Энэхүү бүтээл нь удиртгал, үндсэн гурван бүлэг, 10 дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралтыг агуулсан нийт 150 хуудас бичлэг, 40 хүснэгт, 45 зургаас бүрдэж байгаа болно. Сэдвийн үндэслэл. Олон улсын худалдаа улам бүр либеральчлагдсаар байгаа өнөө үед дэлхийн хаа ч хэрэглээ олон улсынх болж, хэрэглээгээ даган бүтээгдэхүүн, үйлчилгээний үйлдвэрлэл улам бүр даяаршлагдаж байна. Хэрэглээ, үйлдвэрлэлээ дагаад санхүүгийн зах зээл интеграцчилагдаж байна. Санхүүгийн менежментийн олон улсын хэмжүүрүүд болох гадаад валютын арилжаа, улс төрийн риск, зах зээлийн төгс бус байдал, таатай боломжийн нэмэгдэх асуудал нь тусгаар улсын валют гаргах эрх, өөрийн эдийн засгийн бодлогоо томъёолох, татвар ногдуулах, хил дамнасан хүмүүс, бараа, капиталын шилжилтийг зохицуулах чадамжаас хамаарна. Эндээс тухайн улсын эдийн засгийн байдлыг тодорхойлох нэг чухал үзүүлэлт бол валютын ханш, түүний дэглэм, хэлбэлзэлийн мөн чанар юм. Судалгааны ажлын зорилго. Энэхүү ажлын зорилго нь төгрөгөөр илэрхийлэгдэх гол валютын ханшийн хэлбэлзэл, түүний зүй тогтол, нөлөөлөгч хүчин зүйлсийг, тэдгээрийн хоорондын харилцан хамаарлуудыг судлахад чиглэгдэнэ. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлж шийдвэрлэв. Үүнд: Валютын ханшийн зүй тогтлыг судлах арга зүйг тодорхойлох; Монгол улсын гадаад валютын зах зээл, валютын бодлого, түүний дэглэмийг судлан, төгрөгөөр илэрхийлэгдэх гол валютын Монгол улсын гадаад худалдааны төлбөр тооцоонд эзлэх байр суурь, цаашдын хандлага; Валютын ханшийн зах зээлийн үр ашигт байдал, долларын ханшийн цувааны фрактал бүтэцтэй эсэхийг тодорхойлох, нөлөөлөгч хүчин зүйлсийг валютын бүрийн хувьд тодорхойлох; акро эдийн засгийн төлөв байдлын стандарт функцүүдийн параметрүүдийг үнэлэх, шугаман бус HLM загвараар симуляц хийж үнэлэх; Валютын ханшийг удирдах шаардлага, урьдчилан таамаглах арга, загвар боловсруулах зэрэг болно. Судлах зүйл. Валютын ханшийн хэлбэлзэл, түүний зүй тогтол. Судалгааны обьект. Монгол улсын гадаад валютын зах зээл. Судалгааны ажлын онол арга зүйн үндэс. Уг диссертацийн ажилд шинжлэх ухааны судалгааны түгээмэл аргуудаас гадна статистик, эконометрикийн аргууд, санамсаргүй алхамт таамаглал ба үр ашигт зах зээлийн таамаглал, техник, суурь шинжилгээ, шугаман бус загварууд, HML загварыг ашигласан. Судалгааны ажлын шинэлэг тал. Уг ажлын шинжлэх ухааны үнэ цэнэ нь сүүлийн үед хэрэглэх болсон шугаман бус загварт тулгуурлан валютын ханшийн зүй тогтол, нөлөөлөгч хүчин зүйлүүдийн тоог тодорхойлж, HLM шугаман бус загвараар симуляци хийн, мөнгөний бодлогыг судалсан болно. Судалгааны ажлын практик ач холбогдол. Судалгааны үр дүнд боловсруулсан аргачлал, дэвшүүлсэн санал, зөвлөмжийг манай улсын банк, санхүүгийн салбарт хэрэглэх боломжтой. Диссертацийн ажлын бүтэц. Энэхүү бүтээл нь удиртгал, үндсэн гурван бүлэг, 10 дэд бүлэг, ерөнхий дүгнэлт, ном зүйн жагсаалт, хавсралтыг агуулсан нийт 150 хуудас бичлэг, 40 хүснэгт, 45 зургаас бүрдэж байгаа болно. Бүлэг I. Валютын ханшийг тодорхойлох арга, удирдах загвар. Монгол улс зах зээлийн эдийн засагт шилжиж, төгрөгийн ханш чөлөөлөгдөж, ханшийн хэлбэлзэл зах зээл дээрх өрсөлдөөний байр суурьт нөлөөлж, энэ нь валютын ханшийн эрсдэлийг хэмжих, удирдах шаардлагыг бий болгож байна. Манай улс дахь төгрөгийн ханшийн нөлөө худалдааны цар хүрээгээрээ дэлхийн эдийн засагт нөлөөгүй, ханшийн уналт гадаад өрийн дарамтыг бий болгоно, хэрэглээний гол бараа бүтээгдэхүүн(шатахуун)-ий зах зээлийн дэлхийн үнийн өсөлт, валютын ханшийн хөдөлгөөнөөс үүдэн инфляци буюу үнийн өсөлт явагдана. Манай улсын валютын ханш нь таван дэглэмийг дамжаад байна. Үүнд: 1.1980-1993 онд "тогтмол" ханшийн тогтолцоо (de jure),
2.1993-2001 онд "чөлөөтэй хөвөгч" ханшийн тогтолцоо (de jure),
3.2001-2006 онд "удирдлагатай хөвөгч" ханшийн тогтолцоо байна, (de jure, de facto),
4.2007-2008 онд "conventional peg" ханшийн тогтолцоотой(de jure, de facto),
5.2008 оноос "тогтвортой" ханшийн тогтолцоо, (de facto) Тайлбар: 2008 онд de jure ангилалаар "conventional peg" дэглэмд багтаж байгаа болно. Энэхүү дэглэмийн өөрчлөлт нь манай улсын бодлого, нөхцөлөөс хамаарахаас гадна Олон Улсын Валютын Сангийн дэлхийн валютын ханшийн тогтолцооны ангилалын өөрчлөлт, шинэчлэлтэй мөн холбоотой байв. Төгрөг нь хөрвөдөггүй валют, гадаад валют болж чадахгүй. Төгрөгийн ханшийн судалгаа нь өөр өөр үнэлгээнүүдийг өгдөг. Энэ нь хэрэглэж буй онол, өгөгдөл, эконометрикийн загваруудын ялгаатай байдалтай холбоотой. Эдгээр нь бүгд төгрөгийн ханшийн хөдөлгөөнийг таамаглахад тохиромжтой байхгүй нь тодорхой. Эдгээр онолыг хэдэн хүчин зүйл, хэдэн зах зээлийг хамруулж байгаагаас нь хамааруулж хэсэгчилсэн тэнцвэрийн загвар, ерөнхий тэнцвэрийн загвар, тэнцвэрт бус буюу хосолсон загвар гэж гурван төрөлд ангилж байна. Судалгааны үндсэн загвар болох HLM загвар нь хөгжиж буй орнуудын макро эдийн засгийн үзүүлэлтийг ашиглан валютын бодит ханшийн урт хугацааны төлөвийг тодорхойлдог. Санхүү, мөнгө, валютын ханшийн бодлогын тоон үзүүлэлтүүдээр хөгжиж буй орнуудын бодлого тодорхойлогчдын хэрэглэж буй макро эдийн засгийн төлөв байдлын стандарт функцийн параметрийг үнэлэх зорилготойгоор бүтээгдсэн загвар, валютын бодит ханшийн динамик судалгаанд тохиромжтой. Төгрөгийн ханш, инфляцийн оновчтой хүлээлтийг авч үздэг, 19 тэгшитгэлийн системийг тооцоолдог, шугаман бус загвар юм. Бүлэг II. Төгрөгийн ханшийн хэлбэлзлийн шинжилгээ. Монгол Улсын гадаад валютын зах зээлийн тойм судалгаа хийхэд: Гадаад худалдааны эргэлтийн 58%-ийг Хятад, 20%-ийг ОХУ эзэлдэг, Гадаад төлбөр тооцооны орох урсгалын 74%-ийг, гарах урсгалын 77%-ийг ам. доллароор хийгдэж байна. Хятадын юань орох урсгалын 21%-ийг, гарах урсгалын 9%-ийг; евро орох урсгалын 3%, гарах урсгалын 5%-ийг; иен орох урсгалын 2 хүрэхгүй хувийг, гарах урсгалын 4 орчим хувийг эзэлж, харин Канад доллар гарах урсгалын 3 гаруй хувийг эзэлж байна. Экспортын 70%-ийг эрдэс бүтээгдэхүүн эзэлж, үүн дотор зэсийн баяжмал нийт экспортын 43%-ийг эзэлж, түүнийг 100% Хятад улс руу сүүлийн хоёр жил гаргаад байна. Харин алт нийт экспортонд 12%-ийг эзэлж, түүний 76%-ийг Канад руу, 19%-ийг АНУ руу гаргасан байна. Мөн экспортын 9%-ийг цайрын хүдэр, 6%-ийг нүүрс эзэлж байна. Валютын ханшид нөлөөлдөг хүчин зүйлсүүд дээр эрдэмтэн судлаачдын санал нийлдэг гурван хүчин зүйл байдаг. Эдгээр нь инфляци, хүү, зах зээлийн психилоги юм. Худалдан Авах Чадварын Тэнцвэрт (Purchasing Power Parity) онолын харьцангуй хувилбараар валютын ханшийг таамаглахад вон, рублийн төгрөгөөр илэрхийлэгдсэн ханш л зөвхөн бодит үнэлгээтэй дөнгөж хамааралтай гарсан, бусад нь огт хамааралгүй гарсан нь энэ онолоор төгрөгөөр илэрхийлэгдсэн ханшийг таамаглах боломжгүйг харуулж байна. Гэхдээ төгрөгөөр илэрхийлэгдэх тухайн валютын ханш нь: дэлхийн экспортын зах зээл дээрх Америк, Япон, Хятадын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвартай харьцуулахад манай улсын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт таагүй нөлөө үзүүлж байна, дэлхийн экспортын зах зээл дээрх ОХУ, Солонгосын бүтээгдэхүүний өрсөлдөх чадвартай харьцуулахад манай улсын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварт таатай нөлөөг үзүүлж байна. хүүний түвшний тэнцвэрийн судалгаагаар манай улс мөнгөний хатуу бодлого баримтлан хүүний түвшинг нэмэгдүүлэхэд хадгаламжийн хэмжээ өсдөг, энэ нь манай улсын иргэдийн хадгамж байхаасаа илүү ОХУ-ын иргэдийн мөнгөн хадгаламж байх магадлал өндөр байдаг нь нотлогдож байна. Иймд ийм нөхцөл байдал нь манайд гадаадын иргэд мөнгө угаах нөхцлийг бүрдүүлж байна. Манай эдийн засагт жам ёсны бус хүчин зүйл нөлөө үзүүлж байна. Үүнд: Сонгуулийн жил: Мөнгөний нийлүүлэлт(М2) хамгийн дээд түвшиндөө хүрдэг, инфляци огцом өсөлтгүй дундаж түвшиндөө байдаг нь төрийн зүгээс түүнийг тогтоодог, харин төгрөг/долларын ханш бага зэргийн өсөлттэй. Сонгуулийн дараах жил: М2 хамгийн доод түвшинд байж, инфляци хамгийн дээд түвшиндөө хүрч, төгрөгийн ханш дундаж хэмжээндээ байдаг. Сонгуулийн дараах хоёр дахь жил: М2 мөн хэмжээндээ байж, инфляци буурч, төгрөгийн ханш хамгийн доод хэмжээндээ хүрэх буюу чангардаг. Сонгуулийн өмнөх жил: М2 дундаж хэмжээндээ байж, инфляци хамгийн доод түвшиндөө хүрч, төгрөгийн ханш эргээд суларч, хамгийн сул түвшиндөө хүрдэг. Манай улсын гадаад валютын зах зээлийн үр ашигт байдлыг шинжлэх үзэхэд долоон валютын бүгдийнх нь Hurst -ийн үзүүлэлт
0.5-аас 1-ийн хооронд, тэр дундаа JPY-ээс бусад нь бүгд
0.8 байгаа нь бүх зах зээл фрактал шинжтэй бөгөөд санамсаргүй бус шинжтэй болохыг харуулж байна. Хамгийн өндөр нь болох евро, фунт нь бусад долоон зах зээл дотроосоо хамгийн үр ашигтай зах зээл байна гэсэн үг юм. Энэхүү судалгааны үр дүнд бүх долоон зах зээл нь бүгд санамсаргүй шинжтэй бус, өндөр үр ашиггүй, иймээс валютын ханшийг таамаглах боломжтой. Төгрөгийн ханшийн хэлбэлзэлийн фрактал бүтцийн шинжилгээгээр төгрөг/долларын ханшийн фрактал хэмжээс нь ойролцоогоор
2.4 гарч байгаа нь ханшийн хэлбэлзлийн загварыг 3-р эрэмбийн дифференциал тэгшитгэлээр илэрхийлж болно гэдгийг харуулж байна. Мөн валютын ханшийн замнал нь гурван хэмжээст фазын огторгуйд дүрслэгдэх бөгөөд уг динамикт бодитой нөлөөлж байдаг гурван хүчин зүйл байгааг тодорхойлж байна. Манай улс төгрөгтэй харьцах долларын ханшийг албан ёсоор зарладаг, түүнээс хамаарч бусад валютуудын ханш тодорхойлогддогоос манайд ганцхан төгрөгөөр илэрхийлэгдэх ам долларын ханш л тогтдог гэж үзэж болно. Эдгээр төгрөгөөр илэрхийлэгдэх гол валютуудын ханшинд нөлөөлөгч олон хүчин зүйлсийн регрессийн есөн шинжилгээгээр детерминацийн коэффциен-тууд бүгд өндөр, Дарвин-Ватсоны статистик нь бүгд хоёр гэсэн утгын орчинд байгаа учраас автокорреляци байхгүй гэж тооцож болно. Өөрөөр хэлбэл ямар нэг гол хүчин зүйлийг тооцоолоогүй орхигдуулаагүй байна. Бүлэг III. Урт хугацаан дахь төгрөгийн бодит ханшийн өөрчлөлт. Монгол банкны үндсэн зорилт нь төгрөгийн тогтвортой байдлыг хангах юм. Валютын зах зээл дээр олон ханш үйлчилж байгаа нь үндэсний валютад итгэх итгэлийг бууруулж, валютын ханшийн өсөлтийн хүлээлтийг бий болгож байна. HLM загвараас Монгол банк интервенцээр валютын ханшийн өөрчлөлтийг тодорхой хэмжээгээр барьдаг болох нь харагдаж, энэ нь мөнгөний нийлүүлэлтийг багасгаж, төгрөгийн ханшийг чангаруулж, экспорт урамшихгүй байх буюу багасгаж, импортийг урамшуулж, импортын орлох бүтээгдэхүүн буюу дотоодын зарим үйлдвэрлэлийг урамшуулдаггүй. Хэдий энэ нь инфляцийг түр ч болов бага байлгах давуу талтай ч гадаад зах зээлээс хараат байдал улам нэмэгдэж, гол нэрийн бүтээгдэхүүний түүхий эдийн(газрын тос, бензин, улаан буудайн) дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлийг даган инфляци импортлогдож, инфляцийг нэмэгдүүлэх (2008 он) сөрөг талтай. Инфляциа дагаад өрхийн хэрэглээний зардал ч мөн өөрчлөгдөнө. Иймд гадаад валютын зах зээл дэх оролцоог багасгах нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэг үзүүлэлт байж болно. Аливаа систем, тогтолцоонд хүний оролцох оролцоо их байх тусам уг системийг тэнцвэрт түвшинд хүргэж тогтолцоог мөхөхөд хүргэдэг. Монгол улсын төгрөгийн ханш нь дараах эрсдлийг бий болгож байна. Үүнд: 1.Манай улсын гадаад төлбөр тооцооны орох, гарах мөнгөн урсгалд доллар 74, 77 хувийг тус тус доллар эзэлдэг. Фунт, евро, рубль, вон, юань нь нэг валют мэт хамаарал нь маш өндөр, ам.доллартой зөвхөн иен сул эерэг хамааралтай. Доллар, иены нийт орох, гарах урсгал 75%, 80%, нөгөө таван валютын 25%, 16%-ийг тус тус эзэлж байгаагаас доллартой багцын цэвэр мөнгөн урсгал (-5%), евро-фунттэй багцынх (+9%) байгаагаас төлбөр тооцоонд ханшийн эрсдэл бага түвшинд байна.
2.Долларжилт хэт өндөр түвшинд байгаа буюу зөвхөн ганц валютаас ингэж их хамааралтай байгаа нь эдийн засаг талаас өндөр эрсдэл хүлээж байгааг харуулж байна. Иймд манайд дэлхийн зах зээлээс өөр ханш тогтох буюу хугацааны хоцролттойгоор ханш тогтоход хүрч байна. Иймд ханшийн эдийн засгийн эрсдэлийг бууруулах үүднээс гадаад төлбөр тооцоонд валютын диверсификацийг хийх шаардлагатай. Өөрөөр хэлбэл долларыг бусад валютуудаас хэт онцлохгүй байх хэрэгтэй. Адилхан бодлого баримтлах шаардлагатай гэсэн үг. ханшийн эдийн засгийн эрсдэл өндөр байна. Үүнд: -Долларын ханш голлох үзүүлэлтүүдтэй хамааралгүй буюу зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээр тодорхойлогдож чадахгүй байна, -Ханшийг Монгол банкны зүгээс хэт тогтворжуулснаар инфляцийн импортлолтыг улам бүр нэмэгдүүлж байна Ханштай холбоотой дээрх эрсдэл, түүнийг бууруулах арга, замууд байгаагаас гадна дараах дам нөлөө бүхий бууруулах арга замууд байна. Үүнд: Дотоодын инфляцид эдийн засгийн мөчлөгөөс улбаалаад улиралын нөлөөлөл байгаа нь храповикын нөлөөлөл үүсэх үндэс болж байна. Хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарууд бараг зогсонго байдаг 1-5 дугаар саруудад инфляци өсөж, харин 5-9 сар хүртэл буурч, эргээд 9-өөс дараа оны 1 сар хүртэл өсдөг байна. Энэ нь мөн уур, ус цахилгаан, дулаан халаалттай холбоотой зардал ихэсдэгтэй мөн холбоотой. Гэтэл энэхүү улиралын нөлөөллөөр өссөн үнийн түвшин эргээд хуучин үнийн түвшиндөө хүрдэггүй, жил ирэх бүр тодорхой хувиар үнэ өсгөх буюу инфляци болох нэг шалтгаан болж байна. Иймд храповикын нөлөөлөл үүсгэхгүй байх арга, замыг хайх хэрэгтэй. Манай улсын эдийн засагт улс төрийн нөлөө өндөр байна. Инфляци, төгрөг/долларын ханш, мөнгөний нийлүүлэлтэнд хийсэн судалгаанаас дүгнэвэл: Сонгуулийн жил: Мөнгөний нийлүүлэлт(М2) хамгийн дээд түвшиндөө хүрдэг, инфляци огцом өсөлтгүй дундаж түвшиндөө байдаг нь төрийн зүгээс түүнийг тогтоодог, харин төгрөг/долларын ханш бага зэргийн өсөлттэй байдаг. Сонгуулийн дараах жил: М2 хамгийн доод түвшинд байж, инфляци хамгийн дээд түвшиндөө хүрч, төгрөгийн ханш дундаж хэмжээндээ байдаг. Сонгуулийн дараах хоёр дахь жил: М2 мөн хэмжээндээ байж, инфляци буурч, төгрөгийн ханш хамгийн доод хэмжээндээ хүрэх буюу чангардаг. Сонгуулийн өмнөх жил: М2 дундаж хэмжээндээ байж, инфляци хамгийн доод түвшиндөө хүрч, төгрөгийн ханш эргээд суларч, хамгийн сул түвшиндөө хүрдэг. Эндээс сонгуулийн жилийн нөлөөллийг нарийвчлан үзвээс мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ханшийг онол ёсоор сулруулдаг нь харагдаж байна. Иймд манай улсад улс төр эдийн засагт ямар чухал нөлөөлөл үзүүлдэг болох нь харагдаж байна. Манай улс цөөн хэдхэн нэрийн бараа(зэс, алт г.м)-г экспортлож, өөрөө өөрийгөө хангах чадвар бага, бараг бүх бүтээгдэхүүнийг гаднаас импортлодог нь тэдгээрийн дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл/өсөлт, хэрэглээний барааны үнийн өсөлтийн үндсийг буй болгож буй шатахууны үнийн өсөлт зэрэг нь манайд нийлүүлэлтийн инфляци үүсгэх шалтгаан болж байна. Иймд дотоодын үйлдвэрлэлийн дэмжих(дан ганц жижиг дунд үйлдвэрлэл гэх бус томоохон стратегийн чухал ач холбогдол бүхий үйлдвэрлэлийг дэмжих), хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай байна. ЗГ-аас одоо хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн нэг болох "Атарын 3-р аян" зэрэг авч хэрэгжүүлж буй томоохон арга хэмжээг энд дурдах нь зүйтэй. Төгрөг/долларын ханшийг хэт барьдаг гэдэг үзэл өмнөх олон судалгаануу-даас, ОУВС-аас гаргасан валютын ханшийн дэглэмийн "тогтвортой ханшийн дэглэм" ангилалд манай улс багтах болсноос нотлогдож байна.