Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын бэлчээрийн мал аж ахуйн соёл: харилцаа ба хуваариалалт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4584
Хамгаалсан он : 2022
Түлхүүр үг : бэлчээр, мал, малчин

Аннотаци

Хүн төрөлхтөн зэрлэг байгалийн ан амьтдыг гаршуулж, гэршүүлсэн олон мянган жилийн түүхийн дотор өдгөөгийн бэлчээрийн малыг гаршуулан маллаж эхлээд даруй 5-6 мянган жилийг үджээ. Тал нутгийн нүүдэлчдийн хувьд бэлчээрийн малыг маллах туршлага улам хуримтлагдсаар Хүннүгийн төрт улс (НТӨ 209- НТ 93)-ын үеэс сонгодог төрхөө олж, өдгөөг хүртэл уламжлахдаа нүүдлийн соёл иргэншлийн нэгэн илэрхийлэл болсон нь гарцаагүй юм.
Монгол малчдын таван хошуу малаа адгуулан маллаж ирсэн уламжлал бол ахуй амьдралд нь нэгэнт бүрэлдэн тогтсон хэв дадал гэдэг нь тэдний өдөр тутмын үйл ажиллагаанаас бэлхэн харагддаг билээ. Тэгэхдээ дан ганц ажил хөдөлмөрийн үүрэг зориулалтаас гадна бэлчээр нутаг ба мал, малчин гурвын хоорондын харилцан хамаарал бүхий зөв зохист харилцааны үр дүн юм. Бэлчээрийн мал аж ахуйн өвөрмөц, энгийн боловч төвөгтэй нарийн онцлог байдлыг уламжлалт болон орчин үеийн нийгэм, соёлын хүрээнд харьцуулан авч үзэх, ингэхдээ аж ахуйнх нь дотоод бүтэц, зохион байгуулалт болох харилцаа ба хуваарилалт, эрчим хурд, үнэт зүйл зэргээс тодруулах шаардлагатай билээ.
Монголын бэлчээрийн мал аж ахуйн онцлог, уламжлалын талаарх судалгаа, бодлогын баримт бичгүүд цаг үе бүрд тодорхой хэмжээгээр гарсаар ирсэн. Өнөө үед гэхэд, “Алсын хараа- 2050” хэмээх 30 жилийн турших хөгжлийн зорилтод бэлчээр, мал, малчин гэсэн мал аж ахуйн “Тулгийн гурван чулуу” болсон ойлголтын тухай хэрхэн тусгасныг харвал, “Бэлчээр” гэсэн үг нэг удаа ч ороогүй нь харамсалтай. Учир нь бэлчээр үгүй бол мал адгуулах боломжгүй, цаашлаад хэрэв малгүй бол малчин хүн гэж байхгүй байх санж. Харин мал болон малчинтай холбоотойгоор, “...Малчид, тариаланчид бизнесийн тогтвортой орлогын эх үүсвэртэй болсон байна...”, “...Орон нутгийн мэдээлэл болон цаг агаарын урьтаж анхааруулах мэдээг малчдад дамжуулж бэлэн байдалд орох боломж бүрдүүлэх мэдээлэл холбооны эргэх холбоо бүхий цогцолборыг аймгууд, аюулын эрсдэл өндөртэй зарим сумдад үе шаттайгаар байгуулсан байна”, “...Хөгжлийн ирээдүйтэй суурин газарт бүс нутгийн онцлог, нүүдлийн мал аж ахуйд тохирсон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн паркийг нийлүүлэлтийн сүлжээний хамт үе шаттайгаар байгуулна”, “...Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэний сүлжээний санхүүжилтийн шинэчлэлийг хийж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, нүүдлийн мал аж ахуйн өв соёлыг дэлхий нийтэд таниулсан органик мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ” гэх зэргээр заасан хэдий ч бэлчээрийн мал аж ахуйн соёлын судалгаа, шинжилгээний тухай нарийвчлан дурдсан хомс байна. Эндээс харвал, нүүдлийн мал аж ахуйн парк, малын гаралтай органик бүтээгдэхүүн зэргийг эдийн засаг, аялал жуулчлалын талаас хараад энэхүү аж ахуйн ирээдүйн тухай, дотоод зохион байгуулалт, эсвэл гаднаас нөлөөлж буй олон хүчтэй нөлөөллийн тухай харсан уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй тул түүнээс улбаалан судлах тодорхой шаардлага гарч байгаа юм.
Үүнтэй зэрэгцэн харах ёстой бодлогын баримт бичгүүд болох Монгол Улсын Их Хурлаас баталсан “Монгол мал” үндэсний хөтөлбөр (2010), МУ-ын Засгийн Газраас баталсан “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр” (2018), “Монгол малчин” үндэсний хөтөлбөр (2020) зэрэгт тусгагдсан зорилтууд нь дээрх “Алсын хараа- 2050”-д агуулгаараа багтан орсон байна.
Нөгөөтэйгүүр, эл аж ахуйг биет ба биет бус соёлын өвийн талаас судлах олон төрлийн судалгаа дутагдалтай бөгөөд тогтолцоо муутай байна. Жишээлбэл, малын тоног хэрэгслийн тухай судалгааг соёлын өвийн талаас харахад, Монгол Улсын Соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэл (ССАЖС-ын 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/41 тушаалын хавсралт)-ийн Байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг, заншил, уламжлалт арга технологи хэсэгт “Арьс шир боловсруулах уламжлалт арга”, Ардын уламжлалт гар урлал хэсэгт “Уламжлалт арьс ширэн урлал”, “Монгол эмээл хийх урлал”, “Үхэр тэрэг хийх уламжлалт технологи”-ийг багтаасан нь дэлхий нийтээр хотжилт, хэдхэн соёлын түрэлтэд уусаж, мал аж ахуйгаасаа машид хөндийрсөн буй өнөө цаг үед чухал хэдий ч тоног хэрэгслийг бүхэлд нь, нэгэн цогцолбор байдлаар авч үзэх шаардлагатайг харуулж байна.
Эдгээрээс үүдэн, монголын бэлчээрийн мал аж ахуйн судлууштай чухал асуудлуудыг уламжлал, шинэчлэлийн хүрээнд харьцуулан зангидах, ингэхдээ зөвхөн нэг талаас нь бус, “бэлчээр-мал-малчин”-ы гурвалсан талаас нь жигд судлан үзэхэд энэхүү судалгааны үндэслэл оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 89
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :