Энэхүү судалгааны ажлын хүрээнд хөөмийлөхүй, хайлахуйн үүсэл, түүхэн хөгжил төрөл зүйлийн онцлог, харилцан хамаарлыг судлахад оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
1. Монгол хөөмий, туулийн төрөл зүйл үүсэж хөгжих байгаль, нийгэм, түүх, соёлын орчны нөлөө;
2. Хөөмийлөхүйн түүхэн хөгжил, үечлэл;
3. Хөөмийлөхүйн төрөл зүйлийн онцлог;
4. Хайлахуйн төрөл зүйлийн онцлог;
5. Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан хамаарлыг судлах зэрэг болно.
Нүүдэлчин монголчуудын соёл, урлагийн нэгэн өвөрмөц хэл бол тууль хайлах, хөөмий хөөмийлөх урлаг бөгөөд тууль, хөөмий хэмээх урлагийн төрлүүд үүсэж хөгжих, уламжлагдан орших ахуй орчин бол нүүдэлчин хүмүүний хайлах, хөөмийлөх үйл мөн хэмээн үзэж энэхүү судалгааг хийсэн болно.
Диссертацийн судалгааны энэ концепцийг “Ухаан бүхэн урлахуйн ухаанд багтана” гэх дорнын гүн ухааны үзэл баримтлалд тулгуурласан болно. Хайлахуй, хөөмийлөхүй нь урлахуйн эрхмийн түвшний үйл бөгөөд нүүдэлчин хүмүүний бие-хэл-сэтгэхүйн цогц үйл болж бүтээгдсэн монгол соёлын биет бус өв билээ. Хайлахуй, хөөмийлөхүй байгалийн шууд эрхшээл дор амьдарч, байгаль ертөнцийг амьшуулан сэтгэдэг нүүдэлчин монголчуудын соёл сэтгэлгээний илрэл, эгэлийн болон эрхмийн түвшинд бүтээгдсэн хос тогтолцоот үзэгдэл мөн.
Судалгааг дорнын гүн ухааны Данжуурын Урлахуйн аймаг, Мэргэд гарахын орон болон өрнөдийн шинжлэх ухааны дуурайхуй, тоглохуйн онол, тэмдэг зүй, бэлгэдэл зүйн онолын суурь зарчмуудад түшиглэв.
Хөөмийлөхүй, хайлахуйн үүсэл, гарвалийг эртний Грекийн философич Платон, Аристотель нарын дэвшүүлсэн “Дуурайхуйн онол” (Mimetic Theory), И.Хейзингагийн “Тоглох онол” (Theory of play)-ын үүднээс анализ, синтез, индукц, харьцуулан шинжлэх ерөнхий аргуудыг тус тус хэрэглэсэн болно. И.Хейзингагийн “Тоглох онол”-доо хүн төрөлхтний соёлын үүсэл, хөгжилд тоглоом чухал үүрэгтэйг онцлоод, тоглож наадах нь соёлыг бүтээхүйн хүчин зүйл гэж үзсэн. Сэдэвт холбогдох онол, түүхийн судалгааны бүтээл болон баримтуудыг ашиглав. Үүнд: Хөөмий, тууль судлалаар гадаад, дотоодод хэвлэгдсэн суурь судалгааны бүтээлүүд, Монголын Үндэсний төв архивын баримт, Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл мэдээллийн сан, МҮОНРТ-ийн Алтан сан хөмрөгт хадгалагдаж буй бүтээлүүд, хээрийн судалгааны материалууд, хувийн цуглуулга, судалгааны сан дахь ярилцлага, бичлэгүүд, холбогдох эрх зүйн баримт бичиг зэрэг болно.
Тус судалгааны ажлын шинжлэх ухааны ач холбогдол нь: Хөөмийлөхүй, хайлахуйн бэлгэдэл, шүтэлцээ, төрөл зүйлийн ангиллыг цогц байдлаар шинжлэн монгол соёлын бэлгэдэл зүйн судалгааны хөгжил болон ижил төсөөтэй соёлын өвийн харьцуулсан судалгааны арга зүйн баримтлалд хувь нэмэр оруулахад оршиж байна. Тууль хайлах, хөөмий хөөмийлөх нь өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй хэмээн таамаглаж байгаа бөгөөд эдгээрийн харилцан хамаарал, хоорондын уялдаа холбоог баруун монголын баатарлагийн туульд суурилан ая эгшиглэгээний дуугаралтын арга техник, онцлогийг зан үйл, утга бэлгэдлийн харилцан шүтэлцээнд судалсан нь ихээхэн шинжлэх ухааны ач холбогдолтой хэмээн үзэж байна.
Хайлахуй болон хөөмийлөхүй нь аман аргаар илэрхийлэгдэхийн хувьд ихээхэн төсөөтэй бөгөөд үүсэл гарал, агуулга хийгээд утга бэлгэдэл, дуугаралтын арга барил цаашлаад тоглолтын ур авьяасын үүднээс өөр хоорондоо харилцан уялдаж оршдог онцлогтой. Монгол тууль, хөөмий нь үүссэн цаг хугацааны хувьд тодорхойгүй, он цагийн уртад амнаас ам дамжин, хүмүүний билиг оюун, ой ухаанд боловсорч, бүтээгдэн баяжиж, аман аргаар уламжлагдан эдүгээ энэ цаг үед өвлөгдөн иржээ. Тууль, хөөмий нь монголчуудын байгальтай харилцах арга ухаан, ахуйн соёл, амьдралын хэвшил, онцлогуудаас урган гарсан ертөнцийг үзэх үзэл, оюун санаа, бэлгэдэлт сэтгэлгээ, гоо сайхны гүн гүнзгийн илэрхийлэл юм. Тэрхүү илэрхийлэл нь аман хэлбэрээр буюу үг, аялгуугаар болон үг аялгууны хосолмол байдлаар илэрч байдаг онцлогтой.
Монгол тууль, хөөмийн үүсэл хөгжил хийгээд тэдгээрийн түүхэн уламжлалаас ажиглан үзэхэд, эдгээр нь өөр хоорондоо уялдан оршихын зэрэгцээ, харилцан бие биеэ утгажуулан баяжиж ирсэн онцлогтой. Бидний судалгаанд хамрагдсан туульч, хөөмийчдийн төлөөлөл, тэдний дунд хийсэн аман сурвалж судалгаанаас ажиглахад хайлахуй, хөөмийлөхүй нь гадаад болон дотоод хүчин зүйлсийн үүднээс өөр хоорондоо ихээхэн харилцан шүтэлцэж байгаа нь ажиглагдаж байна. Үүнд нэгдүгээрт: хайлахуй, хөөмийлөхүйн соёлын үйл явц үүсэн бүрэлдсэн орчин нөхцөл, газар нутаг, байгаль орчны байдал ихээхэн нөлөөтэй байна. Хоёрдугаарт: хайлахуй, хөөмийлөхүйн зан үйл, сүсэг бишрэлийн онцлог, утга бэлгэдлийн холбоо хамаарал, дуугаралт зэрэг нь хооронд ихээхэн шүтэлцээтэй оршдог онцлогтой байна
Хайлахуй бол туулийг амилуулах үйл, чадвар, хөөмийлөхүй бол хөөмийг аялгуулах үйл, чадвар юм. Гэвч нөгөө талаас нь үзэхэд туулийн шүлэг, яруу найраг нь цаасан дээр бууж бичигдэн үлддэг онцлогтой. Харин хөөмийнд үг, яриа, текст гэж үгүй учир зөвхөн түүний оршин буйгаас хамаарах онцлогтой байна. Хайлахуй, хөөмийлөхүй нь урлахуйн ухааны бие, хэл, сэтгэлийн эрхмийн чанарын үйл болохын хувьд язгуур шинжээрээ хүйн холбоотой юм. Хайлахуй гэдэг нь туульчийн дотоод сэтгэл, онгод, ертөнцийг үзэх үзлээс илрэн гарах шүлэглэг, хөгжимлөг шинжүүдийг агуулсан аман билгийн соёлын хэлбэр юм. Хөөмийлөхүй гэдэг нь байгаль дэлхийгээс, онгод, билэг авьяасаа цогцлуулсан хөөмийчийн ур чадварт дулдуйдан оршиж байдаг монголчуудын язгуурын хөгжим, ая эгшиг бүхий өгүүлэхүйн эрхтний шүтэлцээт урлаг юм. Хайлахуй нь түүхэн мэдээллийг үгээр, хөөмийлөхүй нь ая аялгуугаар илэрхийлдгээрээ онцлог байна.
Хайлахуй, хөөмийлөхүй нь зан үйл, утга бэлгэдлийн нарийн нийлэмжид орших соёлын үзэгдэл юм. Хайлахуй, хөөмийлөхүй нь зан үйлийн тогтсон дэг ёс, зан үйл, хорио цээр, сүсэг бишрэлийн цогц хэв шинжийг бүрдүүлсэн монголчуудын шүтлэгийн эртний хэлбэр юм. Хайлахуй, хөөмийлөхүй нь дангаараа болон харилцан бие биеэ утгажуулан монголчуудын урлаг, гоо сайхан, оюун сэтгэлгээ, таашаал мэдрэмжийн илэрхийлэл, утга бэлгэдлийн цогц бүрдэл болж байна. Түүнчлэн хайлахуй, хөөмийлөхүйн үйл нь гарал үүслийн хувьд харилцан хамааралтай үүсэн хөгжиж, улмаар өөр хоорондоо уялдан монголчуудын зан заншил, зан үйл, утга бэлгэдэл сүсэг бишрэл, ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүй, гоо сайхан, урлагийн таашаал, мэдрэмжийн илрэл, соёлын цогц илэрхийлэл, үзэгдэл болон хөгжиж ирсэн байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 20
Ишлэгдсэн тоо : 0