Улс орон, боловсролын салбарт, гэр бүл, эцэг эх бүрт хүүхдэд үндэсний дэвшилт уламжлалаа хадгалсан, орчин үетэйгээ зохицсон иргэний төлөвшил олгох шаардлага бий болсон. Нийгэм, эдийн засаг, техник технологийн хурдацтай хөгжил, даяаршил, мэдээллийн эрин зуун хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх хүчин зүйлүүдэд ихээхэн өөрчлөлтүүд орсон. Иймээс хүүхдийн хүмүүжил, хүмүүжилд нөлөөлөх хүчин зүйл, өөрчлөлт, төлөв байдал, хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах арга зам, санал боловсруулахад уг эрдмийн ажлын зорилго оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараахь зорилтуудыг дэвшүүлсэн. -Хүмүүжил социологийн судлагдахуун болох, хүмүүжлийн агуулга, мөн чанар, ижил төрлийн ойлголтуудыг харьцуулан шинжлэх замаар тодорхойлон эрдэмтэд болон онолын үзэл баримтлалуудыг авч үзэж, холбогдох ном зохиолын тойм шинжилгээ хийх,
- Хүүхдийн хүмүүжлийн өнөөгийн байдал, түүнд гарч буй өөрчлөлтийг анхдагч болон хоёрдогч эх сурвалжид тулгуурлан судалж, дүн шинжилгээ хийх,
- Хүмүүжилд нөлөөлдөг социаль агентуудын чиг үүргийн өнөөгийн хэрэгжилтийн байдал, хүүхдийн, хүмүүжлийн орчныг зураглах, -Хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, хүүхдийн хүмүүжлийг гажуудуулахад нөлөөлж буй хүчин зүйлсүүдэд корреляцийн болон фактор анализ хийх,
- Хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буй хүчин зүйлсийн уялдаа холбоог сайжруулах арга зам, санал боловсруулахад оршино.
Асуулгын аргаар судалгааг Улаанбаатар хотын 4 дүүргийн 7 сургууль, бүс нутгийн төлөөлөл 4 аймаг 9 сургуулиас судалгааны мэдээлэл цуглуулж, санамсаргүй түүврийн аргад тулгуурлан 6-9-р дунд ангийн, 10-12 ахлах ангийн сурагчдаас, эцэг эх, багш нарын төлөөлөлөөс асуулгын судалгаа авсан. Мэдээллийг SPSS программын хүрээнд боловсруулж, дүн шинжилгээ хийсэн. Чанарын судалгааг фокус бүлгийн ярилцлага (6-9 анги, 10-12 ангийн төлөөлөл), ганцаарчилсан ярилцлага /багш, нийгмийн ажилтан, ГБХЗХГ-ын мэргэжилтэн/, бичиг баримтын шинжилгээ /бодлогын баримт бичиг, хууль эрх зүйн актууд/ дүн шинжилгээ хийсэн.
Хүүхэд хүмүүжүүлэх үйл явц бол нийгмийн үйлдэл учраас түүнд нөлөөлөх олон хүчин зүйлүүдийг онол, арга зүйн хувьд симболик интеракцианист онолыг ашигласан. Хүүхэд хүмүүжүүлэх гэдэг хүний ухамсарлагдсан рациональ үйлдэл болохын хамт а)ард түмний соёл, зан үйл, үнэт зүйлс, б)ард түмний бэлэгдэл, дэг жаяг, амьдралын хэв маяг, в)улс оронд үйлчилж байгаа албан ёсны хууль журам, г)нийгмийн тогтвортой байдлыг хангах зэрэг олон хүчин зүйлээр нөхцөлдсөн нийгмийн үйлдэл хэмээн үздэг.
Монголын нийгэм эдийн засгийн өөрчлөлт, хотжилт, үйлдвэржилт, шинжлэх ухаан техникийн хөгжлүүд хүүхдийг хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үйл явцад дараахь өөрчлөлтүүдийг авч иржээ. Үүнд: -Эрт үеэс -1921 он хүртэл хүүхдийн хүмүүжилд микро орчинд гэр бүл, айл гэр, ахан дүүс, мезо орчинд хот саахалт айл, отог, омог, хошуу нутаг, найз нөхөд, сүм хийд нөлөөлдөг ба гэр бүлийн сургалт буюу гэрийн сургууль голлох үүрэгтэй байжээ. -1921-1990 онд бие хүний хүмүүжлийн асуудалд хэт улс төржин үзэл сурталжсан хандлага давамгайлсан. Коммунист хүмүүжлийн процессд микро орчинд гэр бүл, найз нөхөд, мезо орчинд багш нар, монголын багачуудын холбоо болон пионерийн байгууллага, МХЗЭ, сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл, сургууль, албан байгууллагын дэргэдэх ХЗЭ, макро орчинд МАХН, байгууллагуудын дэргэд эцэг эхийн зөвлөл, намын хороонууд, эмэгтэйчүүдын байгууллага, үйлдвэрчин, олон нийтийн бусад байгууллагууд нэгдмэл чиглэл зорилготой нөлөө үзүүлдэг байжээ. -1990 хойш, социализмын дараа ардчилсан нийгэмд шилжсэн. Хүүхдийн хүмүүжилд микро орчинд гэр бүл, найз нөхөд, олон улсын болон төрийн ба төрийн бус байгууллагууд, мезо орчинд цагдаагийн байгууллага, сошиал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, багш, сургууль, макро орчин төр, институтууд, даяаршил нөлөөлж байна.
Хүүхдийн хүмүүжилд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар тоон болон чанарын судалгааны үр дүнг макро, мезо, микро гэсэн гурван түвшинд дүн шинжилгээ хийсэн.
Микро түвшинд, судалгаанд оролцсон хүүхэд, эцэг эх, багш нарын өгсөн үнэлгээний дунджаас авч үзвэл хүүхдүүдийн хүмүүжилд эцэг эх, гэр бүл, багш нар, үе тэнгийнхэн, сошиал медиа, нийгмийн ажилтан, олон нийтэд багтаж байгаа хүүхдүүд хамгийн гол нөлөөлж байна. Гэр бүлийн харилцаа, эцэг эхийн зан үйл хандлага, хүмүүжлийн арга барил зэрэг хүчин зүйлсүүд сөрөг нөлөө үзүүлдэг, гэр бүлийн зүгээс хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, хүүхэдээ сонсох, харилцан ярих, эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ харилцах арга барил тааруу байна. Судалгааны ажлын хүрээнд чанарын судалгаагаар хүүхдүүд гэр бүлийн харилцаа сөрөг нөлөө үзүүлдэг, тухайлбал, эцэг эхчүүд өөрсдийн үзэл бодлыг хэт тулгадаг, үг яриа тасалдаг сонсдоггүй, өндөр шаардлага тавидаг, анхаарал тавидаггүй, бусад хүүхэдтэй харьцуулдаг, өөрсдийгөө их зөвтгөдөг зэргийг дурьдаж байсан. Иймээс эцэг эх нь гэртээ зөв үлгэр дууриалал үзүүлдэг, хүүхэд хүмүүжүүлэх дэвшилтэт арга барилд суралцах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, зан үйлд хяналт тавих, тэдний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх шаардлага байна гэж үзсэн.
Сургуулийн үүргийн талаарх эцэг эхчүүд сургуулийн орчинд сайн үлгэр дуурайлал үзүүлж чадахгүй, мөн суралцагчдын аюулгүй байдлыг хангах, хамгаалах үүргийг хангалтгүй байна, хүүхдүүдийн зүгээс сургууль нь суралцагчдын аюулгүй байдлыг хангах, хамгаалах, суралцагчдын зан үйлд хяналт тавих үүргийг гүйцэтгэж чадахгүй. Харин багш нарын хувьд суралцагчдын төлөө сургуулиас бусад байгууллагатай хамтран ажиллах талаар сөрөг үнэлгээ өгсөн. Боловсролын хүчин зүйлсийн хувьд багш суралцагчидтай харилцах харилцаа, багшийн зүгээс суралцагчдад анхаарал хандуулах байдал сөргөөр нөлөөлж байгааг тэмдэглэх хэрэгтэй.
Мезо хүчин зүйлд орон нутаг, олон нийт болон байгууллага(тухайлбал сургууль) мэдээлэлийн хэрэгслүүдийн хүрээнд хэрхэн нөлөө үзүүлж буй талаар судалсан. Томчуудын зүгээс хүүхдийн зан үйлд хяналт тавих, хүүхдэд сайн үлгэр дуурайл үзүүлэх, хүүхдэд анхаарал хандуулдаг соёл төлөвшүүлэх хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ сошиал хэрэглээнд хяналт тавьж чаддаггүй болох нь харагдаж байна. Иймээс мезо түвшинд, гэр бүл-багш, сурган хүмүүжүүлэгч-сургууль-байгууллага хоорондын харилцаа уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн солилцоог нэмэгдүүлэх. Гэр бүлийн орчин, сургуулийн орчин, үе тэнгийхэн, найз нөхдийн хүрээлэл болон бусад нийгмийн орчныг бүрдүүлж буй хувь хүн, бүлэг, байгууллага бүр хүүхдийг хайрладаг, хамгаалдаг, хүндэтгэн ойлголт, соёлыг эзэмшүүлэх, нөлөөллийн ажлыг тасралтгүй чанартай хийдэг, хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг хийсэн.
Макро түвшинд, Монгол улсын төрийн бодлого, тулгуур үзэл нь хүн нь монголоороо байх явдал юм. Орчин үед ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй болгож, хүн төрөлхтөний нийтлэг үнэт зүйлийг хүлээн зөвшөөрөх, энх тайванаар зэрэгцэн орших үндсийг бүрдүүлснийхээ хэрээр үндэсний соёл, үндсэрхэг хандлагыг үгүйрүүлдэг дээр эрдэмтэд санал нэгдэж байна. Хүүхдийг зөв хүн болгон хүмүүжүүлэх, төлөвшүүлэх зэргийг хуульчилж, хүүхэд хүмүүжүүлэх арга зүйг боловсруулж хөгжүүлэх шаардлага нэгэнт бий болжээ. Иймээс төрийн бодлогынхоо нэг гол зүйл болгож хүүхдүүдээ зөв хүн болгон хүмүүжүүлэхэд их анхаарах хэрэгтэй.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 15
Ишлэгдсэн тоо : 0