Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Соёлын үл хөдлөх өвийг хадгалж, хамгаалам төрийн бодлого, түүний хэрэгжилтэд хийсэн судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4623
Хамгаалсан он : 2023
Түлхүүр үг : эрх зүй, өв, хадгалах, хамгаалах

Аннотаци

Судалгааны объект. Улс, аймаг, сумын хамгаалалтын зэрэглэлтэй соёлын үл хөдлөх өв, түүх соёлын үл хөдлөх дурсгалын Улсын соёлын өвийн бүртгэл мэдээллийн сан (RICH, monrich), үл хөдлөх өвийг хамгаалах эрх зүйн орчны баримт бичиг.
Судалгааны ажлын зорилго: Монгол Улсын нутаг дэвсгэрт орших соёлын үл хөдлөх өвийг хадгалж хамгаалах төрийн бодлого түүний хэрэгжилтийг судлах, дүгнэлт гаргах
Судалгааны ажлын зорилт:
1.Соёлын үл хөдлөх өвийн нийгэм-соёлын соёлын хөгжилд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг тодруулах;

2. Соёлын үл хөдлөх өвий хадгалж хамгаалах төрийн бодлогын эрх зүйн хөгжлийн үе шат, олон улсын туршлагыг судлах;

3. Соёлын үл хөдлөх өвийг хадгалж хамгаалах бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулж, хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдалд үнэлгээ өгөх;

4. Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших соёлын үл хөдлөх өвийн төрөл зүйлийг хадгалж хамгаалах төрийн бодлого, түүний хэрэгжилтийг судлах.
Судалгааны ажлын шинэлэг тал: Соёлын үл хөдлөх өвийг оюуны болон эдийн гэсэн соёлын хосмолжин (бинари) чанарт судалсанд оршино.
Судалгааны ажлын шинжлэх ухааны ач холбогдол: Монгол улсын газар нутагт орших үл хөдлөх өв дэх “үнэлэмж”, “үнэ цэн”, “үнэт зүйл”-ийн асуудлыг тавьсан.
Судалгааны ажлын практик ач холбогдол:
1. Өвөрхангай аймагт соёлын үл хөдлөх өвийг хадгалж хамгаалахад хэрэгжүүлсэн “сайн туршлага”-ыг эрдэмтэн судлаачид, оюутнууд, мэргэжил нэгтнүүд судалгаа, бүтээл, үйл ажиллагаандаа ашиглах;

2. Энэхүү судалгааны ажлыг соёл судлал, соёлын өвийн хадгалалт хамгаалалтын чиглэлээр суралцагчдын сургалтын хөтөлбөрт болон бакалавр, магистр, докторын оюутнууд судалгаандаа ашиглах;

3. Соёлын үл хөдлөх өвийг хамгаалах төрийн бодлого түүний хэрэгжилтийг нэг цул бус тусад нь, эсвэл зэрэгцүүлж үзэх туршлага нэвтрүүлэх;

4. Өвөрхангай аймгийн соёлын үл хөдлөх өвийг дагасан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд;

5. Өвөрхангай аймгийн соёлын үл хөдлөх өвийг дагасан аман соёлыг өвлүүлэн уламжлуулах.
Судалгааны ажлын арга зүй: Судалгааны ажилдаа шинжлэх ухааны түүхэн, эволюц, синтез, дедукц, индукц, асуулга, анкет, ярилцлага, хээрийн судалгаа, дескриптив, императив, бүтэц үүргийн, харьцуулсан, нэгтгэн дүгнэх, задлан шинжлэх гэх мэт судалгааны арга зүй ашигласан.
Соёлын өв хүмүүний олон талт бүтээлч оюуны, бие хүчний хамсарсан ажиллагааны үр дүнд бүтдэг тул хосмолжин (бинар) шинж чанартай. Хүн төрөлхтний өдгөөг хүртэл бүтээсэн соёлын үл хөдлөх өвийн үнэ цэнэ (value) тухайн өвд суулгасан утга агуулга, ач холбогдол, бүтээх ур ухаан, хийцийг судалсан байдал, тухайн газартаа үүсгэж буй соёлын орон зай зэргээсээ шалтгаална. 1. Нийгэм-соёлын хөгжилд соёлын үл хөдлөх өвийн гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг судлах зорилтын хүрээнд соёлын үл хөдлөх өвийг бүтээгч, хамгаалах үндсэн субъект нь хүн гэж үзсэн. Германы философич Э.Фроммын “Id”, “ego”, “super ego” гурвалсан харилцааг өөрийн судалгааны ажилдаа: Байгалийг “Id”, хүнийг “ego” гэвэл өв “supper ego” болно, хэрвээ өвийг “Id” гэвэл байгаль “ego”, харин хүн бүтээлч санаа, үйлдэлтэй тул “supper ego” болно. Өвийг “supper ego” гэвэл, хүн “ego”, байгаль “Id” болох буюу судалгааны ажил маань бүхэлдээ хүмүүний өвийг хамгаалах бүтээлч үйл ажиллагааг бодлогоор удирдаж чиглүүлэх гэсэн агуулгатай болохоор байна.
2. Соёлын үл хөдлөх өвийн талаарх төрийн бодлогын эрх зүйн баримт бичгийн чиг хандлага, өвийг хадгалж хамгаалах олон улсын туршлагыг судлах зорилтын хүрээнд:
-Манай улсад соёлын үл хөдлөх өвийг хамгаалах төрөөс баримтлах бодлого, төрийн бодлогын хэрэгжилтийг тусад нь авч үзэх, бодлого болон хэрэгжилтийн харилцан хамаарлыг судлах саналыг дэвшүүлсэн. ЮНЕСКО-оос соёлын өвийг хамгаалах чиглэлд 7 конвенц, нэг хөтөлбөр баталсан байгаа. Хамгаалалтын тогтолцооны чиглэлүүдийн түвшин аймгуудад адилгүй байхад нэгдсэн шийдвэрээр хэрэгжилтийг хангуулдаг зэрэг нь соёлын өвийг хамгаалах бодлогын орчин нөхцөл болж чадахгүйд хүргэсэн гэж үзэж байна.
Соёлын үл хөдлөх өвийг хамгаалах олон улсын эрх зүй, бодлогын зорилтоос харахад соёлын үл хөдлөх өвийг олон нийтийн оролцоотой хамгаалах, төсөл хөтөлбөрүүдийг нээлттэй хэрэгжүүлэх, соёлын өвийг хамгаалах шинжлэх ухааныг тухайн улсын бодлогоор авч явж дэмжиж байгаа нь манай улсын бодлогоос ялгаатай байна. Соёлын үл хөдлөх өвийг хадгалж хамгаалах бодлогын хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлийг тодруулж, хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдалд үнэлгээ өгөх гэсэн зорилтын дүгнэлт нь:
-Соёлын үл хөдлөх өвийг өндөр эрсдэлд байгалийн давагдашгүй хүчин зүйл, нөгөө нь хүний буруутай үйл ажиллагаа нөлөөлдөг. Соёлын өвийг хамгаалах тогтолцоог чанаржуулж нэг түвшин ахиулахад соёлын өвийг хамгаалах хүний нөөц, хамгаалалтын зардал, хуулийн хэрэгжилт, хяналтыг сайжруулах шаардлагатай байна. Соёлын өвийг хамгаалах бодлого болон түүний хэрэгжилтийн зохилдлогыг (гармония) хангаж чадвал энэ нь байгаль, хүний буруутай үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг бууруулах хүчин зүйл нь болж чадна гэж үзлээ.
Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт орших соёлын үл хөдлөх өвийн төрөл зүйлүүдийг хадгалж хамгаалж ирсэн төрийн бодлого, түүний хэрэгжилтийг судлах зорилт тавиад дараах дүгнэлтэд хүрсэн. Үүнд:
-Соёлын үл хөдлөх өвийг хамгаалах чиглэлд манай улс дунд хугацааны хоёр үе шаттай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн зорилтот үйл ажиллагаанд Өвөрхангай аймгийн соёлын үл хөдлөх өвийг сэргээн засварлах арга хэмжээ багтаагүй.
-Соёлын үл хөдлөх өвийг хамгаалах төрийн чиг үүргийг орон нутаг өөрийн онцлог, нөөц чадамждаа тулгуурлан хэрэгжүүлж байна. Соёлын үл хөдлөх өвийг хамгаалах төрөөс баримтлах бодлого шийдвэрийг орон нутгийн бодлогын баримт бичигт тусгаж, хэрэгжүүлэх ажил, арга хэмжээг төлөвлөхдөө орон нутгийн ард иргэдийн оролцоог аль болох өргөн байлгаж байж орон нутгийн өв болон байгалийн дүр төрхийг унаган төрхөөр нь хадгалж хамгаалах юм байна гэдгийг, соёлын үл хөдлөх өвийг хүсэн хүсээгүй үзэхээр ирж байгаа гадаад дотоодын аялагчдыг өв сүйтгэгч бус, хамгаалагч болгох буюу үл хөдлөх өвийг хамгаалах ашиглалтын менежментийг хөгжүүлэх гэсэн арга замуудыг цаашид чухалчлах нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 14

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 150
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :