Орчин үед үйлдвэрлэлийн бүхий л үйл ажиллагаа, шат дамжлагад холбооны системүүд өргөн хэрэглэгдэж, шинэ техник, технологиуд эрчимтэй нэвтэрч, хамгийн хэрэгцээтэй, үйлдвэрлэлийн эрсдэл эмзэг байдлыг бууруулах гол хэрэгслийн нэг болоод байна. Гүний уурхайн үйл ажиллагааны тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах хүчин зүйлийн нэг нь холбооны систем, түүний найдваржилтын асуудал юм. Иймд холбооны системийн найдваржилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сайжруулах нь чухал юм. Гүний уурхай нь хүн ажиллахад маш аюултай орчин учраас тэнд ажиллаж буй ажилчдын аюулгүй байдлыг найдвартай радио холбооны болон мэдээллийн технологийн системүүдийн тусламжтайгаар хангах боломжийг судлах, эдгээр системийн найдвартай ажиллагааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж тооцоолох нь чухал ач холбогдолтой юм [1]. Гүний уурхайн радио холбооны систем нь уурхайн хувьд хамгийн чухал системүүдийн нэгд тооцогддог. Энэ судалгааны ажлын гол зорилго нь гүний уурхайн холбооны системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх боломжийг судлахад оршино. Судалгааны ажлын эхний хэсэгт гүний уурхайн холбооны системийн найдвартай ажиллагаанд нөлөөлж буй байгалийн хүчин зүйлс, түүн дотроос эрсдэл хамгийн өндөртэй газар хөдлөлтийн статистик мэдээллийг ашиглан, дүн шинжилгээ хийж тухайн гүний уурхайд газар хөдлөлт болох магадлалыг тодорхойлсон. Байгалийн хүчин зүйлсийн хамгийн том хүчин зүйл болох газар хөдлөх магадлалыг ШУА-ийн Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэнгээс авсан, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт 1957-2017 оны хооронд болсон газар хөдлөлтийн статистик мэдээллийг ашиглан тодорхойлсон [2]. Манай судалгааны ажлын бас нэгэн томоохон хэсэг болох холбооны системийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх судалгааны хүрээнд холбооны нөөц системийн загварчлал [1], гүний уурхайн нийлмэл бүтцэд нийцүүлэн RF дахин дамжуулагчийн тусгаарлалт болон туннел доторх радиацын кабелийн тархалтыг судласан тухай үр дүнг харуулсан [3]. Түүнээс гадна, судалгааны ажлын хүрээнд, гүний уурхайд осол болсон тохиолдолд холбооны үйлчилгээ тасарсан хэсгийн холбооны үйлчилгээг эргэн сэргээх, онцгой байдлын үеийн дүн шинжилгээг графын онол болон Дейкстрын алгоритмыг ашиглан Матлаб програм дээр хөгжүүлж, алгоритмыг зохиосон [4]. Судалгааны ажлын сүүлийн хэсэгт, системийн динамик загварчлалын арга зүйг ашиглан холбооны тоног төхөөрөмж тус бүрийн, түүнчлэн нийт холбооны системийн төлөвлөгөөт бус засварын чанарыг сайжруулах, төлөвлөгөөт засварыг нэмэгдүүлэх, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын аргыг хослуулан хэрэглэх үед холбооны системийн найдваржилт хэрхэн нэмэгдэж буйг туршилт, симуляци хийх замаар харуулсан. Холбооны системийн нэг ба хоёр нөөцтэй системийн найдваржилтын зэрэглэлийг Марковийн хэлхээг ашиглан ердийн дифференциал тэгшитгэлүүдийн систем байдлаар загварчлан, гэмтлийн ба засварын функцийг Вейбул, Экспоненциал, Пуассоны тархалтын хууль тус бүрээр загварчлан харьцуулан судалсан. Боловсруулан гаргасан загварыг Matlab R2023a, Vensim програм хангамжуудыг ашиглан бодож, найдваржилт хэрхэн нэмэгдэж буйг тооцоолсон. Гүний уурхайн нөхцөлд, газрын гадаргуугаас доош газрын гүн рүү нэвтрэх зориулалтын орц, гарцыг босоо ам гэж нэрлэх бөгөөд зөвхөн нэг босоо аман дээр нэг л холбооны төхөөрөмж байрлуулах нь олон босоо амтай гүний уурхайд янз бүрийн осол гарсан тохиолдолд найдвартай харилцаа холбоо барих боломжийг хязгаарлаж байдаг. Энэ байдал нь гүний уурхайн холбооны системийн найдвартай ажиллагааг зайлшгүй дээшлүүлэх гол шалтгаан юм. Иймд гүний уурхайн босоо ам бүрт холбооны төхөөрөмж байрлуулах нь системийн найдваржилтыг дээшлүүлэх гол судалгаа гэж үзсэн. Нэгдүгээр бүлэгт: Сэдвийн судлагдсан байдлыг эхний бүлэгт авч үзсэн бөгөөд газар хөдлөх магадлал, гүний уурхайд осол гарч, холбооны систем ажиллахгүй болсон тохиолдолд тухайн хэсгийн холбооны үйлчилгээг сэргээх боломжийг тодорхойлох, холбооны нөөц системийн загварчлалын талаар хийгдсэн судалгааны ажлуудыг судласан. Системийн динамик загварчлалын аргыг найдваржилтын судалгаанд ашигласан ажлуудыг мөн авч үзсэн. Энэ хэсэгт мөн Оюутолгой уурхайн талбар дахь үүрэн холбооны үйлчилгээний өнөөгийн байдлын талаар дурдсан.
Хоёрдугаар бүлэгт: Гүний уурхайн холбооны системийн найдваржилтыг сайжруулах арга замууд, зарим үр дүнг харуулсан судалгааг энэ бүлэгт хийсэн. Тухайлбал, гүний уурхайд газар хөдлөх, гал гарах, үер болох гэх мэт нөлөөллийн хүчин зүйлийг судлаж, системийн найдвартай ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг туршсан. Түүнчлэн, гүний уурхайн нийлмэл бүтцэд нийцүүлэн RF дахин дамжуулагчийг ашиглах боломжийг судласан үр дүнгүүдийг танилцуулсан. Сүүлийн хэсэгт, гүний уурхайд осол гарч, холбооны систем ажиллахгүй болсон тохиолдолд, тухайн хэсгийн холбооны үйлчилгээг сэргээх боломжийг тодорхойлох судалгааг хийсэн. Гуравдугаар бүлэгт: Энэ бүлэгт, гүний уурхайн холбооны системийн найдваржилтыг сайжруулах аргыг санал болгож үр дүнг Vensim програм дээр системийн динамик загварчлалын аргаар хийж харуулсан. Холбооны системийн найдваржилтыг сайжруулах нөөц системийн аргыг санал болгож, бодлогыг Вейбул, Экспоненциал, Пуассоны тархалтын хуулиудийг ашиглан дифференциал тэгшитгэлүүдийн систем байдлаар томъёолж, Matlab R2023a, Vensim програм дээр бодож, үр дүнг харьцуулан харуулсан. Цаашид хийх ажлын хувьд, манай судалгааны ажлын хүрээнд хийсэн туршилтын үр дүнгүүд, тэдгээртэй холбоотой загваруудыг цаашид сайжруулалт хийх замаар уул уурхайн машин тоног төхөөрөмж, эрчим хүчний тоног төхөөрөмж, конвейрын систем, хүнсний үйлдвэрийн тоног төхөөрөмж зэрэг үйлдвэрийн процессийн найдвартай ажиллагааг тооцох, зардлыг тооцоолох зэргээр манай судалгааны ажлын үр дүнгүүдийг өөр систем болон үйлдвэрлэлийн нөхцөлд авч хэрэглэн системийнхээ найдвартай ажиллагаанд дүн шинжилгээ хийх бүрэн боломжтой.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 32
Ишлэгдсэн тоо : 0