Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Улсын <<гуравдагч хөрш>>-ийн бодлого: онолын баримтлал, орчин үеийн зангилаа асуудлын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.6 Улс төр судлал
Улсын дугаар : 4619
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : 00

Аннотаци

1990-ээд оны эхнээс Монгол Улсын гадаад бодлогод «гуравдагч хөрш», «гуравдагч хөрш»-ийн бодлогын үзэл санаа буй болж, эдүгээ тухайлсан төрийн бодлого хийгээд онол-практикийн түвшний судалгааны шинэ чиглэл болов.
Монгол Улсын хойд хөрш дэлхийд хамгийн том газар нутагтай, өмнөд хөрш нь дэлхийд хамгийн олон хүн амтай, хоёул цөмийн зэвсэгтэй, НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн байнгын гишүүд, хоёул өөр өөрийн онцлог, бие даасан бодлого, байр суурьтай, ийм хоёр том хөршийн дунд орших геополитикийн байршилтай юм. Газарзүйн байршлын энэхүү давтагдашгүй өгөгдөл нь Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын зайлшгүйг нөхцөлдүүлж байна.
Монгол Улсыг хоёр гүрний хооронд хашигдсан, буурай хөгжилтэй, бага жижиг улс, далайд гарцгүй, дэлхийн зах зээлээс алслагдсан, хөгжлийн тусламж горилогч гэх зэргээр нэрлэж, бичиж, тайлбарлаж байсан геополитикийн томъёолол үндсэндээ хуучирч байна. Монгол Улсын гадаад бодлогод нэгдүгээр хөрш гэж байхгүй, харин хоёр хөрш, «гуравдагч хөрш», Азийн улс орнууд, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, хөгжиж буй улс орнууд гэсэн чиглэлээр харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь тус улс үндэсний язгуур эрх ашгийг дээдлэсэн, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, нээлттэй, эвсэлд үл нэгдсэн, бие даасан, прагматик гадаад бодлого явуулж буйн тод илрэл гэж үзэж болохоор байна.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын тэргүүлэх, нээлттэй чиглэл нь өндөр хөгжилтэй, ардчилсан улсуудтай түншлэлийн харилцааг бүх салбарт хөгжүүлэх явдал бол дагалдах, далд чиглэл нь “зөөлөн тэнцвэржүүлэхүйн” бодлого болно. Энэ бол “гуравдагч хөрш”-ийн бодлогын гол хэв шинж юм.
«Гуравдагч хөрш»-ийн бодлогын амжилттай хэрэгжих үндэс нь Монгол Улсын хоёр хөрштэй харилцах харилцаа ба «гуравдагч хөрш»-ын хамтын ажиллагааны төвд зохист тэнцвэр хангагдсан байдал эсвэл хангагдахуйц нөхцөл бүрдсэн байдал гэж хэлж болох байна. Гэхдээ өнөөдөр Монгол Улсад дэлхийн нөлөө бүхий их гүрнүүдийн эдийн засгийн томоохон бодит ашиг сонирхол буй болсон гэж дүгнэхэд эрт байгаа болно.
Монгол Улс, “гуравдагч хөрш”-ийн хамтын ажиллагааны шалгуур нь нийт хүн төрөлхтний хамтын нийтлэг үнэт зүйлс бөгөөд уг сурвалж нь Монгол Улсын ардчилалын зүгт хийсэн ололт, газарзүйн байршил, байгалийн баялгийн шинэ үнэлгээ юм.
Олон улсын харилцаанд туйлшрах хандлага гүнзгийрч буй үед хоёр хөрш болон “гуравдагч хөрш”-тэй харилцаагаа эрсдэлгүй хөгжүүлэх явдал Монгол Улсын хувьд амин чухал болж байна.
Өнөөгийн хөгжлийн хэрэгцээ нь олон улсын харилцаа, геополитикийн үзэгдэл, үйл явцад байгалийн болон нийгмийн шинжлэх ухааны солбилцол дээр судалгаа, шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийх шаардлагатай байгааг харуулж байна. Олон улсын харилцааны үзэгдэл, үйл явцад жин нөлөө ихтэй (mass) их гүрнүүдийн гадаад бодлогын таталцлын орчинд геополитикийн оронзай-цаг хугацаа, гадаад бодлого хамтдаа муруйдаг байна.
Монгол Улсын хувьд их гүрнүүдийн дунд хүчний тэнцвэр барих бус харин ухаалаг хийгээд зөөлөн хүчинд суурилсан олон хэмжээст дипломат ажиллагаа явуулж, тэнцвэрийн хүчийг (power of balance) олох, ашиг сонирхолын тэнцвэрийг (balance of interests) барих явдал юм. Олон хэмжээст дипломаси гэдэг нь олон тулгуурт бодлогын хүрээнд геополитикийн орон зай, цаг хугацаа, таталцлын хүчний орчинд агшиж, сунах, маневр (maneuver) хийх чадамжтай ажиллагаа юм.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь монголчуудын эртнээс инагш ахуй амьдрал, ажил үйлдээ баримталсаар ирсэн “тулгын гурван чулуу” хэмээх баримтлалтай холбоотой. Өөрөөр хэлбэл «тогоо хоёроос дээш хөлтэй байж гэмээнэ сая бат тогтвортой байдаг» хэмээх монголчуудын уламжлалт арга ухаан, консерватив үзэл буюу уламжлалт үнэт зүйлээ дээдлэх үзэл санаатай уялдаатай.
Оршин тогтнохуйн гурван тулгуурт хөгжлийн баримтлалын үүднээс авч үзвэл Вестфалийн тулгуур гурван зарчим болох газар нутаг, хүн ам, засаглал, харин тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үүднээс авч үзвэл байгаль, нийгэм, эдийн засаг гэсэн гурван зарчим нь хөгжлийн үндэс болой. Тэгвэл үүнтэй агаар нэг оршин тогтнохуйн гурван тулгуур нь Монгол Улс, хоёр хөрш ба “гуравдагч хөрш” гэсэн харилцан уялдаатай гурвалжингийн тэнцвэр юм.
Монгол Улс өөрийн хүрээлэн буй геополитик, гео-эдийн засгийн орчинд «гуравдагч хөрш»-тэй болж, түүний эрхзүйн үндсийг тавьсан гэж дүгнэж болохоор байна. Нөгөө талд “гуравдагч хөрш”-үүдтэй тогтоосон харилцааны түвшин иж бүрэн түншлэлээс стратегийн түншлэлд, стратегийн түншлэлээс тусгай стратегийн түншлэл, стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд шилжилж, ахиц дэвшлийг харуулж байна.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь 2 үе шатыг дамжин хэрэгжиж байна гэж дүгнэж байгаа болно. Өнөөгийн “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хэрэгжүүлж буй геополитикийн орчин 1990-ээд оны үеийнхээс ихээхэн өөрчлөгдөв. Олон туйлт дэлхийн шинэ дэг журам төлөвших үйл явц болон “шинэ хүйтэн дайн”-ы үе шатанд хоёр хөрштэй тэнцвэртэй харьцах, Орос-Монгол-Хятадын гурвалсан хөршийн хамтын ажиллагаа, «гуравдагч хөрш»-ийн бодлогын төвд эрх ашгийн тэнцвэрийг зохист түвшинд зөв барих явдал шинээр тавигдаж байна. Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хамгийн том сорилт нь хоёр хөрш, “гуравдагч хөрш” гүрнүүдийн хоорондын геополитик, гео-эдийн засгийн сөргөлдөөн болж байна.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого бол хоёр хөршийн эсрэг чиглэсэн бодлого биш, харин хоёр хөрштэй тэнцвэртэй харилцах бодлогын логик үргэлжлэл гэж хэлж болохоор байна. Монгол Улс хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон бөгөөд урт хугацаанд найрсаг харилцаатай байх агуулгатай.
Олон улсын харилцааны онолын үүднээс авч үзвэл гадаад бодлогын хатуу хүчний чиг шугам нь хүчний тэнцвэр, тогтоон барих хүчинд суурилсан олон улсын харилцааны реалист онолын дэг сургуульд хамаардаг.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого бол зөөлөн тэнцвэржүүлэх хийгээд зөөлөн хүчний бодлого бөгөөд үндэслэл нь ухаалаг тэнцвэрийн хүчинд суурилсан ашиг сонирхлын тэнцвэр болно. «Гуравдагч хөрш»-ийн бодлого нь ашиг сонирхолын тэнцвэрт суурилсан ухаалаг тэнцвэрийн хүч мөний учир олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн эрхзүйн зарчим, хэм хэмжээг чиг баримтлал болгодог (хүлээн зөвшөөрдөг гэж хэл болно) олон улсын харилцааны идеалист онолын дэг сургуульд дөхөж очихоор, түүнд хамааруулж болох магадлалтай.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого бол үндэсний хөгжил дэвшлийг хангах, технологи, инноваци нэвтрүүлэх, ажлын байрыг шинээр буй болгох, иргэдийн амьдралын чанарыг хэлбэрэлтгүй дээшлүүлэх бодлого юм. Хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт тавигдаж буй өнөө үед бага жижиг улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшил гадаад эдийн засгийн харилцаа, түүнээс гарах үр өгөөжтэй амин холбоотой. Тиймээс дижиталчлалын эрин үед бизнесийн загвараа шинээр угсрах явдал чухал болов. Дижитал технологийг уул уурхай, ХАА-н салбарт хурдацтай нэвтрүүлэх нь хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж, үр ашиг, өгөөжийг нэмэгдүүнэ. Эдүгээ “гуравдагч хөрш”-тэй тогтоосон хамтын ажиллагаа эдийн засгийн шинэ агуулгаар баяжин урагшлан хөгжиж байна.
Монгол Улс үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломатын аргаар хангахаас гадна эдийн засгийн аргаар хангах явдал чухал болно. Тиймээс хөгжингүй, ардчилсан орнуудын нэгд, мөнгө санхүү, хоёрт, технологи, инноваци, гуравт, хүний нөөц, дөрөвт, менежмент, тавд, маркетинг нэн чухал болно. Хамтран ажиллаж, хамтаар хожих (win-win), хамтдаа ашиг хүртэх зарчим нь үйл ажиллагааны үндэс юм. Үүнийг “зөөлөн тэнцвэржүүлэхүй” хэмээн тэмдэглэж байгаа юм.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулах, ардчилал, сайн засаглалыг төгөлдөршүүлэх чиглэлд хамтран ажиллах, харилцан суралцахуйн бодлого юм.
Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлого нь ХХ зууны туршид Монголын тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн төлөө явуулсан тэмцлийн түүхэн сургамж, туршлагатай нягт холбогдож байна.
Гол нь гадаад хүчин зүйлээс шалтгаалж, монголчуудын тусгаар тогтнолоо олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх хүчин чармайлт ХХ зууны туршид үргэлжилсэн билээ. Учир шалтгааны уг сурвалж нь Алс Дорнод дахь олон улсын харилцааны өрнөлт, Монгол Улсын газарзүйн байршил, их гүрнүүдийн геополитиктой шууд нөхцөлдөж байсантай холбоотой байв. Туурга тусгаар бүрэн эрхт Монгол Улсын Өмнөд хөрштэй харилцаагаа тогтоон хөгжүүлэх үйл явц ялангуяа тус улсын XX зууны тэргүүн хагасын гадаад харилцаа, дипломатын түүхэн дэх хамгийн ярвиг түвэгтэй асуудал байв. Үүнд саад болж байсан хүчин зүйлүүдийн гол учир нь Монгол-Оросын харилцаан дахь Хятад, Орос-Хятадын харилцаан дахь Монгол, Монгол-Хятадын харилцаан дахь Орос гэгчлэн харилцан хамааралтай боловч, ялгаатай эрх ашиг, сонирхол хосолсон “стратегийн гурвалжин” бий болсон явдал юм.
Энэхүү эрх ашиг, сонирхол нь нэгд, хэзээ ч Хятадын бүрэлдэхүүн хэсэг байгаагүй туурга тусгаар Монгол Улсын хууль ёсны бүрэн эрхт байр суурь, хоёрт, Монголыг халхавч, бамбай байлгах гэсэн Хаант Орос, дараа нь ЗСБНХУ-ын баримталж ирсэн өвөрмөц геополитик, гуравт, Монголыг Хятадын салшгүй хэсэг гэж үзэж байсан Өмнөд хөршийн илэрхий бусармаг байр суурь, явуулга байв. Энэхүү гурвалжинд Японы хүчин зүйл тодорхой байр суурь эзэлж байсан. Дурдсан гурвалжинд нөлөө үзүүлж байсан голлох оролцогч нь АНУ байжээ. Холбоотон гурван гүрнийн Ялтын бага хурлын үеэр байгуулагдсан болзолт хэлэлцээрт заасан БНМАУ-ын status quo”-г их гүрнүүд хүлээн зөвшөөрсөн заалтыг Дунд иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх хэрэгт АНУ шийдвэрлэх нөлөө үзүүлсэн байна.
Монгол Улсын гадаад бодлогын үндсэн хэв шинж болох хоёр хөрштэй тэнцвэртэй харьцах бодлого, «гуравдагч хөрш»-ийн бодлого, гурвалсан хөршийн хамтын ажиллагаа, олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус нь тус тусдаа бие даасан бодлого биш, харин тэдгээр нь хоорондоо харилцан хамааралтай, шүтэн барилдлагатай байх ёстой.
Монгол Улсын хувь заяа, үндэсний аюулгүй байдал, хөгжил дэвшил зөвхөн хоёр хөршөөс хамаарч нөхцөлдөж байх бус, мөн дэлхийн нөлөө бүхий хөгжингүй, ардчилсан улс гүрнүүдийн геополитик, гео-эдийн засаг, стратегийн сонирхол, оролцоо, нөлөө хамаарлаас давхар шалтгаалж байх улс төр, худалдаа-эдийн засаг, эрхзүйн орчинг бүрдүүлэхэд дээрхийн шүтэн барилдлагын утга чанар оршино. Монгол Улсын дээрх цогц бодлого бол газарзүйн онцлог байршилтай уялдан, их гүрнүүдийн дунд хүчний зохистой зөөлөн тэнцвэрийг барьж, үндэсний аюулгүй байдлаа улс төр-дипломат болон эдийн засгийн аргаар цогц хангах Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгаас шууд урган гарсан геополитик, гео-эдийн засгийн бодлого мөн. Нөгөө талд хоёр хөршөөс Монголын тухайд явуулж буй гео-эдийн засгийн бодлого нь «гуравдагч хөрш»-ийн эрх ашгийг ямар нэг хэмжээгээр давхар хөндөж байх явдал болов уу.
Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь өргөн утгаараа бага жижиг улсаас олон улсын энхтайван, аюулгүй байдлыг сахин хангах хэрэгт оруулж буй хувь нэмрийн тодорхой загвар юм.
Цар тахлын үр дагаварын эсрэг хариу арга хэмжээ, геополитикийн шинэ нөхцөл байдлын үе шатанд ерөнхийлөгчийн институц, хууль тогтоох дээд байгууллага, гүйцэтгэх засаглал нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгалсан тэнцвэртэй “нэг цонх”-ны гадаад бодлого явуулж буй нь “гуравдагч хөрш”-ийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэх чухал нөхцөл болж байна.
Эцэст нь, бусад улс гүрнүүдийн санаачлан хэрэгжүүлж байсан тухайлсан чиг бодлогыг харахад эхлэл, үйл явц, төгсгөл гэсэн үе шатуудыг дамжсан байдаг. Монгол
Улсын хувьд «гуравдагч хөрш»-бодлогыг хэрэгжүүлээд, үр дүнг нь нэгтгэн дүгнээд “хавтаст хэрэг”-ийг нь хаачихад нэн учир дутагдалтай. Монгол Улс хоёр хөрштэйгээ мөнхөд хаяа дэрлэн орших нь тодорхой. Одоогийн үйл явцыг ажиглавал Монгол Улсын «гуравдагч хөрш»-ийн бодлого нь урт удаан хугацаанд баримтлах стратегийн зорилт байх тул залгамж шинжтэй байх ёстой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 74

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 255
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :