртний Грек, Ромын их сэтгэгч нарын бүтээл, хэлсэн үг (Птахотпэгийн сургаал, Хомерын туульс, Эзопын үлгэр), Библийн судрын доторх Соломоны “сургаалт үгс”, Шекспирийн зохиол бүтээлээс гадна Ромын эзэнт гүрний (НТӨ 54 – НТ 410 он) ноёрхлын үеийн эдийн болон оюуны соёлын нөлөөнөөс эх үүдэлтэй ажээ.
•Харин монгол зүйр цэцэн үг нь таван хошуу малыг амьдарлагынхаа үндэс болгон, байгальд дасан зохицож, нүүдэллэн амьдрах онцлогтой ахуй байдал, соёлын онцлогоос үүдсэн тодорхой эзэн зохиогчгүй “аман сургамж”-аас үүдэж хэвшсэн байна. Үүнээс гадна бурхны шашин Монгол нутагт дэлгэрсэнтэй холбогдон, эртний Энэтхэгийн мэргэдийн сургаал номлол болох “Панчатантра”, “Ардыг тэжээхүй дусал нэрт шаштир”, мөн Энэтхэгийн сургаалын шүлгээс нөлөөтсөн Төвдийн “Сайн үгт эрдэнийн сан Субашид”; “Субашид”, “Рашааны дусал” зэрэг сургаалын шүлгийн нөлөө орсон Монголын “Оюун түлхүүр”; “Чингисийн билиг сургаал”, “Сайн номлолт эрдэнийн сан”, “Ардыг тэжээхүй дусал нэрт шаштирын тайлбар чандманийн чимэг” зэрэг сургаалын шүлэг, үлгэрийн цоморлиг монгол түмнээ түгж, түүнээс шууд авсан юм уу, дам уламжилж үүсэн хэвшсэн монгол зүйр цэцэн үг ч цөөнгүй байна.
•Хоёр хэлний нэлээд олон зүйрлэсэн хэллэгийн агуулга нь монгол, англи соёл-хэлтний соёлжлын төлөв байдлаас үүдэлтэй нь бас нэг онцлог юм. Тухайлбал, англи соёл-хэлтний зүйрлэсэн хэллэгт бодгальжмал (individualistic) соёлын хэв маяг, монгол соёл-хэлтний зүйрлэсэн хэллэгт хамтажмал (collectivist) соёлын хэв маяг тус тус тодорхой илэрчээ.
•Өөр өөр соёл-хэлтний зүйрлэсэн хэллэгийн “утга дүйх” ойлголт нь маш харьцангуй байна. Нэг зүйлийн тухай хоёр илэрхийлэл нь ерөнхий утгаараа харилцан дүйж байгаа гэж үзэж болох ч тухайн соёл-хэлтний сэтгэлгээний тогтвортой хэв шинж, түүний жишиг хэмжүүр, үндэстний үнэлэмж, яруу илэрхийлэх арга үүрэг, хамсмал утга(connotative meaning), өнгө аяс(nuance)-ын аль нэг шинжээрээ заавал ялгарч байх онцлогтой байдаг учир “бүрэн” дүйдэггүй гэж үзэж болно. Энэ нь монгол, англи соёл – хэлт үндэстэн угсаатны аж төрж ирсэн газар нутаг, байгаль, цаг агаар, бүтээн цогцлоож, уламжлан өвлүүлж ирсэн эдийн болон оюуны соёлын өвөрмөц онцлогоор нөхцөлдсөн уламжлалт аж төрөх ёс, амьдрах арга ухаан, ёс заншил, зан үйл, шашин шүтлэг, тэр бүхнээс шалтгаалан үүдэх хорио цээр, ерөөл бэлгэдэлтэй салшгүй холбоотой юм
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0