Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.5 Хууль
Улсын дугаар : 4809
Хамгаалсан он : 2024
Түлхүүр үг :

Аннотаци

Монгол Улсад 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдагдснаар “төрийн байгууллага хууль дээдлэх, хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх хүний эрхийн гол зарчим болон шүүх эрх мэдлийн тухай Үндсэн хуулийн заалтууд нь захиргааны хэргийн шүүх байгуулах, түүний зохион байгуулалт, үйл ажиллагааны үндэс нь болсон” юм.
Төрийн захиргааны байгууллага хууль хэрэгжүүлэх явцдаа хүний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн шийдвэр гаргавал түүнийг арилгуулах, “засаг захиргааны дураар аашлах явдлаас хүний эрх, ашиг сонирхолыг хамгаалах” нь захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилго мөн. Иймд УИХ-аас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай, Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хуулийг баталж, 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс Захиргааны хэргийн шүүх үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ингэснээр Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх хууль зүйн баталгаа захиргааны эрх зүйн төвшинд хэлбэржиж бүрдсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн нь “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” бөгөөд “шүүхийг... захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулна” гэсэн нь “Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй” хэмээсэн НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл баримтлалаас улбаатай юм.
Хөдөлмөрийн баатар, доктор, профессор Б.Чимид захиргааны шүүхийн гол онцлогийг “Төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хууль дээдлэх зарчмыг баримталж байна уу, үгүй юу гэдгийг захиргааны хэргийн шүүх хянаж, шалган тогтоож, гажуудлыг арилгаж байх ёстой” гэж оновчтой тодорхойлжээ.
Манай улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдснаас хойш шүүхэд зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан иргэн, хуулийн этгээдийн тоо тогтмол өсөж, цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Монгол улсад анх захиргааны хэргийн шүүх байгуулагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлсэн 2004 онд 145 хэрэг шийдвэрлэгдсэн бол 2023 онд 2371 хэрэг шийдвэрлэгдсэн нь үүнийг нотлон харуулж байна.
Хуулийн хүчин төгөлдөр болсон захиргааны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчоос гадна шийдвэрийн биелэлтэд хамааралтай захиргааны байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд Монгол Улсын нутаг дэвсгэрт заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх нь хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг төр, захиргааны байгууллага, албан тушаалтан зэрэг бусад этгээдийн зүгээс өөрчлөх, хүчингүй болгох эрхгүй байх, шүүхийн шийдвэрийг зөрчсөн ямар нэгэн шийдвэр гаргахгүй байх явдлаар тодорхойлогдоно.
Захиргааны шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч этгээд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан гүйцэтгэдэг.
Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг бодит биелэлтийг судлан үзвэл дунджаар 50 орчим хувьтай, мөнгөн дүнгийн биелэлт 20 гаруй хувьтай буюу 2022 оны жилийн эцсийн байдлааар хооронд 2441 гүйцэтгэх хуудасны
60.
925.
550.3000 (жаран тэрбум) төгрөгийн шийдвэр биелүүлэхээс 1090 гүйцэтгэх хуудасны
7.
686.
432.8000 (долоон тэрбум) төгрөг буюу гүйцэтгэх хуудасны
44.7% мөнгөн дүнгийн
12.6 хувийг гүйцэтгэсэн байгаа нь захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагааны биелэлт хангалтгүй байна.
Дээрхээс харахад захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн биелэлтийг нарийвчилсан судалж үзэх, захиргааны шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа шалтгааныг тогтоох, тулгамдсан ямар асуудлууд буйг илрүүлж, шийдвэрлэх арга замыг боловсруулах зайлшгүй шаардлага үүсээд байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын өнөөгийн тогтолцоо, эрх зүйн зохицуулалтын талаар сүүлийн үед хуульч, судлаач, эрдэмтдийн дунд маргаан, мэтгэлцээн өрнөх болсныг тэдний бичиж нийтлүүлсэн ном, бүтээл, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүллээс харж болно. Тогтолцооны талаарх хуульч, судлаачдын үзэл бодлыг дүгнэвэл дараах 3 хэсэгт хувааж болно. Эхнийх нь захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхэд харьяалагдах нь зүйтэй, удаах нь иргэн, захиргааны шийдвэр гүйцэтгэх бие даасан агентлаг байгуулах, гурав дахь нь шүүхээс гаргаж байгаа шийдвэрийн төрлөөс хамаарч дээрх хоёр байгууллагын аль аль гүйцэтгэж болох холимог тогтолцоог санал болгож байна. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн биелэлт хангалтгүй байгаа нэг шалтгааныг өнөөгийн тогтолцоотой холбон тайлбарлаж байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх субьект хараат бус бие даасан байх, нөгөө талаар шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгууллага, албан тушаалтанд ногдуулах хариуцлагын механизм тодорхой, үр нөлөөтэй, төрийн бусад байгууллагатай уялдаа холбоотой шуурхай ажиллаж чадвал шүүхийн шийдвэр бодитоор хэрэгжиж, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх, улмаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас хууль бус шийдвэр гарах байдал таслан зогсоогдоно.
Дээр дурдсан нийгэм, эрх зүй, амьдралд тусгамдсан асуудлын уг шалтгааныг танин мэдэх зорилгоор захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг онолын үндэстэй, судалгааны арга зүйн тусламжтайгаар судлахыг зорьсон болно.
Түүнчлэн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хамрах хүрээ, зохион байгуулалт, хэрэгжилт зэргийг бие даасан байдлаар шинжлэх ухааны үүднээс авч үзсэн бүтээл, судалгааны ажил хангалтгүй байгаа нь энэ чиглэлээр судалгаа хийх бас нэгэн үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны талаар шинжлэх ухааны үндэстэй хийгдсэн дорьвитой судалгаа хомс байгаагийн улмаас эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ажил үр дүн багатай байна.
Шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдэд хариуцлага хүлээлгэх одоогийн эрх зүйн зохицуулалт захиргааны байгууллага, албан тушаалтанд нөлөөлөхүйц, үр нөлөөтэй арга хэмжээ болж чадахгүй байгааг судалгаанаас харж болно.
Иймд захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг тодорхой болгох, нийгэмд хууль, шударга ёсыг бэхжүүлэхийн тулд шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа хийх, гадаад улс орнуудын туршлагыг судлан нэвтрүүлэх замаар тухайн ажиллагааны эрх зүйн зохицуулалт, тогтолцооны шинэчлэлийн үндсийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байгааг харгалзан энэхүү судалгааны ажлыг гүйцэтгэлээ.
Сэдвийг судалсан байдал: Захиргааны эрх зүйн үндсэн шинж, захиргааны байгууллага, түүний үйл ажиллагааны чиглэлээр нэлээдгүй бүтээлийг манай орны болон гадаадын эрдэмтэн, судлаачид туурвисан байдаг. Тухайлбал Б.Чимэд 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн талаарх үзэл баримтлалыг судлан, боловсруулахдаа захиргааны шүүхийн мөн чанар, нийгэм-эрх зүйн ач холбогдол, засаглалын эрх мэдлийг тэнцвэржүүлэх, хүний эрх чөлөөг хамгаалахад захиргааны хэргийн шүүхийн гүйцэтгэх үүргийн талаар үндсэн ойлголтыг боловсруулахад түүний судалгаа чиглэгдэж байжээ. П.Одгэрэл захиргааны эрх зүйн онол, суурь ойлголт, тогтолцоог судалж үүнд үндэслэн “Захиргааны эрх зүйн ерөнхий анги” бүтээлийг 2004, 2008, 2016 онуудад шинэчлэн хэвлэсэн байна. Ц.Цогт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль хэрэглээний тулгамдсан асуудал, шүүхийн практик, харьцуулсан судалгааны чиглэлээр нэг сэдэвт бүтээл, өгүүлэлүүд гадаад дотоод сэтгүүлд хэвлэн нийтлүүлжээ. Мөн Г.Банзрагч, Ш.Цогтоо, Д.Сүнжид, Ж.Сүхбаатар, Ж.Долгорсүрэн, А.Эрдэнэцогт, Д.Булган, Серие, Р, Старилов, Ю.Н нарыг судлаачид захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс талаас нь түлхүү судалжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаа болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн талаар А.Лхагва, Б.Дашзэвэг, Б.Алтангэрэл, Ч. Өнөрцэцэг зэрэг дотоодын эрдэмтэн судлаачид эрх зүйн тогтолцоо, түүхэн уламжлал, практикт тулгамдаж буй асуудлыг судлан, түүнд тулгуурлан сурах бичиг, гарын авлага бичиж сургалт, судалгаанд ашиглаж байна. Харин энэ салбарт Piotr Szczekocki, Бажин, И.Г, Бурков, А.В, Мурзина, Е.А нарыг гадаадын зарим судлаачид, баруун болон зүүн Европын орнуудын Захиргааны шийдвэр гүйцэтгэлийн процессын эрх зүйн зохицуулалтыг харьцуулан авч үзжээ.
Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны нэгэн бүрэлдэхүүн болсон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт талаас нь П.Соёл-эрдэнэ, Б.Шинэхүү, С.Отгонцэцэг, Н.Баярмаа, Н.Гэрэлээ, Ц.Баяртбаатар нар нь магистрын судалгааны ажлын хийсэн. Харин захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн онол, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт, тогтолцооны талаар хийгдсэн докторын судалгааны ажил, нэг сэдэвт бүтээл байхгүй байна.
Судалгааны зорилго: Судалгааны ажлын зорилго нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны онол, үзэл баримтлал, эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, тухайн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, тогтолцоог боловсронгуй болгоход чиглэгдсэн үндэслэл бүхий дүгнэлт, санал дэвшүүлэхэд оршино.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 15

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 66
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :