Хүн амын хурдтай өсөлт, үйлдвэржилт, хотжилтын нөлөөгөөр усны хэрэглээ 1980-аад оноос хойш жил бүр ойролцоогоор 1 хувиар өссөн байна. Дэлхийн хүн ам 8 тэрбум хүрээд байгаагийн 25 хувь нь ундны усны хомсдолд өртөж буй бүс нутагт амьдарч байгаа бол 2030 он гэхэд хүн амын 40 хувь нь ундны усны хомсдолд орохоор байна. Ундны усны хомсдол нь хоол хүнсний гачигдал, бүс нутгийн чанартай мөргөлдөөнүүд, эдийн засгийн өсөлт удаашрах, байгаль орчны доройтол гэх мэт олон хямралын эх үүсвэр болдог тул усыг хүртээмжтэй, ухаалгаар ашиглахыг бидэнд анхааруулсаар байна.
Цэвэр усны багавтар нөөцтэй манай орны хувьд жилийн нийт усны хэрэглээ, ашиглалтын хэмжээ 400-600 сая м3, энэ нь боломжит нөөцийн 5 орчим хувь байна. 2030-2040 он гэхэд нийт усны хэрэглээ 1000-2000 сая м3/жил болж, одоогийн усны хэрэглээнээс 2-4 дахин өсөх урьдчилсан тооцоо гарсан байна. Иймд усны нөөцийн хомсдлыг бууруулах, хэмнэлтэй ашиглах томоохон арга хэмжээ бол хаягдал усыг боловсруулж, эргүүлэн ашиглах явдал юм.
Хот суурин газрын ахуйн цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний чанарт үйлдвэрүүдээс ирж байгаа бохирдол ихтэй ус ихээхэн нөлөө үзүүлдэг. Ус Сувгийн Удирдах Газраас авсан 2019 оны хаягдал усны лабораторийн шинжилгээний дүнгээс харахад хамгийн их бохирдуулагч үйлдвэрүүдийн нэгд ноос, ноолуур боловсруулах үйлдвэрийн салбар орж байна. Ноос угаах үйлдвэрүүд нь зунгаг, ноосны тос, элс шороо, ургамлын хогт хольц, угаалгын бодис, тэмдэглэгээний будаг, бактер агуулсан ашиглагдсан усыг MNS 6561:2015 стандартад нийцүүлэн цэвэрлэж Урьдчилан Цэвэрлэх Байгууламж (УЦБ) болон Төв Цэвэрлэх Байгууламж (ТЦБ) руу нийлүүлэх ёстой хэдий ч бохирдол ихтэй усыг нийлүүлснээс болж ТЦБ-ийн ачаалал нэмэгдэж, цэвэрлэгээний чанарт сөргөөр нөлөөлдөг. Олон улсад ноос угаах үйлдвэрийн бохир усыг ихэвчлэн физик-химийн аргуудын нэг коагуляц, флокуляцын аргаар цэвэрлэдэг. Энэ арга нь цэвэрлэгээний үр дүн сайтай, харьцангуй бага зардалтай, эргүүлэн ашиглах боломжтой зэрэг давуу талуудтай бөгөөд цэвэрлэх гол механизм нь бохир усан дахь сөрөг цэнэгтэй жижиг хэсгүүдийн цахилгаан статик цэнэгийг эерэг цэнэгтэй, молекул жин ихтэй ионоор саармагжуулж, нийлүүлэн том бөөгнөрөл үүсгэх явдал юм. Химийн үйлдвэрлэл сул хөгжсөн манай орны хувьд 100 хувь импортын цэвэрлэгээний бодисоор хэрэгцээгээ хангаж их хэмжээний мөнгөн урсгал гадагш урссаар байна. Иймд бид өөрийн орны нөхцөлд байгалийн эрдэс түүхий эдийг коагулянтын материал болгон ашиглах судалгааг нарийвчлан хийж, цаг алдалгүй үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь дээр дурдсан өнөөгийн хэрэгцээ шаардлага, шийдэл, ногоон хөгжлийн бодлогод нийцсэн тул энэ сэдвийг сонгон судалсан. Судалгааны ажлын явцад гадаад, дотоодын судлаачдын бүтээлүүд, практик туршлагуудтай танилцаж, олон тооны коагулянт, флокулянтыг ашиглан бохир ус цэвэрлэх туршилт судалгаа хийснээр Монгол орны нөхцөлд байгалийн эрдэс түүхий эдийг түшиглэн коагулянт гарган авч түүнийгээ “MJ-B коагулянт” гэж нэрлэсэн. Уг коагулянт нь цеолит, өөхөн чулуу, шүүлтүүрийн үнс, шохой, хужир, хөнгөнцагааны сульфат, төмрийн сульфат болон катион идэвхт полиакриламид зэргийг агуулсан холимог бөгөөд тэдгээрийн коагуляцлагдах, шингээх, идэвхжүүлэх чадварт суурилан сонгон авч хольцын оновчтой найрлагыг тогтоосон. MJ-B коагулянтаар ноос угаах үйлдвэрийн ашиглагдсан усыг цэвэрлэх оновчтой тунгийн хэмжээ болон горимын туршилт төлөвлөлтийн математик аргаар тогтоож MNS 6561:2015 стандартад нийцсэн цэвэрлэсэн усыг нэмэлт төхөөрөмж, байгууламжуудыг одоогийн технологид суурилуулах техникийн шийдлийг санал болгосноос цэвэрлэгээний түвшинг нэмэгдүүлж, эргүүлэн ашиглах боломжтой болж цэвэр усны нөөцийг хэмнэнэ гэж үзсэн. Цаашид MJ-B коагулянтыг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр байгаль орчин, нийгэм эдийн засагт олон талын эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 17
Ишлэгдсэн тоо : 0