Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2013-2014
Санхүүжилт: 8,000.0 мян.төг
Түлхүүр үг : аэрозол, агууламж, хэмжээ, химийн бүрэлдэхүүн, ион, тоосонцор, нарийн ширхэглэгт, том ширхэглэгт, хоногийн явц, оптик зузаан, агаарын урсгал, замнал, Дорнод говь, Сайншанд, Өмнийн говь, Даланзадгад
Үр дүн
1. Монгол орны говийн бүс нутгийн агаар мандал дахь бага хольцтой хий, аэрозол, тоосонцрын агууламжийн эх мэдээ (2005-2014 оны 7-9 ба 12-р сарын дунд 10 хоног). Хожим эдгээр мэдээ нь Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, Өмнөговийн үйлдвэржилтийн өмнөх үеийн суурь үзүүлэлтүүд болж хожим харьцуулан үнэлэхэд ач холбогдол бүхий эх мэдээлэл болно.
2. Дорнод говьд аммонийн ион NH4+, кальци Ca2+, сульфатын ион SO42- зонхилж байсан бол Өмнийн говьд гидрокарбонатын ион, сульфатын ион, хлорын ион, нитратын ион, кальци ба натрийн ион зонхилдог. Дорнод говьд агаарын алсын зөөгдөл, шороон шуурга зэрэг бага хэмжээний орон нутгийн чанартай процессын дүнд аэрозол үүсдэг тул аж үйлдвэржсэн бүс нутгаас бага, ихэвчлэн сульфатын ион SO42- (2,6-4,9 мкг/м3), нитратын ион NO3- (1,8-2,4 мкг/м3), натрийн ион Na+ (1,4-1,7 мкг/м3), кальцийн ион Ca2+ (1,1-2,4 мкг/м3), хлорын ион Cl- (1,8-2,6 мкг/м3) агууламж, химийн бүрэлдэхүүнтэй. Дорнод говийн Замын-Үүд орчим дахь Р10 хэмжээтэй тоосонцрын явцыг авч үзэхэд жилийн турш Р10 20-80 мкг/м3 хооронд хэлбэлзэж хамгийн утга нь 5 дугаар сард, хамгийн бага утга нь 9 дүгээр сард ажиглагдаж, 12 дугаар сараас 5 дугаар сарын хугацаанд буюу өвөл, хаврын улиралд 10 мкг/м3-ээс их байж, бусад хугацаанд буюу зун, намрын улиралд түүнээс бага байна. Харин Р2.5 хэмжээтэй тоосонцрын явц Р10-тай ижил төсөөтэй, жилийн турш агууламж нь 15-58 мкг/м3 хооронд хэлбэлзэж байна. Өмнийн говийн Даланзадгад орчмын Р10 хэмжээтэй тоосонцрын явцаас харахад жилийн турш Р10 10-120 мкг/м3 хооронд хэлбэлзэж хамгийн утга нь 12 дугаар сард, хамгийн бага утга нь зуны улиралд ажиглагддаг. Зуны улиралд агууламж нь 10 мкг/м3-ээс бага байж, бусад хугацаанд буюу намар, өвөл, хаврын улиралд байнга түүнээс их байна. Харин Р2.5 хэмжээтэй тоосонцрын явц Р10-тай ижил төсөөтэй, жилийн турш агууламж нь 2-90 мкг/м3 хооронд хэлбэлзэж байна. Монгол орны говийн бүс нутгийн агаар мандал дахь Р10 ба Р2.5 хэмжээтэй тоосонцрын агууламж зунаас бусад улиралд их байгаа нь нэг талаас намар, өвлийн улиралд тохиолдох шороон шуурганы давтагдал, эрч хүч нэмэгдсэн, тухайн нутгийн газарзүйн байрлал, хотгор гүдгэрийн байдал, газар бүрхэвч, хөрсний бүтэц, бүрэлдэхүүн, шинж чанар, салхины хурд, чиглэл, агаарын урсгалын зөөгдөл зэрэг байгалийн хүчин зүйлстэй холбоотой. Нөгөөтэйгүүр энэ нь Оюутолгой, Тавантолгойн уурхайн ашиглалт, олборлолт, аж үйлдвэржилт, галлагаа зэрэг хүний үйл ажиллагаатай холбоотой гэж үзэв.
3. Цаг агаарын нөхцлийг авч үзвэл Монгол орны говийн бүс нутгийн агаар мандал дахь аэрозолийн химийн бүрэлдэхүүнийг агаарын урсгалын зөөгдөл, салхины чиглэлтэй холбон авч үзэхэд агаарын урсгал өмнөөс зөөгдөн ирэх үед буюу өмнийн салхитай үед хүний үйл ажиллагаатай холбоотойгоор аж үйлдвэржилтийн дүнд агаар мандалд үүсдэг гэж үздэг аэрозолийн сульфат, аммонийн агууламж харьцангуй их байна. Энэ нь БНХАУ-ын аж үйлдвэржсэн бүс нутгаас агаар зөөгдөн ирж буйгаар харуулж байна.
4. Төслийн хугацаанд лидарыг туршсан, 1 магистрын дипломын ажил гүйцэтгэж хамгаалсан, 9 эрдэм шинжилгээний бүтээл туурвиж олон улсын ба дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэн хамтарсан төслийн ажлын үр дүнг мэргэжилтнүүдийн ба нийтийн хүртээл болгосон.
5. Товхимлын эхийг бэлтгэж байгаа.
6. Энэ чиглэлийн судалгааг цаашид үргэлжлүүлэн улам өргөжүүлж, нарийвчлан хийх шаардлагатай гэж үзэж байна.