Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэлний нутгийн аялгуунуудын авианы харьцуулал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 2107
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : Аман аягуу, утга зохиол

Аннотаци

Энэхүү нэг сэдэвт зохиол нь удиртгал, тэргүүн ба дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, номзүй хавсралтуудаас бүрдэнэ. Нутгийн аялгуу судлал нь асар их судлагдахуун, арвин судалгаа бүхий хэл шинжлэлийн чухал нэг салбар билээ. XIX зууны сүүлийн хагасаас эхлээд эдүгээ хүртэл зуу гаруй жилийн турш олон арван эрдэмтэн монгол хэлний нутгийн аялгуунуудыг судалсаар иржээ. Ийнхүү утга зохиолын хэл болон нутгийн аялгуунуудын мөн чанар, ялгаа зааг, нийтлэг ба өвөрмөц талуудыг судалсан эрдэмтдийн санал, дүгнэлтийг ерөнхийлөн хэлбэл, Тухайн ард түмний улс төр, соёл, шинжлэх ухааны бүх салбарт хэм тэгш үйлчилж байгаа, харьцангуй боловсорч, тогтворжсон зөв бичих, дуудах, найруулгазүй, үгийн сангийн хэм хэмжээ бүхий үндэстний хэлийг утга зохиолын хэл гэдэг бөгөөд тэр нь аман ба бичгийн хэлтэй байдаг ажээ. Утга зохиолын хэл нь, хэлнийхээ ерөнхий шинж, зүй тогтлыг хадгалсан боловч өөр хоорондоо өвөрмөц ялгаа бүхий нутгийн аялгуунуудад хуваагдах бөгөөд тэдгээр нутгийн аялгуунуудын дотроос тодорхой үзүүлэлтүүдээрээ ялгаран товойсон, утга зохиолын хэл тогтворжин хөгжих шимт хөрс болсон тэр аялгууг утга зохиолын хэлний суурь аялгуу хэмээн нэрлэдэг байна. Нутгийн аялгуун доторх, газар нутаг болон аялгууны шинжээрээ ялгавар бүхий хэсэг бүлэг аялгуунуудыг аман аялгуу; аман аялгуун доторх, өөр хоорондоо ихэвчлэн угсаа гарвалын хувьд ялгавар бүхий, мөн аялгууны шинжээрээ багахан ялгаатай бэсрэг аялгуунуудыг салбар аман аялгуу хэмээдэг. Өөрөөр хэлбэл, утга зохиолын хэл нь нутгийн аялгуунуудад, нутгийн аялгуу нь аман аялгуунуудад, аман аялгуу нь салбар аман аялгуунуудад хуваагддаг хэмээх нэгдсэн ойлголтыг чухалчлан авч болох юм. Аливаа нэгэн хэлэнд олон нутгийн аялгууны зэрэгцээгээр уул аялгуунуудыг нэгтгэн холбосон, тухайн үндэстний бүх ард түмэнд нэгэн адил ойлгогдох нийт дундын дээд хэлбэр байх ёстой нь маргаангүй юм. /26:48/ Энэхүү нийт дундын дээд хэлбэрийг эрдэмтэд "утга зохиолын хэл", "төв аялгуу", "баримжаа аялгуу" гэх мэт янз бүрээр нэрлэдэг бөгөөд бид хэлшинжлэлийн уламжлалт ойлголтыг дагаж "утга зохиолын хэл" хэмээх нэр томьёог хэрэглэв. Түүнчлэн, академич Ш.Лувсанвандан 1959 онд бичсэн "Монгол хэл аялгууны учир" /26/ хэмээх үгүүлэлдээ "нутгийн аялгуу - аман аялгуу - салбар аман аялгуу" хэмээх нэр томьёог анх томьёолон хэрэглэснийг бид баримталсан болно. Нийгмийн задрал ба нэгдэл нь хэлний задрал, нэгдлийг үүсгэдэг. Нутгийн аялгуунуудын зөрөө үүсэх нь олон талын шалтгаантай. Хүн амын тархалт, газарзүйн байршил. Орон нутгийн алс зайдуу болохыг дагалдан хүмүүсийн харилцаа багасч, улмаар он цагийн уртад харилцаа тасрахад ч хүрдэг. Үүнээс болж адилхан байсан хэлэнд нь адил бус хувирал гарч тус тусдаа онцлогтой болно. Адил бус түүхийн нөхцөл байдалд зарим аялгуу нь бас бие даасан хэл болон хөгжиж ч болох юм. Хэсэг бүлгээр нүүдэллэн шилжих явдал. Үүнээс болж амьдрал ахуйн нэгдмэл цогц нь хэд хэдэн хэсэг болж хуваагдаад он жил удахад хоорондох харьцаа тасардаг. (Жишээ нь Афкaнистаны Моголчуудын хэл ингэж үүссэн.) Засаг захиргааны хуваарилалт. Энэ нь хүмүүсийн харилцаанд зохих хэмжээгээр харшлан, хэлэнд нөлөөлдөг. (Энэ аргаар Манж чин улс Монголын зарим аялгуутан ястнуудыг уусгах бодлого барьж байжээ.) Нутгийн аялгууны хөгжлийн ирээдүйг хураангуйлж үзвэл: Өөрийн онцлогоо хадгалж, нутгийн аялгууны хувиар үргэлжлэн орших Онцлог нь улмаар арилж, бусад нутгийн аялгуутай нэгдэх Онцлог нь улам ихэсч, биеэ даасан хэл болж хөгжих /88:6-11/ гэсэн гурван зүйлээс өөр байж үл чадна. Олон нутгийн аялгуу, аман аялгуу нь бичгийн хэлийг бодвол хэлний балчир үеийн ул мөр, баялаг материалыг хадгалж байдаг учраас монгол хэлний түүхэн хөгжлийг илрүүлэх, түүний дотоодын хуулийг мэдэх, улмаар тэдгээрийн цаашдын хувьслыг хэлний хөгжлийн үе шат тус бүрээр нөхөн тогтооход монгол, хятад, араб-перс, дөрвөлжин үсгээр тэмдэглэн үлдээсэн бичгийн дурсгалуудаас гадна олон нутгийн аялгууг хам ба цуваа цагийн үүднээс харьцуулан, аливаа хэл аялгууг бүтээсэн ард түмний нь түүхтэй нягт холбон судлах явдал эрхэм чухал юм. Монгол үндэстний хэлний суурь нь халх аялгуу болж, бусад нутгийн аялгуу нь өөрийн өвөрмөц байдлаа алгуурхнаар алдаж, монгол үндэстний хэлэнд шингэж эхэлж байгаа боловч монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн уламжлал болон нутгийн аялгуунууд хадгалагдсаар байгаа бөгөөд орчин үеийн бичгийн хэлэнд жигдрэн уусч байгаа учир эдүгээ монгол хэлэнд ямар ямар нутгийн аялгуу байгааг бүртгэн тогтоох, тэдний үгсийн санг судлан бичгийн хэлийг баяжуулах, нутгийн аялгууны газрын зураг зохиох, тэдгээрийн онцлогийг судалж нягтлах, аман зохиолыг хэвлүүлэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй байгаа тухай монгол хэл шинжлэлийн олон эрдэмтэд /40:66, 72:1, 26:36/ тэмдэглэсэн байдаг. Иймээс нутгийн аялгуу судлал нь хэлний түүхэн судлал, түүний чиг хандлагыг хэлний түвшин бүрээр тодорхойлоход чухал хувь нэмрээ оруулдгаараа түүхэн хэлний зүй болоод авиазүй, хэлзүй, эхзүй-найруулгазүй, үгийн сан судлал зэрэг хэл шинжлэлийн уламжлалт бүхий л салбаруудад; түүнчлэн орчин үеийн хэл шинжлэлийн хавсарга ухаанууд болох хэлний ялгаат байдал, ялангуяа нэг хэлэн дэх хувилбарыг сонирхдог, нийгэм хэл шинжлэл, хэл ба хүний оюун ухааны хоорондын холбоог судалдаг сэтгэц хэл шинжлэл, хэл ба ард түмний угсаа гарвалыг холбон судалдаг угсаа хэл шинжлэлд /97:154-163/ тус тус холбогдох нарийн судалгаа юм. Хэлний шинжлэлд ийм хувь нэмрийг монгол төрөл хэлнүүд болоод монгол хэлний аялгуунуудын, хэлний бүх түвшин дэх харьцуулсан судалгааны үр дүнд оруулах нь тодорхой бөгөөд ийм ч зорилгын үүднээс монгол хэл шинжлэлд нутгийн аялгуу судлал зуу гаруй жилийн туршид олон арван эрдэмтдийн нөр их хөдөлмөрөөр хөгжиж, олон монгол аялгууны туулж өнгөрүүлсэн урт удаан хөгжлийн зам, бараг аялгуу бүрийн өвөрмөц онцлогийн түүхэн амьд гэрч болжээ. Нутгийн аялгуунуудын аман ярианы өвөрмөц онцлог нь хэлний дотоод бүтэц бүрэлдхүүн, зохион байгуулалт хэлний түвшин бүрт илэрдэг. Авиазүйн түвшинд тухайн аялгууны анхдагч мөн чанар, язгуурын онцлог хадгалагдан үлдсэн байдаг. Хэлзүйн түвшин бол монгол хэлний олон аялгууны хувьд харьцангуй тогтвортой бөгөөд гадны нөлөө төдийлөн их тусдаггүй. Үгийн сан болоод найруулгазүй нь хэлний хамгийн хөдөлгөөнтэй, гадаад хэсэг бөгөөд орчны нөлөөллийг хамгийн түрүүн тусгадаг тул эхзүйн түвшинд тухайн аялгууны язгуурын мөн чанар бус, орчны нөлөөлөл илүү ихээр тусаж байдаг. Иймд нутгийн аялгуунуудын онцлогийг хэлний бүх түвшинд цогц хэмжээний судалгаа хийснээр бүрэн тодорхойлж чадах нь ойлгомжтой боловч хэлний анхдагч буюу суурь - авиазүйн түвшний мөн чанар, ялгаа зөрөөг хамгийн нухацтай, хамгийн түрүүн судлах ёстой бөгөөд ийм ч учраас нутгийн аялгуу судлалын бүтээлүүдийн ихэнх хувь нь авиазүйд чиглэсэн байдаг.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 597
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :