Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Сэдэвт ажил
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 75000.00 мян.төг
Түлхүүр үг : генетик тогтоц, цус ойртолт, инбридинг, уур амьсгалын хахиршилт, өвчлөл, нас баралт, хорт хавдар
Үр дүн
1. Монголын хүн ам дах цус ойртолтын өнөөгийн түвшин. Нийт цус ойртолтын коэффициент (FIT) 0.0223 - 0.1145-ын хооронд хэлбэлзэж дундаж нь 0.0651 байна. Энэ нь тухайн хүнээс дээш 4 дэх үе (би → эцэг, эх → өвгө эцэг, эмгэ эх → элэнц өвгө, эмгэ → хуланц өвгө, эмгэ) буюу хуланцын түвшиндээ цусан төрлийн холбоотой үр удмууд хоорондоо гэрлээд байхад илэрдэг коэффициент юм. Хүн амын доторх нийт цус ойртолтын (FIT) түвшинд шууд цус ойртолтын хэлбэр (FIS) 97.23 хувийг, алсуур цус ойртолт (FST) 2.76 хувийг эзэлж байна.
2. Монгол орны уур амьсгалын хахиршилтын өнөөгийн байдал. Уур амьсгалын хахиршилт бүтэн жилийн 12 сарын хугацаанд үлэмж хэлбэлзэлтэй, үүний дотор 1-4-р сарууд хахиршилт ихтэй байдаг ба 11 жилийн дунджаас үзвэл Монгол орны баруун урд, зүүн урд бүс нутагт хахиршилт ихтэй үндсэн хоёр туйл оршдог байна.
3. Монголын хүн амын өвчлөлийн газарзүйн тархалтын онцлог. Нийт өвчлөлийн хамгийн өндөр түвшин нь Монгол орны зүүн өмнөд хэсэг буюу Дорноговь аймгийн нутгаас үндсэндээ эхлэн, эндээс баруун, баруун хойт зүгт голлон чиглэж улмаар бүхий л зүгт аажим үелэн буурдаг газарзүйн тархалтын зүйтогтол илэрлээ. Аймаг бүрийн хүн амын нийт өвчлөлийн 10 жилийн дунджаас үзвэл Дорноговь, Сэлэнгэ, Булган, Хэнтий, Говь-Алтай аймгууд эхний таван байрыг эзэлж байна.
4. Монголын хүн амын нас баралтын газарзүйн тархалтын онцлог. Монгол орны өмнөөс өргөргийн дагуу хойшлох тутам хүн амын нийт нас баралт шатлан ихэсдэг зүйтогтол илэрлээ. Нийт нас баралтын дунджаар Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод, Архангай аймаг эхний таван байранд орж байна.
5. Цус ойртолт ба өвчлөл. Регрессийн шинжилгээний үр дүнгээс үзвэл 19 бүлэг өвчнөөс 13 бүлэг өвчин цус ойртолттой шугаман хамааралтай өсдөг, 6 бүлэг өвчин цус ойртолтын тодорхой түвшин хүртэл өсөөд, тогтворжин буурах хандлагатай болдог зүйтогтол илэрлээ. Цус ойртолттой шугаман хамааралтай өсдөг дээрх өвчний бүлгүүдэд: Амьсгалын тогтолцооны өвчин, Хоол боловсруулах тогтолцооны өвчин, Шээс, бэлгэсийн тогтолцооны өвчин, Жирэмслэх, төрөх, төрсний дараах үе, Цусны эргэлтийн тогтолцооны өвчин зэрэг хүн амын өвчлөлийн эхний 5 байранд ордог өвчнүүд багтаж байна.
6. Цус ойртолт ба нас баралт. Нас баралт бүртгэгдсэн 18 бүлэг өвчнөөс 2 бүлэг өвчин (Чих ба хөхөнцрийн өвчин, Төрөлхийн гажиг, хэв гажил, хромосомын эмгэгээр нас баралт) цус ойртолттой шугаман хамааралтай өсч, 16 бүлэг өвчнөөр нас баралт цус ойртолтын тодорхой түвшин хүртэл өсөөд, тогтворждог зүйтогтол илэрлээ.
7. Уур амьсгалын хахиршилт ба өвчлөл. Хүн амын өвчлөлд уур амьсгалын хахиршилтын нөлөөллийг өвчний 19 бүлгээр судалж үзэхэд Цус, цус бүтээх эрхтэн, дархлааны механизм хамарсан эмгэг; Жирэмслэх, төрөх, төрсний дараах үе-ээс бусад 17 бүлэг өвчний хувьд хахиршилтын түвшин нэмэгдэхийн хэрээр хүн амын өвчлөл шугаман хамааралтайгаар өсдөг бол, харин дээрх 2 бүлэг өвчний хувьд хахиршилтын тодорхой түвшин хүртэл өсөөд, тогтворжин буурах хандлагатай болдог байна.
8. Уур амьсгалын хахиршилт ба нас баралт. Хахиршилт ба 18 бүлэг өвчнөөр нас баралтын уртраг, өргөргийн дагуух регресс хамаарлыг нэгтгэсэн үр дүнгээс үзвэл 3 бүлэг өвчнөөр нас баралт шугаман шахам хамааралтай өсч, 15 бүлэг өвчнөөр нас баралт хахиршилтын тодорхой түвшин хүртэл өсөөд, эргэж буурах хандлагатай болдог зүйтогтол ажиглагдлаа.
9. Цус ойртолт ба хорт хавдраар өвчлөл, нас баралт. Уртраг, өргөргийн зурвас бүрт эдгээр үзүүлэлт хооронд харилцан адилгүй хамхолбоо илэрч байгаа ба ялангуяа Тархины өмөн, Гялтан ба зөөлөн эдийн өмөн, Хөхний өмөн, Умайн хүзүүний өмөн, Умайн хавдар, Өндгөвчний өмөн, Эр бэлэг эрхтний өмөн, Хоол боловсруулах замын бусад өмөн, Шулуун гэдэс, хошногоны өмөнгөөр өвдөхөд цус ойртолт онцгой нөлөөтэй байна.
10. Уур амьсгалын хахиршилт ба хорт хавдраар өвчлөл, нас баралт. Эдгээр үзүүлэлт хооронд илэрсэн магадлалын 95.0 хувиас дээш түвшинд “0”-ээс бодитой ялгагдах корреляци хамаарлууд газарзүйн уртраг, өргөргийн зурвасуудад харилцан адилгүй тоогоор давхцаж байгаа ба Арьсны бусад өмөн, Уруул, амны хөндий залгиурын өмөн, Амьсгалах эрхтний бусад өмөн, Яс, үе, мөгөөрсний өмөн, Шулуун гэдэс, хошногоны өмөн, Хөхний өмөн, Умайн хүзүүний өмөн, Умайн хавдар, Өндгөвчний өмөн, Эр бэлэг эрхтний өмөн,Төв мэдрэлийн тогтолцооны бусад өмөнгөөр өвдөхөд уур амьсгалын хахиршилт онцгой нөлөөтэй байна.
11. Цус ойртолт ба 19 бүлэг өвчин хооронд уртрагийн нийт 27 зурваст 255 бодит эерэг, 5 зурваст 8 бодит сөрөг корреляци хамаарал, өргөргийн нийт 9 зурвасын 8-д нь 112 бодит эерэг, 1 зурваст 1 бодит сөрөг корреляци хамаарал илэрсэн бол цус ойртолт ба 19 бүлэг өвчнөөр нас баралт хооронд уртрагийн нийт 27 зурвасын 25-д нь 135 бодит эерэг, 10 зурваст 45 бодит сөрөг корреляци хамаарал, өргөргийн нийт 9 зурваст 61 бодит эерэг, 3 зурваст 4 бодит сөрөг корреляци хамаарал илэрлээ.
12. Цус ойртолт ба 32 төрлийн хорт хавдар хооронд уртрагийн нийт 27 зурваст 221 бодит эерэг, 10 зурваст 104 бодит сөрөг корреляци хамаарал, өргөргийн нийт 9 зурваст 82 бодит эерэг, 2 зурваст 4 бодит сөрөг корреляци хамаарал илэрсэн бол цус ойртолт ба 32 төрлийн хорт хавдраар нас баралт хооронд уртрагийн нийт 27 зурвасын 26-д нь 216 бодит эерэг, 9 зурваст 87 бодит сөрөг корреляци хамаарал, өргөргийн нийт 9 зурваст 94 бодит эерэг, 4 зурваст 9 бодит сөрөг корреляци хамаарал илэрлээ.
13. Харин цус ойртолт ба 19 бүлэг өвчнөөр нас баралт хооронд уртрагийн 1080-1090,1110-1120 зурваст, цус ойртолт ба 32 төрлийн хорт хавдраар нас баралт хооронд уртрагийн 1070-1080 зурваст бодит хамхолбоо илэрсэнгүй.