Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 240000.00 мян.төг
Түлхүүр үг : Өмнөд Монголын атриат бүс, Хутаг уулын террейн, Сулинхээрийн атриат бүс, интрүзив бүрдэл, вулканоген бүрдэл, геодинамик, протолит
Үр дүн
“Өмнөд Монголын атриат бүсийн геодинамик ба хүдэржилт” суурь судалгааны сэдэв хэрэгжих явцад Өмнөд Монголын Өндөршил-Сулинхээр ба Ихбогд-Онгонулааны трансектийн дагуу илрэх офиолит эвшил, маагмын болон давхраажсан хурдсын стратиграфи, магмын бүрдлүүдийн геохими, геохронологийн талаар ихээхэн хэмжээний шинэлэг мэдээлэл бий болсон нь тэдгээрийн үүслийн геодинамикийн асуудлыг тодруулж бүс нутгийн геологи, тектоникийн хөгжлийн загваруудыг шинэчлэн боловсруулах үндэслэл болсон юм. Сэдэв хэрэгжүүлэх явцад гарсан эрдэм шинжилгээний гол үр дүнгээс дурдвал:
Өндөршил-Сулинхээрийн трансектийн хэмжээнд:
• Хутаг Уулын террейний Толь уул - Хутаг уулын дүүргийн геологийн зургийг шинэчлэн зохиосон бөгөөд түүнд тэдгээр районуудын стратиграфийн асуудалд оруулсан томоохон өөрчлөлт, өөрөөр хэлбэл шинээр ангилсан эдиакар-доодкембрийн тунамал (Тольуул, Зүүннарийн формациуд) ба вулканоген-тунамал (Зүүнтээл формаци) болон хожуу силүрийн вулканоген-занар ба карбонат-вулканоген Хөтөлус формациуд тус тус тусгагдсан.
• Шинээр ялгасан формацуудын петрохими, геохимийн шинэлэг өгөгдлүүдэд тулгуурлан Зүүннарийн, Зүүнтээл формацийн вулканоген, тунамал-вулканоген чулуулгууд нь эхгазрын идэвхгүй захын рифт маягийн хотгоруудын нөхцөлд, Хөтөлус ба Бүргэдхар формацийн суурьлаг вулканит, вулканоген-түф зэрэг нь силүрийн цаг үед арын бассейний спредингийн явцад, харин хүчиллэг вулканоген зузаалгууд нь Хатанбулгийн интрүзив бүрдлийн хамт эхгазрын идэвхтэй захын нөхцөлд тус тус үүсжээ. Харин шүлтлэг болон шүлтлэгдүү чулуулаг нь пермийн цаг үед явагдсан рифтийн тасралын явцад үүссэн байна.
• Өмнөд Монголын Дорноговийн хэсэгт тархалттай фанерозойн гранитууд нийтдээ олон төрлийн геодинамикийн хүчин зүйлийн нөлөөлөлийн дор үүссэн янз бүрийн зэргээр ялгарсан гранитын маагмын бүтээгдэхүүн юм. Мандах – Цагаансуврагын дүүрэгт субдукцийн бүс дээр үүссэн арлан нумын нөхцөлд үүссэн D3-ын /Цагаансуврагын/ адакитын төрлийн шинж бүхий болон ЭГИЗ-ын С1 , P1-ны /Мандах-Сайхандулааны/ шохойлог-шүлтлэг, шүлтлэг гранитоидууд таралттай нь; Хутаг уул –Сулинхээрийн дүүрэгт түүний геологи-тектоникийн хөгжлийн нийлмэл шинжийг илтгэх төрөл бүрийн петрогеохимийн найрлагатай С2, Р1, S1-2,О2, PP-NP гранитоидууд байгаа нь тус тус тогтоогдлоо.
• Хутаг Уулын ба Сулинхээрийн дүүргүүдийн геологийн тогтоц, стрүктүрийн хэв шинжийн онцлогийг илрүүлэн, тэдгээрийн хоорондын хил заагийг нарийвчлан тогтоолоо. Энэхүү шинэ өгөгдлийн дагуу Хутаг уулын террейн нь стрүктүрийн хувьд өөр өөр хэв шинжтэй гурван зэрэгцээ тектоник блокоос бүрдэх бөгөөд Умарт блок нь гренвиллийн атриат суурийн протерозойн метаморф бүрдлүүдээс, Дундах блок нь эдиакар-доодкембрийн терриген-карбонат ба вулканоген-цахиурлаг хурдсуудаас, Өмнөд блок нь хожуусилүрийн Бүргэдхар формацийн вулканоген бүрдлээс тус тус тогтоно. Харин Сулинхээрийн атриат бүс нь өөр хоорондоо эрс ялгаатай тогтоц бүхий Өрнөд ба Дорнод сегментүүдэд хуваагдах бөгөөд Өрнөд сегмент нь Талынхүрэнгийн офиолитот террейнээс, Дорнод сегмент нь Номтын арланнумын арын бассейны террейн, Таванхарын арланнумын террейн, Сүүжийн офиолитот террейнээс тус тус тогтоно.
• Хутаг Уулын террейний хувьд эдиакар-доодкембрийн тэнгисийн булан тохойд хуримтлагдсан Тольуул, Зүүннарийн, Зүүнтээл формациудын хуримтлалаар эхлэн далайн хаагдал, эх газрын идэвхт хаяа, арланнум, эх газрын хаяа, бичилтивийн рифтоген хаяаны хэвшинжүүдийг дамжин карбон-пермийн цаг хүртэл хэлбэржсэн геодинамик хөгжлийн загварыг дэвшүүлсэн бол Сулинхээрийн атриат бүсийн геодинамк хөгжлийг Тотошаны ороген тогтолцооны байран дээр дундсилүрийн цаг үед нээгдэж эхэлсэн Сулинхээрийн далайн царцдаст бассейны геодинамик хувьсалтай холбоотой эхэлсэн далайн, арланнумын болон аккреци-коллизийн гэсэн гурван үе шатад хуваан үзсэн нь шинээр боловсруулсан Хутаг Уулын өмнөд хэсэг ба Сулинхээрийн дүүргийн тектоникийн схемд тусгалаа олсон болно.
Ихбогд-Онгонулааны трансектийн хэмжээнд:
• Хромитийн хүдэржилт бүхий аподунит, апогарцбургитийн массивууд нь Говийн Алтайн террейний хэмжээнд серпентинитийн протрүзи болон серпентинитийн меланж хэлбэрээр тус тус илэрч байгааг илрүүлсэнээс гадна тэдгээрийн петрохими, геохими, минералогийн онцлогт тулгуурлан Баянхөөвөр, Хөх толгойн далайн гипербазитууд нь аккрецийн шаантгийн нөхцөлд харин Улаан хан уул, Шанд булгийн гипербазитууд нь нумын арын бассейний геодинамик нөхцлүүдэд тус тус тогтоосон болно.
• Хромитийн хүдэржилт бүхий офиолитийн гарцбургитын төрлийн аподунит, апогарцбургит Говийн Алтайн түрбидитэт террейнд хэсэг бүлэг серпентинитийн протрүзийн хэлбэрээр (Хөх толгой, Шандбулаг, Баянхөөвөрийн массивууд), зарим тохиолдолд габбро, анортозитийн жижиг блокууд бүхий серпентинитийн меланж (Улаан хан уулын массив) байдлаар тус тус илрэх бөгөөд Баянхөөвөр, Хөх толгойн далайн гипербазитуудыг субдукцийн дээрхи аккрецийн шаантагт, харин Улаан хан уул, Шанд булгийн гипербазитуудыг нумын арын нөхцөлд тус тус үүссэн болохыг тогтоолоо.
• Говийн алтайн террейний хэмжээнд тархалттай доод-дунд палеозойн тунамал болон занарын формациудын элсжин-занарын петрологи, геохимийн судалгаа нь тэдгээрийн эх үүсгэвэр, үүслийн геодинамикийн асуудлуудыг тодруулах боломжийг бүрдүүлсэн юм. Үүнд: Баянговийн дэд бүсийн хэмжээнд тархсан Харыншанд, Улаанхануул, Манхануул формацийн ногоон занар, элсжин, алевроэлсжин болон алевролит нь эх газрын идэвхтэй зах болон нумын арын хотгорын орчинд үүссэн үүссэн бөгөөд нэг ижил тунамал эх үүсвэртэй байгаа нь тэдгээрийг ойролцоо цаг үед үүссэн гэж үзэх үндэслэл болно. Алевролит, алевроэлсжин нь харьцангуй давсжилт багатай, гүн усны нөхцөлд хуримтлагдсан бол элсжин нь харьцангуй давсархаг, гүехэн тэнгисийн усны нөхцөлд хуримтлагджээ. Харин Баянцагааны дэд бүсийн дээдордовик-дээдсилүрээр зураглагддаг занар болон Доод девоны Гичгэнэ формацийн элсжин шохойлог найрлагатай, суурилаг вулканоген чулуулгаар үүсжээ.
• Ихбогдын террейний дунд-хожуу кембрид хамааруулж ирсэн гранит, габбродиорит, Өмнөд Монголын герциний атриат тогтолцооны Говьалтайн террейний Ханулаан уулын түрүү девоны нүхэтхудгийн бүрдэлд ангилж ирсэн габбро болон түрүү девоны нүхэтхудгийн бүрдэлд ангилагдаж байсан гранит-гранодиоритийн биетүүд нь дунд-хожуу ордовикийн (456-465 с.ж) настай болох нь тогтоогдсон нь тэдгээрийг агуулагч девонд ангилагдаж байсан зузаалгуудыг ордовикийн настай гэж үзэх үндэслэлийг бий болгосон.
• Тус трансектийн дагуух геологийн стрүктүрүүдийн геодинамик хөгжлийн загварын дагуу дунд-хожуу кембрийгээс ордовик хүртэл цаг үед тус стрүктүрийн хэмжээнд эхгазрын идэвхтэй зах, далайн царцдас бүхий арын бассейн хөгжиж байсан бол силүр-түрүү девоны үед арын бассейн бүрэн хаагдаж идэвхгүй захын горимд шилжжээ. Дунддевон-түрүүкарбоны цаг үед Өмнөд Монголын далайн царцдас каледоны атриат бүс ба идэвхгүй захын доогуур шургах явцад үүссэн эхгазрын идэвхтэй зах, түүний өмнөх аккрецийн шаантаг, хожуукарбон-түрүү пермийн үед грабен болон рифтийн стрүктүрүүд тус тус хэлбэржжээ.
Өмнөд Монголын атриат бүсийн хүдэржилтийн талаар:
• Өндөршил-Сулинхээрийн трансектийн геодинамик хөгжлийн тодорхой үе шатанд вулкан-плутон, тунамал чулуулгуудтай холбоотойгоор бүрэлдэн тогтсон зэс-порфир, алт-мөнгө, ховор металл, газрын ховор элемент зэрэг ашигт малтмалын тархалтын зүй тогтолыг илрүүлж тэдгээрийн ордын төрлүүд, металлогений бүс, хүдрийн дүүргүүдийг харуулсан 1:3000000-ын масштабын минерагенийн дүүрэгчилэлийн зураг зохиов. Ихбогд-Онгонулааны трансектийн дагуух талбайд далайн бүрхэвчийн суурилаг бүрдэлтэй холбоотой зэс, алт, дээд палеозойн шүлтлэг плутон, түүнийг дагалдсан гранитоидтой хам гаралтай зэс-молибден, гүний уламжлалт хагарлаар хязгаарлагдсан полиметалл, алтны шижирмэг, дээд палеозой болон мезозойн молассын бүрдэлтэй холбоотой шатах ашигт малтмалын хувьд хэтийн төлөв өндөртэй болох нь тогтоогдлоо.