Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2004-2007
Санхүүжилт: 8768500 мян.төг
Түлхүүр үг : ургамал, амьтны аймаг
Үр дүн
1. Монгол Алтайн нуруу нь газрын хотгор гүдгэрийн байдалтай уялдаж уур амьсгалын эх газрын эрс тэс шинж төрх сайн илэрсэн хахир ширүүн нөхцөлтэй чийг хангамжтай өндөр ууланд байнгын дулаан дутагдалтай, дулаан хангамжтай уул хоорондын хөндий, нам дор нутагт чийг дутагдалтай байх бөгөөд хур тундас орсон хэмжээнээсээ илүү их уурших нөхцөл бүрдсэн эмзэг өвөрмөц байгальтай экосистем болох нь тодорхой харагддаг болохыг тогтоосон.
2. Монгол Алтайн нуруунд нийт 89 овог, 440 төрөл, 1501 зүйл ургамалтай болохыг илэрүүлэв. Үүнээс 50 зүйл эндемик, 82 зүйл субэндемик, 160 зүйл эмийн, 700 зүйл тэжээлийн ач холбогдолтой ургамал байна.
3. Тус нурууны ургамалжилтын тархацын үндсэн зүй тогтол нь нэгдүгээрт газарзүйн байршил, хоёрдугаарт далайн түвшнээс дээшхи өндөршилтэй шууд холбоотойгоор ургамалжилтын хэд хэдэн бүс ,бүслүүр үүсгэх байдлаар илэрхийлэгддэг болохыг тогтоов.
4. Монгол Алтайн экосистемийг ботаник-газарзүйн 4 тойрог, 26 районд ангилж, район тус бүрийн байгалийн болон био-уур амьсгалын онцлогт түшиглэсэн экоаялал жуулчлалыг хөгжүүлэх үндсэн 17 маршрутын чиглэлийг тогтоов.
5. Монгол Алтайн нурууны ургамлан нөмрөгийн ашиглалт, хэтийн төлөв өнөөгийн байдал байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх чиглэлрүүгээ явагдаж байна. Цаашид ургамлан нөмрөгийг зохистой ашиглах, хамгаалах, биологийн төрөл зүйл, болон ховор ба устах аюулд өртөж байгаа бүлгэмдлүүдийн цено-, генофондыг хадгалах арга хэмжээг ойрын хугацаанд дэс дараатай, шинжлэх ухааны үндэслэлтэй төрийн бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх үндэслэлийг боловсруулав.
6. Монгол Алтайн гол нуруунд тархсан шавьжичтан багийн 6 зүйл, далавчтан багийн 3 зүйл, туулайтан багийн 5 зүйл, мэрэгчтэн багийн 19 зүйл, махчтан багийн 17 зүйл, туруутан багийн 5 зүйл нийт 6 багийн 55 зүйл хөхтөн амьтантай болохыг илрүүлэхийн зэрэгцээ, тус нуруу, тэдгээрийн салбар уулсаар нийт 17 баг, 44 овгийн 269 зүйл шувуу, 10 зүйл загас, 4 зүйл гүрвэл, 3 зүйл могой, 1 зүйл бах тархан нутаглаж байгааг тогтоож, эдгээр амьтадын ангилал, статус, таних онцлог шинж, тархац, байршил-экологийн нөхцөл, амьдралын хэлбэр, экосистемийн холбогдол, хамгаалах арга хэмжээг тодорхойлов.
7. Суурь судалгааны үр дүнд Монгол Алтайн нурууны ургамлын аймаг , ургамалжилт, бүс, бүслүүрийн тархацын зүй тогтол, амьтны аймаг биологийн төрөл, зүйлүүдийн бүрэлдэхүүнийг илрүүлснээр тухайн нутгийн дахин давтагдашгүй байгалийн гоо, үзэсгэлэнд түшиглэсэн экоаялал, жуулчлал хөгжүүлэх боломж, экологи-эдийн засгийн менежментийг боловсронгуй болгох замаар байгаль экологид сөрөг нөлөөгүй нийгмийн тогтвортой хөгжлийг хангах ихээхэн нөөц, бололцоо байна гэсэн дүгнэлтэнд хүрлээ.