Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 41
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2009-2011
Санхүүжилт: 195,000.0 мян.төг
Түлхүүр үг : Ойн өөрчлөлт, сукцесс, ойн сэргэн ургалт, арчилгааны огтлолт, ойн ашиглалт, хамгаалалт, ойн өсөлтийн явц
Үр дүн
1. Суббореаль (4-2.6 мянган жилийн өмнө) үед Хангай, Алтай, Хэнтийд уур амьсгалын тохиромжтой нөхцөл бүрдэж нууруудын ус дүүрч, ойн тархалт хамгийн их хэмжээндээ хүрч, тайгын бараан шилмүүст ой (хуш, гацуур) нэмэгдэж, Алтайд шинэс мод тархалтынхаа хамгийн өмнөх хязгаарт хүрч, Монгол орны зүүн хойт хэсгийн уулсаар тайгын бараан шилмүүст модтой хус, нарс, шинэсэн ой тархаж байжээ. Манай гаригийн хэмжээнд сүүлийн 2 мянган жилээс хойш гарч байгаа дулаарлын нөлөөгөөр Монгол орны ойн экосистем улам бүр өөрчлөгдөж, ойн нөөц, тэр дундаа цэвдэг хүйтсүү тайгын хэмжээ багасч, ойн ерөнхий тархалт улам бүр хойшлох хандлагатай байна.
2. Тайгажуу ритид хөвдөт шинэсэн ойн мод бэлтгээд 37 жил болсон талбайд ойн сэргэн ургалт урьдын адил огт явагдахгүй байгаа бөгөөд ой мод нь ботууль-шарилж, алаг авс-улалжит хээрээр солигдсон байна. Арай чийгэрхэг нөхцөлд ургадаг алирс-ритид хөвдөт шинэсэн ойн хавтгайруулсан огтлолт хийгээд 45 жил болсон талбайд алаг өвс-улалж-үетэнт даланхальст сийрэг залуу шинэсэн ойн бүлгэмдэл үүсэн бүрэлджээ.
3. Төв Хангайн арчилгааны огтлолт хийсэн залуу шинэсэн ойд арчилгааны огтлолт хийснээс хойш 31 жилийн хугацаанд ойн нөөцийн өсөлт 1,4-2,0 дахин нэмэгдэж, 1 га талбайгаас 70 шоометр модыг арчилгааны давтан огтлолтоор авч ашиглах боломжтойг тогтоов. Төв Хангай тайгажуу шинэсэн ойд 41 хувийн эрчимтэй арчилгааны огтлолт хийхэд ойн бүтээмж нь 31 жилийн дараа 40 хувиар нэмэгдсэн байна.
4. Зүүн Хөвсгөлийн цахилдаг-элдэв өвст тайгархаг шинэсэн ой эрчимтэй түймэрт өртсөний дараа ургамал бүлгэмдлийн сукцесс 5 дахь жилд нарийн навчит хөвөнт бүлгэмдэл, 12 дахь жилд үетэн-элдэв өвст өүлгэмдлээр солигдоно. Түүвэрлэн мод огтолсоны дараа их эрчимтэй түймэрт өртсөн ой мод 10 жилийн дараа нарийн навчит хөвөнт, 21 жилийн дараа үетэн-элдэв өст бүлгэмдлээр солигдоно. Зүүн Хөвсгөлийн тайгархаг бүслүүрийн шинэсэн ойн нэлэнхүйд нь мод огтолсон газар хусаар сэргэн ургаж байна.
5. Гачуурт орчмын үетэн-алаг өвс-улалжит шинэсэн ой модны нөөцийг 15 хувийн эрчимтэй огтолсон газар алаг өвс-ботууль-улалжит шинэсэн ойн бүлгэмдэл үүсч, ойн талбай хуш модоор аажим сэргэн ургаж байна. Модыг 50хувийн эрчимтэй огтолсон газар өвслөг ургамал их ургаж, улалж-ботууль-алаг өвст сийрэг шинэсэн ойн бүлгэмдэл үүсч, ойн сэргэн ургалт муу байна. Иймээс өндөр эрчимтэй болон нилэнхүйд нь мод бэлтгэсэн газар ойжуулалт хийх шаардлагатай.
6. Сибир, Дагуур, Чекановскийн шинэс нь хоорондоо боргойцойн хэмжээ, хайрсны захлалт, өнгөөр ялгаатай байна. Баяндаваа, Богдхан уулын Шажинхурахын амны шинэс модны дохиурын тоосны дундаж урт 78,0±0,92-69,01±0,57, зөв бүтэцтэй тоосны эзлэх хувь 73,2, гажиг бүтэцтэй тоосны эзлэх хувь 23,4, гэмтсэн, хөлдсөн тоосны эзлэх хувь 3,4 байна.
7. Баруун Хэнтийн хөвд-алаг өвс-алирст нарсан ойд хийсэн нэлэнхүй огтлолтоос хойш 34 жилийн дараа түймэрт өртсөн үед өлөг өвс-хөвөнт-сорвоот бүлгэмдлээр солигдож хус, улиангараар сэргэн ургаж байна. Баруун Хэнтийн залуу нарсан ойн моддын өндөр, диаметрийн хоорондын хамаарал H=1.1619*D0.8234 , эзлэхүүн, диаметрийн хамаарал нь V=0.000005*D2.7077 гэсэн тэгшитгэлийн хэлбэртэй байна.
8. Төв Хангай, Зүүн Хойт Хангай, Зүүн Хэнтий, Баруун Хэнтийн шинэсэн ойд сүүлийн 3 жилд гарсан ургамал бүлгэмдлийн өөрчлөлтийг тогтоож, ойг нөхөн сэргээх, арчлах, зохистой ашиглах журам 3, заавар, зөвлөмж, аргачлал 6-г боловсруулж үйлдвэрлэлд шилжүүлсний гадна Монгол орны ойг нөхөн сэргээх бодлогын баримт бичигт орох санал боловсруулж БОАЖЯ-нд өгсөн.