Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2010-2011
Санхүүжилт: 2,000.0 мян.төг
Түлхүүр үг : Археологи, чулуун зэвсэг, сэлэнгэ, соёлт давхарга, дээд палеолит, их төлбөрийн гол
Үр дүн
Монгол-Оросын хамтарсан чулуун зэвсгийн судалгааны анги 2010 оны 07-р сарын 08-наас 08-р сарын 14-нийг хүртэлх хугацаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багийн нутаг Их Төлбөрийн голын Улаан шороот хэмээх газарт орших “Төлбөр-15” олон соёлт давхарга бүхий палеолитын сууринд малтлага судалгааны ажил хийж гүйцэтгэв [Деревянко и др., 2008; Гүнчинсүрэн и др., 2010]. Энэ оны малтлага судалгааг өмнө жил малтлага явуулсан талбайн зүүн талд нийтдээ 38 м2 талбай сонгон малтлага судалгаа явуулсан бөгөөд бүхий л давхаргуудаас чулуун зэвсгийн дурсгалууд илэрч байв. Энэхүү малтлага судалгаагаар нийт 7000 орчим чулуун зэвсгийн дурсгал илэрсэн юм.
Энэ оны малтлагаар дурсгалт газрын хөрсний давхаргын өөрчлөлт мэдэгдэхүйц байв. Эхний давхарга нь нилээд зузаан (ялзмагжсан) бөгөөд хоёр үед хуваагдаж байна: -хар бараан буюу бараг ялзмагжсан хар хөрс (үе 1-а) болон саарал хөрс (үе 1-б). Тэдгээрийн хоорондын заагийг чулууны жижиг хэлтэрхийнүүд илэрхийлнэ. 1-а үеэс голоцены үед холбогдох эдлэл олдсон нь шавар савны хагархай юм[Гладышев и др., 2009]. Уг хагархай нь муу хадгалалттай, хээ бүхий бөгөөд неолитын эхэн үед холбогдоно. Энэ нь чулуун эдлэлүүдтэй зөрчилдөж байгаа юм. Энэ давхаргын хувьд холбогдох он цагийг одоогоор баттай тогтоогоогүй байгаа ба он цагийг тогтоохоор хэд хэдэн шавар савны хагархайг Японы лабораторид илгээгээд байна. 1-б үеэс бичил үлдэц болон шавар савны хагархай илрүүлсэн юм. 1-р давхаргаас илэрсэн зэвсгийн цуглуулгад мөн ижил бичил хусуур, хутга, харуул, олон тооны иртэй ялтас болон бичил ялтасууд илэрсэн.
Энэ оны малтагаар хоёр дахь давхаргын зузаан нь муу мэдэгдэж байгаа ба зүүн хойд хэсэгтээ бүр мэдэгдэхгүй болов. Хоёрдугаар давхаргаас цөөвтөр чулуун зэвсгийн дурсгал илэрсэн бөгөөд тэдгээр нь өмнө жилийн олдворуудтай төстэй байна [Гладышев и др., 2009; Гүнчинсүрэн., 2010]. Хоёрдугаар давхаргаас илэрсэн бичил чулуун зэвсгийн дурсгалууд нь давхаргын дээд хэсэгт хадгалагдан үлдсэн байна. Бичил эдлэлүүд нь: -тайрдсан, хоёрдогч цуулдсаар хийгдсэн болон нимгэн хайрган шаантган үлдэцүүд, мөн нарийхан гилбэр маягийн бэлдэцүүд гэсэн хэв шинжтэй ажээ. Хоёрдугаар давхаргын эдлэлүүдийн холбогдох баттай он цагийг тогтоох боломжгүй бөгөөд бид эдгээр эдлэлүүдийг голоцены эхэн үед хамаарна гэж үзэж байна. [5]