Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт (цаашид НХХО гэх) нь дэлхий дахинд өсөн нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын чухал талбар болж байна. Энэ нь урт хугацааны өрсөлдөх чадвартай санхүүгийн өгөөж ба нийгмийн эерэг нөлөөг бий болгохын тулд байгаль орчин, нийгэм, засаглал (цаашид БОНЗ гэх)-ын шалгууруудыг харгалздаг хөрөнгө оруулалт юм. Компанийн Нийгмийн Хариуцлага (цаашид КНХ гэх)-ын тодорхой стандартуудад нийцсэн буюу БОНЗ-ын сайн гүйцэтгэлтэй компаниудыг тодорхойлж, хөрөнгө оруулах үйл явц нь НХХО юм. Уг судалгааны ажилд НХХО-ын үзэл баримтлал, стратеги, түүхэн хөгжил, стратеги, өнөөгийн төлөв байдал, мөн НХХО-тай салшгүй холбоотой ойлголт болох КНХ ба тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг судлав.
НХХО-ын үндсэн стратегийн нэг нь БОНЗ-ын гүйцэтгэлийн шалгуур, үзүүлэлтийг уламжлалт хөрөнгө оруулалтын шинжилгээ, шийдвэр гаргалтад нэгтгэх явдал юм. Иймд НХХО-ын шинжилгээний хамгийн чухал асуудлын нэг болох компанийн БОНЗ-ын гүйцэтгэлийг үнэлэх арга зүйг судалж үзсэн болно. Олон улсад түгээмэл хэрэглэгдэж буй Тогтвортой байдлын тайлагналын аргачлал, стандартууд, улс орнуудын хувьцаат компаниудад зориулсан тогтвортой байдлын тайлагналын зөвлөмж, удирдамж, компанийн БОНЗ-ын гүйцэтгэлийг үнэлж, зэрэглэл тогтоодог мэргэжлийн байгууллагуудын шалгуур, үзүүлэлт, арга зүйг харьцуулан судлав.
Компанийн БОНЗ-ын гүйцэтгэлийг үнэлэх арга зүйн хувилбар боловсруулж, Монголын Хөрөнгийн Биржийн хувьцааны бүртгэлийн I,II ангилалд бүртгэлтэй хүнсний үйлдвэрлэлийн салбарын компаниудын БОНЗ-ын гүйцэтгэлийг үнэлж эрэмбэлэв. Мөн БОНЗ-ын гүйцэтгэлийн үнэлгээг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад тусгах Олон шалгуурт шийдвэр гаргалтын арга зүй санал болгов. Уг арга зүй нь урт хугацаанд үнэ цэнэ нь өсөх, тогтвортой, хариуцлагатай үйл ажиллагаа явуулах (БОНЗ-ын сайн гүйцэтгэлтэй) компанийн үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхолтой нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулагчдад ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 26
Ишлэгдсэн тоо : 0