Монгол орны нутаг дэвсгэрт тархсан лёсс маягийн суумтгай хөрсний бүс нутгийн онцлог бол байгалийн нөхцөлдөө чийг багатай, сийрэгжилт ба макро нүх сүв ихтэй, харьцангуй өндөр агууламжтай байгалийн давс ба бусад төрлийн холбогч бодисын талстжилт ба цементжилтийн бүтцийн холбоос нь норолтын нөхцөлд бүрэн болон хэсэгчлэн алдарч эвдрэлд ордог, мөн зарим тохиолдолд ОХУ ба бусад улсад мөрддөг норм нормативын шалгуур үзүүлэлтээр суумтгай бус хөрсний ангилалд багтахгүй боловч норолтын үед цөмрөлтийн суулт үүсгэдэг учир дам нөлөөний шинж чанараар ангилах шаардлагатай болдог. Эдгээр сөрөг хүчин зүйлүүдийн улмаас судалгаанд хамрагдаж байгаа нутаг дэвсгэрт баригдсан олон тооны барилгад зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү жигд бус суулт үүссэн шалтгаанаар хэв гажилт, эвдрэлд ордог. Түүнийг засварлахад ихээхэн зардал, цаг хугацаа зарцуулдаг. Харамсалтай нь засварын ба хүчитгэх ажлын үр дүнд Барилгын норм, баримт бичигт заасан шаардлага хангах хэмжээнд бүрэн сайжруулах боломжгүй, ялангуяа Монгол орны нутаг дэвсгэр газар хөдлөлийн идэвхтэй бүсэд оршдог тул болзошгүй газар хөдлөлтийн үед ихээхэн эрсдэлтэй хэвээр үлддэг. Эдгээр асуудлыг лабораторийн ба хээрийн туршилт, аналитик тооцоо болон тоон загварчлалын шинжилгээний дүнгийн харьцуулсан судалгааны үндсэн дээр шийдвэрлэх инженерийн тооцооны арга нутагшуулах, зураг төсөл оновчтой зохиох онол арга зүйн үндэслэл боловсруулахад энэхүү диссертацийн ажлын ач холбогдол оршино.