Хоовгоны зүйлийн бүрэлдэхүүний судалгаанд Монгол орны усан хагалбарын 10 сав газрын нуур, цөөрөм, гол, горхи/булаг зэрэг дөрвөн төрлийн усан орчны 386 цэгээс цуглуулсан 47,000 гаруй бие гүйцсэн бодгалийг авч үзэв. Судалгааны үр дүнд нийт 155 зүйлийн бие гүйцсэн хоовгоныг илрүүлэв. Бид 2006 оны байдлаар өмнөх судлаачдын тэмдэглэсэн 119 зүйл дээр нэмж 82 зүйлийг бүртгэж, нийт 201 зүйлийн хоовгон Монгол оронд тохиолдож байгааг илрүүлсэн ба цаашдаа ойролцоогоор 269 зүйл тохиолдох боломжтойг тооцооллоо. Судалгаа хийсэн 10 сав газрыг зүйлийн олон янз байдлаар хооронд нь харьцуулахад Сэлэнгийн сав газарт хамгийн их (H’=
3.33), Говийн сав газар хамгийн бага (H’=1.52) байлаа. Нийт сав газрын хоовгоны зүйлийн бүрэлдэхүүний төсөөт байдлыг Жаккарын индексээр тооцоолж, кластер анализ хийхэд үндсэн 2 бүлэгт хувааж болохоор байна. Үүнд: Номхон далайн ай савд багтах Хэрлэн, Онон, Халх голын сав газрууд болон Олон нуурын хөндий, Говийн сав газрууд нэг бүлэг болж байхад, Умард мөсөн далайн ай савын Сэлэнгэ, Шишхэд, Булган голын сав газар болон Тэс, Их нууруудын хотгор зэрэг нь тусдаа нэг бүлэг болжээ. Монгол оронд тохиолдож байгаа хоовгоны нийт 201 зүйлийн олонх нь Зүүн Палеарктикийн, цөөн хувь нь Баруун Палеарктик болон Неарктикийн, маш бага хувь нь Ориенталь мужид тархалттай зүйл байгаагаас үзвэл Монголын говь цөл томоохон тусгаарлагч болох нь тодорхой байна.
Хоовгоны бүлгэмдлийн судалгаагаар “Гол мөрний экосистемийн синтез” (Thorp et al., 2006) концепцыг шалгахын тулд голыг уртын дагуу үйл ажиллагааны бүс (ҮАБ)-үүдэд хувааж, тэдгээрийн хооронд хоовгоны таксономын болон функциональ олон янз байдалд үзүүлэх хариу үйлдэл ямар байхыг тодорхойлохыг зорьж судалгааг хийж гүйцэтгэв. Хоовгоны бүлгэмдлийн судалгаанд МАКРО (Макро экологийн синтез) төслийн хүрээнд 2016-2019 онд Дэлгэрмөрөн, Эг, Ховд, Завхан, Хэрлэн голуудаас цуглуулсан авгалдайн дээжийг ашиглаж, нийт 42 цэгээс цуглуулсан 38,000 гаруй бодгалийг төрлийн түвшинд тодорхойлон боловсруулалт хийв. Судалгаанд хамрагдсан голуудыг Төв Азийн гадагш урсгалгүй (ТАГУ), Умард мөсөн далай (УМД), Номхон далай (НД) зэрэг ай савын түвшинд, мөн голын хөндийн сегментийн түвшинд буюу үйл ажиллагааны бүс (ҮАБ)-д хуваан бүлгэмдлийг харьцуулж үзэв. ҮАБ-ийг RESonate загвар ашиглан гидрогеоморфологийн төсөөтэй байдлаар судалгаанд хамрагдсан таван гол тус бүрд тодорхойлоход нийт 10 ҮАБ-д хуваагдав. Судалгааны бүсэд нийт 24 төрлийн хоовгон тохиолдсон ба эдгээр төрөлд тохирох 22 функциональ шинж тэмдэг (ФШТ)-ийн 95 категорийг авч ай сав болон ҮАБ-ийн түвшинд харьцуулав. Арван ҮАБ-д тохиолдох хоовгоны бүлгэмдэл таксономын болон функциональ олон янз байдлаар ялгагдаж байгаа нь гол мөрний экосистемийн синтез концепц дэмжигдэж байгааг харуулав. Энэхүү үзүүлэлт ай савуудын хувьд сул байсан ба ТАГУ ай савд тохиолдох хоовгоны бүлгэмдэл таксономын болон функциональ олон янз байдлаар ялгаагүй, харин УМД, НД ай савд тохиолдох хоовгоны бүлгэмдэл таксономын болон функциональ олон янз байдлын хувьд эрс ялгаатай байлаа.
Хоовгоны бүлгэмдэл нь гурван бичил амьдрах орчин болох харгиа, жигд урсгал, цүнхээл дэх олон янз байдлаар ялгаатай эсэх болон хоовгоны таксономын болон функциональ олон янз байдалд хамгийн их нөлөөлж болох усны физик, химийн үзүүлэлтийг тогтоохоор амьдрах орчны 17 үзүүлэлтийг хэмжив. Гурван бичил амьдрах орчны хувьд голын харгиа болон жигд урсгалтай хэсэгт хоовгоны баялаг ихтэй бол цүнхээл хэсэгт бага байв. Мөн голын харгиатай хэсэгт ФШТ-ийн хувьд арьсаар амьсгалах зохилдсон төрлүүд давамгайлдаг бол цүнхээл хэсэгт заламгайгаар амьсгалахад зохилдсон төрлүүд мөн давамгайлж байгааг тогтоолоо. Хоовгоны таксономын олон янз байдалд нөлөөлөх хүчин зүйл нь усны температур, фосфат, бэлчээрлэлтийн эрчим, рН, бул чулуун субстрат, цахилгаан дамжуулах чанар юм. Харин функциональ олон янз байдалд нөлөөлөх гол хүчин зүйлсээр цахилгаан дамжуулах чанар, усны ёроолын урсгалын хурд зэргийг тодорхойллоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 30
Ишлэгдсэн тоо : 0