Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2006-2008
Санхүүжилт: 36,141.2 мян.төг
Түлхүүр үг : Усны чанар, ойн наслалт, хөрсний амьсгалалт,
Үр дүн
1. Хөвсгөл нуурын зүүн талын цутгал голуудын хөндийн адгаар газар нутаг нь уужуу болж мал бүхий айл өрхүүд суурьшин хүн малын нөлөө ихтэй эдгээр газруудад ой, хээрийн шилжилтийн бүсийн ургамлан бүрхэвч ихээхэн өөрчлөлтөнд орж ургамлын бүрхэцийн хэмжээ буурч, ургамлын биомасс болон хагд өвсний хэмжээ багасч улмаар зүйлийн бүрдэл ихээхэн хэмжээгээр өөрчлөгддөг, ургамлуудын азотын хэмжээ буурч улмаар удаан задардаг болох нь тогтоогдсон.
2. Сүүлийн жилүүдэд хүн малын нөлөөгөөр болон хур тунадас ихэвчлэн аадар хэлбэрээр орох болсноос үүдэн голын эргийн эвдрэл ихээр үүсч, голын ёроолын хурдасны бүрэлдэхүүнийг өөрчилж, усны чанар, усан орчны бүлгэмдэлд сөрөг нөлөөллийг үүсгэж байгааг тогтоосон.
3. Судалгаанд хамрагдсан голуудын усны шинжилгээнээс үзэхэд голын эхээс адаг руугаа эрдэсжилтийн хэмжээ нэмэгдэж байгаагаас гадна бараг бүх голууд нуурт цутгахын өмнө урсгалын хурд нь багасч задгайран энэ хэсэгтээ перманганатын исэлдэх чанар нэмэгддэг онцлогтой байна. Түүнчлэн ихэнх голуудын адаг орчим төмрийн ион илэрч байна. Судалгааны 6 голоос гадна Тусгал, Анжигас, Бага Далбай зэрэг жижиг голуудын усанд төмрийн ионы агууламж 1.4 мг/л хүртэл илэрч байгаагаараа онцлог байв.
4. Судалгаагаар хур тунадастай шууд хамааралтайгаар тухайн голын усны урсац өөрчлөгдөхөд голуудын усны шинж чанар нь дагаад өөрчлөгдөж байна. Тухайлбал, Тураг голын усны урсац харьцангуй их байсан 2007 онд тухайн усны эрдэсжилт 150.6 мг/л байсан бол 2008 онд (урсац багатай жил) 176.9 мг/л болж нэмэгдсэн байна. Эндээс урсац багасахад эрдэсжилт нэмэгдэх урвуу хамаарал ажиглагдаж байлаа.
5. Зүүн талын цутгал голуудаас хамгийн их эрдэсжилттэй нь Нууртай, Хилэн (337-377 мг/л) голууд, харин Тураг, Ноён, Сэвсүүл, Тусгал, Анжигас, Далбай, Борсого зэрэг ихэнх голууд нь нэн цэнгэг (200 мг/л-ээс бага) устай, химийн бүрэлдэхүүний хувьд гидрокарбонатын ион дангаараа зонхилж, катионуудаас ихэнх тохиолдолд кальцийн ион ховор тохиолдолд натри, магнийн ион давамгайлж байгааг тогтоолоо.
6. Тухайн голын усны химийн найрлага, чанартай макросээрнуруугүйтэн тодорхой хамааралтай байна. Тухайлбал голын адаг руугаа усны эрдэсжилт, хатуулаг болон исэлдэх чанарын хэмжээ нэмэгдэхэд зарим макросээрнуруугүйтний тоо цөөрч байхад зарим нь нэмэгдэх зүй тогтол ажиглагдсан.
7. Хөвсгөл нуурын цутгал голуудын загасны бүрдэл, тэдгээрийн тоо толгой нь тухайн голын гидрологийн нөхцөл, газрын гадаргын бүтэц, үржлийн газрын субстрат, идэш тэжээлийн хангамж, усны амьтдын төрөл зүйлийн бүрэлдэхүүн, хүний үйл ажиллагаа, малын хөлөөр элэгдэх эргийн бүсийн эвдрэлээс хамааран харилцан адилгүй байв.