Цагдаагийн албан хаагчдын бие хамгаалах чадамжийг хэрхэн яаж сайжруулах вэ? гэсэн асуултад хариулт өгөх үүднээс бие хамгаалах бэлтгэл хичээлийн агуулга, заах аргыг шинэчлэн боловсруулж, туршилтын бэлтгэл ханган, туршилтын сургалтыг зохион байгуулж, үр дүнг үнэлж, улмаар үндэслэл бүхий дүгнэлт, санал дэвшүүлэх зорилго тавин ажиллалаа. Судалгааны хүрээнд бид “Бие хамгаалах бэлтгэл” хичээлийн агуулга, заах аргыг шинэчлэн, өөрчилснөөр цагдаагийн алба хаагчдын бие хамгаалах чадварыг сайжруулах боломжтой хэмээн таамаглал дэвшүүлэн судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Судалгааны ажлыг диалектикийн танин мэдэхүйн түгээмэл арга, тоон болон чанарын судалгааны арга, түүний дотор харьцуулалт, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх, баримт бичигт дүн шинжилгээ хийх, санал асуулга, туршилтын аргыг өргөнөөр хэрэглэсэн. Бид явуулсан судалгааны үр дүнгүүдэд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:
1. Тоон судалгааны хүрээнд авч үзэхэд жилд дунджаар 80 цагдаагийн алба хаагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын гэмт халдлагад өртөж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо, энэ тоон үзүүлэлт сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэх хандлагатай болжээ.
2. “Цагдаагийн ажил- эрх зүйч” мэргэжлийн хөтөлбөрийн үр дүн болох биеийн хүч хэрэглэх чадварын өнөөгийн байдлыг тодорхойлох, тулгамдсан асуудлыг илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагын 558 алба хаагчдаас авсан санал асуулгын үр дүнгээс үзэхэд судалгаанд оролцсон алба хаагчдын 42% хангалтгүй, харин зөвхөн 17% нь маш сайн болон сайн гэж бие хамгаалах ур чадвараа үнэлснээс үзвэл оролцогчдын 83% нь дунд зэрэг болон хангалтгүй гэсэн бол “Бие хамгаалах бэлтгэл” хичээл заасан багшийн заах арга, ур чадварыг хангалтгүй гэж хамгийн их буюу 51% нь үнэлсэн нь судалгааны тулгамдсан асуудал юм.
3. Бие хамгаалах бэлтгэл хичээлийг цаг, сэдвийн төлөвлөгөөний дагуу II дамжаандаа бүрэн үзэж, судалсан ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн “Цагдаагийн ажил-эрх зүйч” мэргэжлийн III дамжааны 35 сонсогчдоос бие хамгаалах бэлтгэл хичээлийн үр дүн, чадамжийн талаар авсан судалгааны үр дүнгээс үзэхэд туршилт судалгаанд оролцсон 35 сонсогчийн бие хамгаалах чадвар дунджаар 41%-тай байгаа, бие хамгаалах бэлтгэл хичээлийн хөтөлбөрт агуулгыг спортын гардан тулааны зөвхөн нэг хүний довтолгооноос хамгаалах хүрээнд боловсруулсан, өөрийн болон хамтрагчийн аюулгүй байдлыг хангах, олон хүний довтолгооноос хамгаалах асуудлыг тусгаагүй зэрэг нь хичээлийн агуулгыг шинээр боловсруулах шаардлагатай байгааг туршилт, судалгаагаар илрүүлсэн.
4. Судалгааны үр дүнд үндэслэн бие хамгаалах бэлтгэл хичээлийн агуулга, заах арга зүйг шинээр боловсруулж, үүний дагуу ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн III дамжааны нийт 5 ангийн 152 сонсогчдод 3 сарын хугацаанд туршилтаар сургалт 2019-2020 онд явуулсан. Тэдгээр сонсогчдоос сургалт явуулж дууссаны дараа санамсаргүй түүврийн аргаар 25 сонсогчийг сонгон авч, бие хамгаалах бэлтгэл хичээлийн үр дүн, эзэмшсэн чадвар, чадамжийн талаар туршилт судалгааг явуулсан. Уг судалгаанаас үр дүнгээр сонсогчдын биеэ хамгаалах чадварын дундаж 52%-иар ахисан нь сонсогчдын сэтгэл зүйн хурд, биеийн хурд нэмэгдсэнээс гадна өөрийн болон хамтрагчийнхаа аюулгүй байдлыг хангаж байгаа нь бидний боловсруулсан заах арга үр дүнтэйг харуулж байна.
5. Монгол Улсын болон ОХУ, АНУ, Турк, Австри, Израиль зэрэг улсын цагдаагийн алба хаагчдын бие хамгаалах бэлтгэл хичээлийн талаарх сайн туршлага, эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны тайлан, эх сурвалжуудыг харьцуулан судлахад манай улсын цагдаагийн алба хаагчдын сургалтад заагдаж буй бие хамгаалах бэлтгэл хичээлийн агуулга, заах арга, техник, нийгэм, цаг үеээсээ хоцорсон байна гэж үзсэн. Үүний улмаас Израиль улсын судлаач Imi Lichtenfeld-ийн цэрэг, цагдаагийн бие хамгаалах “Кrav Мaga” хичээлийн заах арга барилд тулгуурлан бие хамгаалах бэлтгэл хичээлийн агуулга, заах аргыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн.
6. Хууль зүй, боловсрол, цагдаа судлалын чиглэлийн эрдэмтэн, судлаачдын эрдэм шинжилгээний бүтээл, тэдний санал, бодлыг тандан судлах, мөн тэдгээрээс зөвлөгөө, шүүмж авах байдлаар судалгааны ажлыг явуулсан. Уг судалгаанаас үзэхэд цагдаагийн бие хамгаалах хичээлийг ”албаны спорт”, “тусгай мэх”, “албаны тусгай бэлтгэл”, “самбо каратэ зэрэг зэвсэггүй өөрийгөө хамгаалах мэх”, ”бие хамгаалах бэлтгэл”, ”биеийн хүч” гэсэн байдлаар харилцан адилгүй нэрлэж байгаа нь тогтсон хуулийн нэршилгүй явж иржээ. Мөн цагдаагийн бие хамгаалах бэлтгэл хичээлийн онол, арга зүйг тусгайлан судалсан бие даасан судалгааны бүтээл байхгүй, “цагдаагийн бие хамгаалах судлал” академик түвшинд хөгжөөгүй, практикт ч төдийлөн оновчтой нэвтрээгүй байна гэж үзсэн.
7. Бусад орны цагдаагийн бие хамгаалах хичээл, практикт хамгийн их хэрэглэгддэг техник, тактикуудыг судалж, шинээр “Бие хамгаалах бэлтгэл” хичээлийн агуулгыг төлөвлөж, идэвхтэй заах аргыг боловсруулсан. Энэ агуулга, заах арга нь бакалаврын сургалтаас гадна практикт ажиллаж буй алба хаагчид богино хугацаанд сурахад хялбар, бие бялдар, нас, хүйс харгалзахгүйгээр бие хамгаалах чадвар эзэмших боломжтой нь туршилтын үр дүнгээр нотлогдож, сонсогчдын биеэ хамгаалах чадварын дундаж нь өмнө нь 42%-тай байснаа 94% болж,
52.0 пунктээр ахисан нь бидний дэвшүүлсэн судалгааны таамаглал батлагдаж байгаа юм. Дээрх ерөнхий дүгнэлтүүдээс болон судалгааны үр дүнгээс харахад бид судалгааны асуудалд төвлөрөн, тавьсан зорилгоо биелүүлсэн, дэвшүүлсэн таамаглалаа батлан нотлох байдлаар судалгааны ажлаа явууллаа хэмээн дүгнэн үзэж байна.
Судалгааны үр дүнгүүд, дүгнэлтийг үндэслэл болгон боловсрол, хууль зүйн шинжлэх ухаан, түүний дотор цагдаа судлал, цагдаагийн боловсрол судлалын салбарыг хөгжүүлэх чиглэлээр доорх саналыг ДХИС-ийн Цагдаагийн сургууль, Сургалтын хөтөлбөрийн хороонд зөвлөмж болгон дэвшүүлж байна. Үүнд:
1. Шинэчлэн боловсруулсан “Бие хамгаалах бэлтгэл” хичээлийн агуулга, заах аргыг сургалтад нэвтрүүлэх, стандарт хангахуйц хичээлийн хэрэглэгдэхүүнээр (Бие эрхтний хамгаалалт болон буу, хутга, саваа гэх мэт) хангах;
2. Мэргэжлийн багш нарыг бэлтгэх бодлого, заах аргыг сайжруулах хүрээнд багшлах бүрэлдэхүүнийг гадаад, дотоодын сургалтад хамруулан дадлагажуулах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, чадваржуулан мэргэшүүлэх;
3. “Бие хамгаалах бэлтгэл” хичээлийн шинэ агуулгын хүрээнд гарын авлага, сурах бичгийг боловсруулан гаргаж, эрдэм шинжилгээ, сургалтын эргэлтэд оруулах;
4. Энэ чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажилд мэргэжлийн багш, судлаачдыг бодлогоор татан оруулж, тэдэнд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх байдлаар энэхүү мэдлэгийн салбарыг хөгжүүлэх;
5. Цагдаагийн байгууллагын практикт хичээл зааж буй сургагч багш нарыг энэ заах арга зүйн сургалтад хамруулж бэлтгэх зэрэг болно.
Судалгааны явцад бие хамгаалах бэлтгэл хичээлийн агуулга,заах аргыг судалж, тодорхой үр дүнд хүрсэн бөгөөд шинээр агуулга, арга зүйг боловсруулж туршсан үр дүнг хамгаалалтанд оруулахаар санал болгож оруулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 18
Ишлэгдсэн тоо : 0