Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2017-2018
Санхүүжилт: 16,000.0 мян.төг
Түлхүүр үг : Ходоодны хорт хавдар, пепсиноген, эрт илрүүлэг, хеликобактери, ходоодны дурангийн шинжилгээ, хавдар судлал
Үр дүн
1. Монгол улс дахь ходоодны хорт хавдрын өнөөгийн байдлыг ҮСХ-ны мэдээллийн сан, статистикийн үзүүлэлтүүд, ЭМЯ-ны эрүүл мэндийн үзүүлэлтүүд, ХСҮТ-ийн тайланд үндэслэн тооцоолол хийж дүгнэлт гаргалаа. Улсын хэмжээнд 2007 онд 10 000 хүн амд 1.97 ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэн бол сүүлийн 3 жилд буюу 2014 онд 2.94, 2015 онд 2.67, 2016 онд 2.90 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ходоодны хорт хавдрын шинэ тохиолдол эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс 2 дахин илүү байна. Насны бүлгээр харьцуулахад, 2016 онд 10-19 насны 10 000 хүн амд 0.02 байсан ба нас ахих тусам нэмэгдэж 40-49 насны 10 000 хүн амд 3.19, 50-59 насны 10 000 хүн амд 7.78, 60-69 насны 10 000 хүн амд 21.0, 70-аас дээш насанд 34.92 тохиолдож байна. Ховд, Орхон, Дархан-Уул, Увс, Булган аймгуудад ходоодны хорт хавдрын өвчлөл өндөр байна.
2. Судалгаанд ходоодны хорт хавдар хожуу үедээ оношлогдсон 43, эрт үедээ оношлогдсон 41, нийт 84 (эрэгтэй 40, эмэгтэй 44) хүнийг харьцуулан судалсан. Судалгаанд хамрагдагсдын 86.9% нь 50-иас дээш насныхан ба 61-70 насанд ходоодны хорт хавдрын тохиолдол хамгийн өндөр (40.5%) байна. Өвчтөнүүдийн нас, боловсрол, сарын орлого, ажлын болон амьдрах орчин нь ходоодны хорт хавдар хожуу оношлогдохтой хамааралгүй байв. Харин ходоодны хавдрын байрлал, эмнэлэгт хандах болсон шалтгаан нь өвчин хожуу оношлогдоход статистик ач холбогдол бүхий ялгаатай байна. Тодруулбал, эрт үед оношлогдсон ходоодны хавдар нэг байрлалтай бөгөөд орох хэсгийн болон их биеийн хэсгийн хавдар зонхилж байхад хожуу үе шатанд их бие, гарах хэсгийн хавдар зонхилохоос гадна хавсарсан байрлалтай хавдар тохиолдож байна (p=0.01). Мөн ходоодны хавдар хожуу үедээ оношлогдсон бүлгийн өвчтөнүүд ихэвчлэн зовуурь нэмэгдсэн (44.2%) шалтгаанаар эмнэлэгт хандсан бол эрт үедээ оношлогдсон бүлгийн өвчтөнүүд сайн дурын үндсэн дээр (56.1%) эмнэлэгт хандсан тохиолдол илүү байлаа (p=0.04). Түүнчлэн ходоодны хорт хавдар хожуу оношлогдсон бүлэгт хоносон хоол хэрэглэх (OR=2.13, 95% CI 1.15-3.94, p<0.05), тогтмол цагт хооллодоггүй (OR=3.26, 95% CI 1.16-9.20, p<0.025) байх тохиолдол илүү байна.
3. Улсын II шатлалын байгууллага болох аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс ходоодны хорт хавдрыг оношлох тоног төхөөрөмж, хүний нөөцийн судалгаа хийлээ. Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн 96% хавдар судлаач эмчтэй байна. Тэдний дундаж ажилласан хугацаа 10.6 жил. Хавдрын хөнгөвчлөх тасаггүй эмнэлэг УБ хотод 1, орон нутагт 8 байна. Аймаг, дүүргийн дийлэнхи буюу 92% дурангийн багажтай, хотын эмнэлгүүдийн 75%, хөдөөгийн эмнэлгүүдийн 81% дурангийн эмчтэй байна. Харин дурантай боловч дурангийн эмчгүй, дурангийн оношилгоо хийдэггүй 4 аймаг, 1 дүүрэг байна. Дурангийн оношилгоонд Япон, БНСУ, БНХАУ улсад 2007-2016 онуудад үйлдвэрлэсэн дурангийн багаж ашигладаг бөгөөд дундаж ашигласан хугацаа 6.5 жил байна. Эмнэлгүүдийн 3/4 жил бүр тогтмол хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулдаг боловч тэдгээрийн 64%-д дурангийн оношилгоо хийдэггүй гэжээ.Эмч нарын 15% хавдрын сургалтанд жил бүр хамрагддаг, 20% хагас жил бүр, 65% огт хамрагддаггүй гэжээ. Нэг хүн дурандахад зарцуулах хугацаа хот, хөдөөд дунджаар 18.4 минут ба нэг эмч өдөрт дунджаар 9-10 хүн дуранддаг байна. Дурангийн оношилгоо хийх үед огих, бөөлжих 68.4%, айх 47.5%, өөрийн хүсэлтээр оношилгооноос татгалзах тохиолдол 31.5% байдаг байна.
4. Цаашид хэрэгжүүлэх ходоодны хорт хавдрын оношилгооны биомаркерын судалгааны ажлыг тодорхойлох зорилгоор олон улсын бүтээлүүдийг харьцуулан судаллаа. Олон улсын судалгаа, шинжилгээний ажлуудын үр дүнгээс харахад ходоодны хорт хавдрыг илрүүлж, оношлоход уян дурангийн шинжилгээ хамгийн мэдрэг (7095.5%), өвөрмөц (77-96%) чанартай байна. Ялангуяа уян дурангийн шинжилгээг хеликобактерийн халдварыг илрүүлэх шинжилгээтэй хослуулан оношлоход мэдрэг (97.1%), өвөрмөц (98.6%) чанар нэмэгдэж байна. Биомаркерын судалгаануудаас харахад пепсиноген маркер харьцангуй өндөр мэдрэг, өвөрмөц чанартай бөгөөд бусад шинжилгээний арга буюу гастрин, хеликобактерийн шинжилгээтэй харьцуулахад оношилгооны чадамж өндөр байна. Ходоодны хорт хавдрыг оношлох, эрт илрүүлэх олон улсын чиг хандлага нь цусан дахь биомаркерын шинжилгээгээр эрсдэлт хүн амыг сонгож, шаардлагатай тохиолдолд уян дурангийн шинжилгээгээр онош тогтоох зарчим руу шилжиж байна.