Судлаач миний бие энэхүү судалгааны ажлаараа хүүхдийн эрхийн боловсролын талаарх онол, үзэл баримтлал, чиг хандлагыг судлаад, хүүхдийн эрхийн боловсролын бодлого, эрх зүйн орчин, үйл ажиллагааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, хүүхдийн эрхийн боловсрол олгоход багш, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааны загвар боловсруулж туршин судалж, үр дүнг задлан шинжилж, нэгтгэн дүгнэсэн.
“Хүүхдийн эрхийн боловсролын агуулга, үзэл баримтлал, хөгжлийн хандлага” хэмээх нэгдүгээр бүлэгт судалгааны үндсэн ухагдахуун болох хүний эрх, хүүхдийн эрхийн боловсролын агуулга, онол, үзэл баримтлал, мөн чанар, онцлогийг олон улсын баримт бичиг, судалгааны эх сурвалжуудад тулгуурлан тайлбарласан. Мөн түүнчлэн ХIX-р зуун дахь хүний эрхийн боловсролын хөгжлийн талаарх эрдэмтэн судлаачдын онолын үзэл баримтлалыг судлан шинжилгээ хийв. Нэгдүгээр бүлгийн гуравдугаар хэсэгт ЕБС-ийн орчны хүүхдийн эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн. Судалгааг баримт бичигт анализ хийж, холбогдох субьектүүдээс асуулга, сурагчдаас бүлгийн ярилцлага хийж үр дүнг нь тооцсон. Судлаач барилга байгууламж, тоног төхөөрөмжөөр материаллаг нөхцөлийг, сургуулийн орчин дахь нийгэм сэтгэл зүйн нөхцөлийг сургууль завсардалтын ойлголт төсөөллөөр, байгууллагын орчныг өөрөө удирдах институцын үйл ажиллагаагаар гэсэн үзүүлэлтээр судалсан. Судалгааны үр дүнг хүүхдийн эрх хэрэгжихэд хэрхэн нөлөөлж болох талаас дүгнэсэн.
Судалгааны ажлын цөм хэсэг болох судлаачийн зүгээс хүүхдийн эрхийн боловсролыг олгох багш, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааны загварыг боловсруулж, туршин, үр дүнг нь тооцсон явдал юм. Уг загварыг сургуулийн орчинд хэрэгжүүлбэл хүүхдэд ээлтэй сургуулийн орчин нөхцөл бүрэлдэнэ, хүүхдийн эрхийн үзэл санааны хэрэгжилтэд эерэг өөрчлөлтийг бий болгоно гэсэн таамаглалыг дэвшүүлсэн.
“Туршилт судалгаа, үр дүн” хэмээх хоёрдугаар бүлэгт сонирхолын бүлгүүдийн хамтын ажиллагааг олон улсад богино хугацаанд хамгийн үр дүнтэйгээр шийдсэн, 5 орны сайн туршлагыг үндсэн 4 шалгуураар харьцуулан судалж, түүнд түшиглэн хамтын ажиллагааны загварыг боловсруулсан. Туршилт судалгаанд үндэслэн Нэг, Хүүхдийн оролцоог бий болгох, Хоёр, Багш, суралцагчдын оролцоог дэмжсэн сургуулийн менежментийн системийг бий болгох, Гурав, Эцэг эх, гэр бүл, сургууль, олон нийтийн хооронд зохистой хамтын ажиллагааг бий болгох, Дөрөв, Сургуулийн орчныг сайжруулах гэсэн дөрвөн элмент бүхий хамтын ажиллагааны загварыг боловсруулан туршсан. Хүүхдийн эрхийн боловсрол олгох хамтын ажиллагааны загварыг боловсруулан дараах үе шаттайгаар туршсан болно. Үүнд:
I үе шат: Улаанбаатар хотын Хан-Уул, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Налайх дүүрэг, Хөвсгөл аймаг, Дорнод аймгийн нийт 10 сургуульд өмнөх ЕБС-ийн орчны судалгааны үр дүнг сайжруулах зорилгоор хүүхдийн эрхийн боловсрол олгох багш, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааны загварыг туршихаар төлөвлөсөн.
II үе шат: Загварыг туршихад баримтлах шалгууруудыг тодорхойлж, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлж, үр дүнг тодорхойлсон.
III үе шат: Тухайн сургуулиуд дээр хамтын ажиллагааны загварыг хэрэгжүүлсэнээр хүрэхээр төлөвлөсөн үр дүндээ хүрч чадсан эсэхээ хүүхдийн эрхийн боловсрол олгох хамтын ажиллагааны загвар туршсан, туршаагүй сургуулиудын хүүхэд, эцэг эх, багш, сургуулийн удирдлагын төлөөлөл болгон нийт 537 хүнээс судалгаа авч өөрийн үнэлгээг 2015 онд хийв. Туршилтын үр дүнд:
1)Хамтын ажиллагааны загвар хэрэгжсэн сургуулийн хүүхдүүдийн оролцох эрхийг хангах бодлогын хэрэгжилт 73,5 хувьтай болсон байна.
2)Сургуулийн хүүхдэд ээлтэй байдлыг хүүхэд, багш, эцэг, эхчүүдийн өгсөн судалгааны дүнг нэгтгэн үнэлэхэд
53.0 хувьтай байна. Энэ нь хангалттай сайн биш боловч боломжийн хэмжээнд хүрсэн байна гэж үзэж болохоор байна.
3)Эндээс дүгнэн үзвэл төсөл хэрэгжсэнээр сургуулиуд 50-иас дээш хувьтай болж багш, эцэг, эх, хүүхдүүдийн хандлага өөрчлөгдөж байна.
Мөн сургууль, эцэг эхийн хамтын ажиллагаанд тулгамдсан асуудлыг гурван бүлэг хуваан (сургууль, эцэг эх, бусад) гэж тодорхойлсон нь практикийн ач холбогдолтой бөгөөд энэхүү хүүхдийн эрхийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны загварыг бусад сургуулиудад турших, хэрэгжүүлэх бүрэн бололцоотой.
Судалгааны ажлын үр дүнд сонгон мэргэшүүлэх хичээлийн хүрээнд “Хүүхдийн эрхийн боловсрол” хичээлийн хөтөлбөр, гарын авлага, сургалтын хэрэглэгдэхүүнийг боловсруулж сургалтанд нэвтрүүлсэн.
ЕБС-ийн орчинд хүүхдийн эрхийн боловсролын үзэл санааг хэрэгжүүлэх, энэ зорилгод багш, эцэг эх, олон нийтийн хамтын ажиллагааг чиглүүлэх нь сургуулийг хүүхдэд ээлтэй орчин болгон хөгжүүлэх чухал арга зам болох нь судалгааны үр дүнд нотлогдож байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0