Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2010-2012
Санхүүжилт: 28500.00 мян.төг
Түлхүүр үг : Адуу, махлаг хэвшил, өсвөр адуу, өсөлт хөгжилт, мах, махан бүтээгдэхүүн, бие цогцос, шилэн сонголт
Үр дүн
1. Адууг махлаг шинжээр нь шилэн сонгоход галбир, бие цогцосоос гадна түүний амьдын жин, биеийн хэмжээний шүтэлцээт байдлыг харгалздаг ба цээжний бүслүүр нь амьдын жинтэй бусадаасаа илүү хамааралтай байна.
Цээжний бүслүүр нэг см-ээр өсөхөд амьдын жин 5.77 кг-аар нэмэгдэх боломжтой гэсэн дүн гарав
2. Аль ч бүс нутагт үржүүлж буй адууныхаа сүргийн дунджаас 10-15 хувь илүү жинтэй, товир биетэй, махлаг шинж нь илүү тодорсон азарга, гүү олон байдаг. Ийм азарга, гүүний цээжний бүслүүр нь нутгийн бусад азарга, гүүний стандарт (MNS 4099:2010)-д заасан хэмжээнээс 5-8 см, амьдын жин нь намар дунджаар 15-20 кг-аар тус тус илүү байх тул дунджаар 157-165 см-ээс доошгүй цээжний бүслүүртэй, хаврын амьдын жин нь 280-330 кг-аас багагүй, галбирын согоггүй, 3-аас дээш жил үржилд ашигласан, өөрийн ашиг шимийн давуу чанараа үр төлдөө сайн удамшуулдаг азарга, гүүг сонгон үржүүлэхийг зөвлөж байна.
3. Хээлтэй гүүг унагалахаас 30-40 хоногийн өмнө тэжээлд оруулж, нэг гүүнд 6-7 тэжээлийн нэгтэй тэнцэх тэжээлээр тэжээх нь тохиромжтой байна.
Угтуулан тэжээсэн гүүнээс гарсан унага 6 сарын настайдаа төрөх үеийн жингээ 3.3 дахин нэмэгдүүлж 127.0±5.12 кг, 12 сарын настайд төрөх үеийн жингээ 4.4 дахин нэмэгдүүлж 152.7±4.14 кг жинд хүрч байгаа нь бэлчээрийн нөхцөлд байсан гүүний унагатай харьцуулахад 19.7 кг буюу 14.8 хувиар илүү байна.
Хээлтэй гүүний тэжээлийн хэрэгцээ унагаласны дараа 20-30 хувиар нэмэгдэж байна.
4. Адууны махны дээжинд нийт 12 уургийн бүлэглэл илэрч, молекул масс нь 15,136-240,0 дальтоны хооронд хэлбэлзэж байна. Махaнд үл орлогдох амин хүчил 34,96, орлогодох амин хүчил 53,91 хувь, эрдэс бодисын 97,7 % -ийг макро, 2,3 %-ийг микро элемент тус тус эзэлж байна. Усанд уусдаг витаминаас РР аминдэм харьцангуй илүү буюу 3,8 мг/% агуулагдаж байна
5. Адууны махан бүтээгдэхүүн мэдрэхүйн эрхтний дундаж үнэлгээгээр мах 36.6 -38, каз 36,2-37,8, карта 36,0 оноо тус тус авсан нь стандартын шаардлага хангав.
Адууны хэсэглэж ангилсан мах, казы, карта, чужукийн Улсын стандартын төслийг боловсруулж, холбогдох байгууллага, эрдэмтэдээс санал авч, МААЭШХ-гийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн СҮЗ-ийн 2013.06.27-ний өдрийн 30 тогтоолоор батлуулав. /MNS 6391:2013/