Үндэслэл
Манай орны байгаль, цаг уурын болон ахуй амьдралын өвөрмөц онцлогтой нөхцөлд хүн амын дунд бүсэлхий нурууны дискийн ивэрхий харьцангуй элбэг тохиолдож байна. Мэдрэл судлал, ММЗ-ын салбарт компьютерт томографи, соронзон томографи шинжилгээ, бичил мэс засал болон оношлогоо эмчилгээний сүүлийн үеийн ололтууд практикт нэвтэрснээр БНДИ-ийн онош, мэс засал эмчилгээний өмнө нь баримталж ирсэн заалтуудыг шинэчлэн боловсруулах шаардлага гарч байна. Иймд БНДИ-ийг эрт оношлон мэс засал хийх хугацааг богиносгон, мэс засал эмчилгээний заалт, аргыг оновчтой, шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоох нь бидний судалгааны ажлын үндэслэл болно.
Зорилго
БНДИ-ийн онош, мэс засал эмчилгээний аргуудыг харьцуулан судалж, нугасны мэдрэлийн язгуурыг чөлөөлөх аргыг боловсронгуй болгоход оршино.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй
Судалгааг эмнэлзүйн туршилт судалгааны зэрэгцүүлсэн загвараар 2004-2008 онуудад ГССЗКЭ-ийн Тархи, нуруу нугасны гэмтлийн ба “Ачтан” клиник эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасгуудад бүсэлхий нурууны дискийн ивэрхийн оношоор мэс засал эмчилгээ хийлгэсэн 178 хүнд ЭМШУИС-ийн Анагаахын Ухааны Сургуулийн эрдэмтдийн зөвлөлөөр батлагдсан аргачлалын дагуу хийлээ. Бүсэлхий нурууны дискийн ивэрхийг асуумж, ерөнхий ба мэдрэлийн үзлэг, 3 байрлалын рентген зураг, миелограмм, компьютерт томографи, соронзон томографи шинжилгээнүүдийг хийж оношлов. Судалгаанд 15-78 насны нийт 178 тохиолдлыг хамруулсан. Судалгааны үр дүнг SPSS-16 программ ашиглан, бүлгүүдийн хоорондын ялгааны статистик ач холбогдлыг тооцож, зохих таамаглалыг дэвшүүлж, дүгнэлт гаргав.
Үр дүн
1. Судалгаанд хамрагдсан нийт тохиолдлын
79.29%-д бүсэлхий нурууны өөрчлөлтийн гол шинж болох Баррагийн гурвалсан хамшинжийг (бүсэлхий нурууны баганын хазайлт, дискийн өндөр намсах, физиологийн хотойлтыг арилах) рентген зургаар тогтооход хамгийн хялбар, түгээмэл арга байсан бол дискийн бүтэц, байрлалыг нарийн тогтоох, нугасны мэдрэлийн язгуурын дарагдлыг тодорхойлоход MRI шинжилгээний арга нэн тохиромжтой байв.
2. БНДИ-ийн үед мэс засал эмчилгээний аргыг сонгох үндсэн шалгуур болох эмнэлзүйн шинж нь оношлогооны аргуудаар баталгаажсан бөгөөд нугасны мэдрэлийн язгуурын дарагдлын шинж тод илэрсэн тохиолдолд мэс засал эмчилгээ илүү үр дүнтэй байна.
3. Нугасны мэдрэлийн язгуурыг бүрэн чөлөөлөхийн тулд 90 градусын Керрисон багажаар сувгийн нүхний ясыг дотор талаас нь хазуулан бичил цахилгаан өрмөөр язгуурын гарах сувгийг томсгох аргыг
20.79%-д хэрэглэсэн бөгөөд интраламинар хүрцээр дискийг авснаар мэс заслын дараах нурууны өвдөлт эрт арилж эдгэрэлтийн явцыг хурдасгаж байна.
4. БНДИ-ийн үед мэс заслын аргыг зөв сонгож хэрэглэснээс эмчилгээний дараах үр дүн хамаарч байна. Уламжлалт мэс заслын аргын дараа
75.5%, бичил мэс заслын аргаар эмчилсэн тохиолдлын
83.7% нь бүрэн эдгэрсэн бөгөөд дээрх эмчилгээний аргууд нь статистикийн хувьд ялгаатай байна (p<
0.05). Мэс засал эмчилгээний дараах үр дүнг өвдөлт арилсан, мэдрэхүйн ба рефлексийн өөрчлөлт, хөдөлмөрийн чадвар сэргэлтээр тодорхойлон үнэлсэн болно.
Дүгнэлт
УМЗ болон БМЗ-ын үр дүнг харьцуулж үзэхэд уламжлалт аргаар хийгдсэн мэс засал
75.51%, бичил мэс засал
83.75%-ийн үр дүнтэй бөгөөд P<
0.01 түвшинд статитстик бодит ялгаатай болох нь тогтоогдов. БНДИ-ийн мэс засал эмчилгээний үед интерламинар хүрцээр дискэктоми хийх (
39.33%), ламинэктоми хийж диск авах (
15.73%%), интерламинар хүрцээр дискэктоми хийж язгуурыг чөлөөлөх (
20.79%), гемиламинэктоми хийж диск авах (
16.29%) аргуудыг сонгож хэрэглэх илүү оновчтой бөгөөд нугасны язгуур чөлөөлөх (
20.79%) шинэчилсэн арга нь нугасны мэдрэл-судасны багцыг бүрэн чөлөөлж, өвдөлт богино хугацаанд (2-3 хоногт) арилж, нугасны мэдрэлийн үйлийн алдагдал эрт сэргэх боломжийг бүрдүүлдэг болох нь батлагдлаа.