Салбар : Инженерийн ухаан, технологи
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Инновацийн төсөл
Хугацаа: 2018-2020
Санхүүжилт: 81,500.0 мян.төг
Түлхүүр үг : Бүдүүн ноост хонины ноос, хонины ноосны ноолуур, нэхээсгүй эдлэл, урлалын эсгий, галд тэсвэрлэх чанар
Үр дүн
1. Хонины ноос, холионы материал (полистрол) Бид судалгааны дээж сорьц туршилтанд нийт 250 кг дээж бэлтгэсэн. Хонины ноосны ноолуур, завод ноос, холионы материал болох полистролыг сонгон авсан. Үйлдвэрт технологийг оновчлон тогтооход хонины ноосны гарц, бүрэлдэхүүн, ширхэгтийн голчийн үзүүлэлтийг тодорхойлох шинжилгээнүүдийг хийсэн. Угаасан ноос нь 28.19мкм дундаж голчтой, 70.52%-ийн голчийн жигд бусын коэффициенттэй байсан бол хялгас ялгах агрегатаар самнаж боловсруулснаар 19.02мкм дундаж голчтой, 28,02-ийн голчийн жигд бусын коэффициенттэй болсон. Туршилтын үр дүнд самнасан ноос нь угаасан ноосноос голчийн үзүүлэлтээр бараг 9 мкм-ээр нарийсч, голчийн жигд бусын коэффициент 2.6дахин буурсан нь жигдлэг болсныг илэрхийлж байна. Самнасан ноосны дундаж уртын үзүүлэлт угаасан ноосныхоос 36.7%-иар буурч 48,5мм болсон байна.Бэлтгэсэн түүхий эдийн шинж чанарын судалгааг лабораторийн нөхцөлд судлан тодорхойлсон.
2. Шинж чанар сайжруулсан, урлалд зориулсан эсгий үйлдвэрлэх /5-7 мм/ Урлалын эсгийний үйлдэрлэлд ашиглахаас гадна бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор туршилтын бүтээгдэхүүн гаргасан .Хонины ноосноос ялгасан ноолуулаар үйлдвэрлэсэн урлалын эсгийгээр конфьютерийн гарын суурь, аяганы тавиур, гар урлалд ашиглаж байна. Нэхээсгүй нэхмэл ХК-ын үйлдвэрийн нэрийн барааны дэлгүүрт борлуулж байна. Гар урчууд худалдан авч гар урлал, эсгий бүтээгдэхүүн олбог, хөшиг гэр ахуйн гоёл чимэглэл зэрэгд ашиглаж байна. Хонины ноосны ноолууран ширхэгтээр үйлдвэрлэсэн урлалын эсгийний хэрэглээг судласан. Судалгаагаа туршилтаар гарган авсан урлалын эсгийнээс харахад тухайн түүхий эдийг зөв зохистой, шинэ технологи ашиглан үйлдвэрлэснээр урлалын эсгий үйлдвэрлэх нөөц бололцоо байна гэдгийг харуулсан
3. Хонины ноосны галд тэсвэрлэх чадвар, хорхой шавьжид тэсвэртэй чанарыг судлан тодорхойлж, нанободисоор боловсруулж галд тэсвэртэй, хорхой шавьжид тэсвэртэй технологийг боловсруулан гаргасан байна.
Шинж чанарыг сайжруулсан нарийн нимгэн эсгийг анх удаа үйлдвэрлэсэн. Боловсруулах үйлдвэрлэлийн салбар дахь технологийн орчин үеийн хандлагын нэг болох металл–оксид сол–гел систем (metal-oxide sol-gel system)-ийн аргыг үндэс болгон хонины ноосыг галд тэсвэртэй болгох туршилтыг явуулсан.
Хонины ноосон урлалын эсгийг дараахь технологийн дагуу одоогийн ашиглаж буй техник тоног төхөөрөмж дамжлагад хийж гүйцэтгэж туршжилтын дараа нь уусмалаас гаргаж хатаах машинд 90-110°С хэмд 10-15 минут хатааж, титаны давхар ислийн уусмалаар (TiO2) шүршин 3-5цаг нэвчүүлэх маягаар титаны боловсруулалт хийв.
Боловсруулалтын дараа ноосны гадаргуун дээр хар өнгийн шатдаггүй бөмбөлөг хэлбэрийн нүүрсэн хуяг бий болсон нь ноосыг галд тэсвэртэй болгох аргын мөн чанар юм. Ноосон ширхэгтийн дээжийг МNS 2951:2007 стандартын дагуу хонины ноосон эсгийний дээжинд TiO2-ын нимгэн үеийн бүрхүүл үүсгэх судалгааг Новелти ХХК-ны боловсруулах лабораторид гадаргуун идэвхит бодисын оролцоотойгоор уусгаж, нимгэн үе суулган боловсруулсан. Судалгааг боловсруулсан болон боловсруулаагүй дээжний жинг 7 хоног тутам жигнэж дүнг гаргав. Нано TiO2-оор боловсруулсан ноосон ширхэгт, хонины ноосон эсгийнд хивэн эрвээхэйн тэсвэрлэх чадварын судалгааг ISO3998- аргачлалаар богино, ба урт хугацааны аргаар жингийн хорогдлоор тус тус тодорхойлоход хивэн эрвээхэй эсэргүүцэх чадвартай болох нь тогтоогдов.
4. Орчин үед нэхмэлийн үйлдвэрлэлийн ажилбар ихтэй ээрэх, нэхэх уламжлалт аргыг сүүлийн үеийн шинэ арга, техниктэй хослуулан нэхээсгүй эдлэл хийх замаар бүтээгдэхүүний өөрийн өртгийг багасгах, нэр төрлийг олшруулах технологи практикт өргөнөөр нэвтрэх болсон.
Ноосны ноолуураар ус үл нэвтрэх урлалын эсгий үйлдвэрлэх судалгаа туршилтыг явуулж, урлалын эсгий үйлдвэрлэх технологийн горимыг боловсруулав.
Энэхүү технологи ажиллагаанд нөлөөлөх хүчин зүйлүүдийн үзүүлэлт, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хоорондын хамааралыг илэрхийлсэн математик загвар гаргаж авахын тулд олон хүчин зүйлт туршилтын аргуудын нэг болох бүрэн хүчин зүйлт туршилтын аргыг ашигласан. Энэ аргын дагуу технологийн туршилтын төлөвлөлтийн матриц зохион, үндсэн туршилт тавин, үр дүнг боловсруулан хоёр хүчин зүйлт регрессийн загвар гаргав.
Хонины ноосоор урлалын нарийн эсгий үйлдвэрлэх технологийн зааврыг хавсаргав. Судалгаа туршилтанд хялгасыг ялгасан ноос буюу ноосны ноолууран ширхэгтийг сонгон авч урлалын нягт эсгийг туршин үйлдвэрлэсэн, эхлээд хонины ноосны ноолуураар дээж бэлтгэн авч түүнийг самнаж, жигдрүүлж зулхай боловсруулах явцад полиэстер химийн холбогчийг шүршиж түүний дараа дулаан боловсруулалт хийсэн.
5. Ашигтай загварын гэрчилгээ авах Судалгаа туршилтын үр дүн болон төслийн хүрээний туршилт судалгааны үр дүнгээр шинэ нэр төрлийн нэхээсгүй нэхмэл буюу урлалын эсгийний ашигтай загварын тодорхойлолтыг гаргасан. Хонины ноосыг хялгас ялгаж самнаж боловсруулаад, ноолуурыг нь задлан жигдрүүлж хөвсгөр болгон холбогч ширхэгттэй холих, самнаж давхарлан зулах, дулааны боловсруулалт хийх дамжлагаас бүрдэх, урлалын эсгий үйлдвэрлэх аргын ялгаа нь хонины ноосны хялгасыг ялгасан ноолуураар самнаж жигдрүүлэн холбогч ширхэгтийн хамт холигч машинд жигд холих ба бэлдсэн хольцийг самнаад, давхарлан зулж, 150°С-200°С хэмийн дулаанаар нягтруулан боловсруулах замаар урлалын эсгий үйлдвэрлэнэ.
6. Туршилтын эсгийг хэрэглээ зориулалтаас хамаарч зузаан, өргөнийг өөрчлөх боломжтой. Нягт, чийг, тасралт даах чадвар зэрэг механик шинж чанарыг техникийн зориулалтын эсгийний стандарттай харьцуулан судалсан. Шинж чанар сайжруулсан урлалын эсгийг хувцас эдлэлийн зориулалтаар, гэр ахуйд, эрүүл мэнд эмчилгээний зориулалтын хувцас эдлэл, гоёл чимэглэл, галд тэсвэртэй чанарыг ашиглан театр үзмэрийн газрын хөшиг, шүүлтүүрийн материал, интерьер дизайн, автомашины үйлдвэрлэл, цахилгаан техникд жийргэвч, орны матрасанд г.м хэрэглэх боломжтойг зөвлөж зөвлөмж гаргалаа.
7. Монгол хонины ноосны ноолууран ширхэгтээр үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор урлалын эсгий үйлдвэрлэх ноосон ширхэгтийг судалж туршин сонгож, тоног төхөөрөмжийн шийдэл гарган, жижиг үйлдвэрийн төсөл боловсрууллаа. Энэ зорилгоор 1.Түүхий эдийн нөөц болон макро орчны судалгаа, шинжилгээ 2.Урлалын эсгий үйлдвэрлэх технологи горимыг тогтоон турших, Тоног төхөөрөмжийн шийдэл сонголт, Эдийн засгийн тооцоо судалгааг хийсэн. Урлалын эсгий үйлдвэрлэх жижиг үйлдвэрийн төсөл тооцоог төсөл бичих арга аргачлалын дагуу тоног төхөөрөмжийг сонгон үр ашиг түүхий эдийн нөөцөд түшиглэн орон нутагт байгуулж болох үндэслэлийг боловсруулалаа.
“Цагаан алт” гэгдэх ноосны байгалиас олгогдсон давуу шинж чанарыг хадгалан сул талуудыг дэвшилтэт технологийн аргаар боловсруулж өндөр шинж чанартай, өвөрмөц хэрэглээг хангах, зах зээлд эрэлттэй, шинэ нэр төрлийн нэхээсгүй нэхмэл бүтээгдэхүүн /урлалын эсгий/ үйлдвэрлэх жижиг үйлдвэрийн тоног төхөөрөмжийн шийдлийг гарган тооцоо судалгаа хийж байгуулах төслийг төсөөлөн гаргасанд төслийн ач холбогдол оршино.