Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар : 1970070056
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 155,715.0 мян.төг
Түлхүүр үг : Нэн ховор, ховор хөхтөн, экологи, биологи, хамгаалал
Үр дүн
1. Сэдэвт ажлын хүрээнд ном товхимол 10, дотоодын эрдэм шинжилгээний бүтээлд 28, гадаадын эрдэм шинжилгээний мэргэжлийн сэтгүүлд 23 өгүүлэл хэвлүүлж, гадаадын олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд 20, дотоодын хуралд 26 илтгэлийг хэлэлцүүлж, ном товхимол 5 –ийг хянан засварлаж нийт 100 орчим эрдмийн бүтээлийг хэвлүүлэн нийтлүүлсэн болно.
2. Монгол орны ховор нэн ховор экосистемд онцгой үүрэг бүхий хөхтөн амьтад, ялангуяа мах идэшт амьтдын экологи биологийн холбогдолтой мэдээ хэрэглэхүүн цуглуулж шинжлэх ухаан танин мэдэхүйн ач холбогдолтой олон шинэ мэдлэг мэдээллийг бий болгов.
Тухайлбал, Мазаалай баавгайн тархац шилжилт хөдөлгөөнийг тодорхойлоход GPS бүхий сансрын дохиололт хүзүүвчийн байршлын мэдээлэл болон үсний дээжинд хийсэн генетик шинжилгээний дүнг хослуулан ашигласан юм. GPS-ийн 242 байршил цэгийн мэдээллээс үзэхэд, бие гүйцсэн нэг эм мазаалай баавгай Шар хулсны баянбүрд орчмын 514 км2 нутагт, д.т.д 1009-1532 метрийн өндөрт шилжин байрлаж байлаа. Харин эр мазаалай баавгай дунджаар 2465-2485 км2 нутагт, 1122-1492 метрийн өндөрт шилжин байршиж байв. Эр мазаалай баавгай нь эмээсээ 5 дахин их байршил нутагт шилжилт хөдөлгөөн хийдгийг тогтоолоо. Монгол орны цоохор ирвэсний амьдрах орчны үндсэн параметрүүдийг сонгон ГМС-ийн ArcviewGIS программ ашиглан анализ хийж а) цоохор ирвэс амьдрах боломжтой нийт талбайн хэмжээ, б) цоохор ирвэс амьдрахад тохиромжтой талбайн хэмжээ, в) цоохор ирвэс тасралтгүй тархсан 27 газар зүйн популяцийг агуулж байгаа тус бүр 1500 км2-аас их хэмжээтэй талбай, г) цоохор ирвэсний үржлийн нэг хосоос доошгүй бодгаль оршин амьдрах 65 чухал газрыг тогтоож д) эдгээрийн УТХГН-т хамрагдаж байгаа байдлыг тодорхойлсоны дагуу Монгол орны цоохор ирвэс хамгаалах арга хэмжээг улсын хэмжээнд авч хэрэгжүүлэх үндэслэл боловсруулах ажлыг хийж, Олон улс ирвэс хамгаалах төлөвлөгөөнд тусгуулан ажиллав.
3. Монгол орны хавтгай тэмээ, мазаалай баавгай, монгол бөхөн болон ойн туруутан халиун буга (Cervus elaphus), бор гөрөөс (Capreolus pygargus), баданга хүдэр (Moschus moschiferus), молцог хандгай (Alces alces), буган цаа (Rangifer tarandus), зэрлэг гахайн (Sus scrofa) тархац, байршил, нөөцийн үнэлгээг хийж, хамгаалах, зохистой ашиглах шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмж саналыг боловсруулан үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөв.
4. Монгол улсын “Улаан ном” –ыг шинэчлэн хэвлүүлэв. Монгол орны 44 зүйл хөхтөн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулав. Энэхүү баримт бичгийг үндэслэн 2011 онд Ан амьтны үнэлгээ, төлбөр хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих, зөвшөөрлийн хураамжийн хэмжээг тогтоосон Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 сарын 25-ны өдрийн 23 тоот тогтоол гарч хэрэгжиж байна. Тус сэдвийн гүйцэтгэгчид ажлын хэсэгт оролцон Монгол орны ховор амьтны үндэсний хөтөлбөрийг боловсруулан Засгийн газрын тогтоолоор батлуулан хэрэгжүүлж байна. Монгол улсын Улаан номыг шинэчлэн боловсруулж 2013 онд хэвлүүлэн нийтийн хүртээл болнов.
Амьтны тухай хуулийн төсөлд агнуурын холбогдолтой хөхтөн амьтныг агнах барих хугацаа, нэн ховор 20 зүйл амьтны жагсаалтыг боловсруулан гаргаж БОАЖЯ-ны хуулийн ажлын хэсэгт хүргүүлэн дээрхи саналыг хуулинд тусгуулсан болно. Монгол орны ховор амьтан болох 14 зүйл хөхтний тодорхойлол үндэслэлийг боловсруулж Монгол орны ховор амьтны жагсаалтад оруулах саналыг БОНХЯ-д хүргүүлсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 07 тогтоолын хавсралтааар өөрчлөлт оролгүйгээр батлагдсан болно.
Амьтан эзэмшүүлэх журам, Харь амьтныг ашиглах журам, Амьтан ашиглах хэлбэрийг батлах, Төрийн захиргааны төв байгуулагаас эрх олгосон агнуур зохион байгуулалтыг хийх мэргэжлийн байгууллагын ажиллах журам, Ховор амьтныг агнах барих зөвшөөрөл олгох журмын төслийг боловсруулсан нь батлагдан хэрэгжиж эхлэв.
5. Дорнод Монголын цагаан зээрийн нүүдэл нь тодорхой орон зай, цаг хугацаанд явагддаг биш харин оппортунистик нүүдэл буюу идэш тэжээлийн хүрэлцээ, ган зуд зэрэг байгалийн гэнэтийн үзэгдэл, ороо хөөцөлдөөн, үржил төлжил, биологийн хэрэгцээг хангах зорилгоор боломжтой газар сонгон нүүдэллэдэг зүй тогтлыг илрүүлэв. “Зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөнд дэд бүтцийн хөгжилөөс үзүүлэх сөрөг нөлөөлөл, түүнийг арилгах арга зам” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулав. Мөн төмөр замын байгууламж хөхтөн амьтны нүүдэл тархац байршилд үзүүлэх сөрөг нөлөөлөл түүнийг бууруулах арга хэмжээний талаар санал зөвлөмжийг боловсруулав.
6. Сэдэвт ажлын хүрээнд 10 гаруй улсын тусгай хамгаалалттай нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад оролцож, зарим газарт (Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Лхачинвандад БНГ, Говийн Бага ДЦГ-ын А хэсгийн нутаг, Богдхан уулын дархан цаазат газар, Их Нартын Байгалийн нөөц газар зэрэг), хөхтөн амьтны экологи биологийн судалгааны ажлыг хийж, мэдээ хэрэглэхүүн цуглуулсан бөгөөд тухайлбал Ноёнхангай БЦГ-ын нутагт нийт 6 багт хамаарах 44 зүйл амьтан тархан байршиж байгаагаас шавьж идэштэн 3, сарьсан далавчтан 3, туруутан 6, мах идэштэн 14, туулайтан 4, мэрэгчтэн 14 зүйл тус тус бүртгэгдэв. Дэлхийн байгаль хамгаалах холбоо (IUCN)- ны ангилал шалгуураар үнэлэн үзвэл, Ноёнхангай БЦГ-т тархсан 44 зүйл хөхтнөөс 28 (64%) зүйл нь “Аюулд өртөхөөргүй” ангилалд орсон байгаа нь уг нутгийн хөхтөн амьтдын популяци, тоо толгойн байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл харьцангуй бага байгааг харуулж байна.