Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 012
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2004-2006
Санхүүжилт: 57714700 мян.төг
Түлхүүр үг : Шилэлтийн заалт, шилэлтийн онч, эдийн засгийн үнэлэмж, үр ашиг, маркер, генетик дифференцац, микросателлитийн ДНХ
Үр дүн
1. Шилэлтийн заалтын бүх хувилбарт ноолуурын гарц, чанарын үр ашиг нэмэгдэж байна. Ноолуурын гарц, чанарын үзүүлэлтүүд нэмэгдэхэд тэдэнтэй фенохэвшлийн болоод удамших сөрөг хамааралтай амьдын жин буурахаар байна.
2. Төгс болон голчын хязгаарлалттай шилэлтийн заалтын онч мөн дарааллаар, 0,855; 0,352 байна. Энэ мэтчилдэн, төгс заалтын үр ашгийн эдийн засгийн үнэлэмж 41,96 байсан бол голчын хязгаарлалттай хувилбарын үед 19,15 болтлоо даруй хо¸р гаруй дахин багасахад ноолуурын гарцын үр ашгийн бууралт голчлон нөлөөлөхөөр байна. Ноолуурын ямааг шилэлтийн заалтаар үнэлж үржилд сонговол амьдын жин, ноолуурын голчын хэмжээг зохистой түвшинд барьж, харин ноолуурын гарц нэмэгдүүлэх боломжтой байна.
3. Ноолуурын ямааны фелогенетикийн судалгаа нь нутгийн монгол ямааны генетикийн холбоо нягт байгааг харууллаа. Хэдийгээр судалгаанд хамрагдсан омог хэвшлийн ямаа нь хоорондоо зүс, ноолуурын ашигт шинж тэмдгээр өвөрмөц ялгаатай, газар зүйн хувьд ч тус тусаасаа алслагдмал хэдий ч цусны уургийн хэлбэршлийн хувьд удам зүйн ялгаралгүй бололтой.
4. Ойр холбоотой омог, хэвшлийн генетикийн дифференциаци гаргахад микросателлитийн маркерийг ашиглах нь давуу талтай байна. Монгол ямаа микросателлитийн ДНХ өндөр полиморфтой байгаа нь уг маркеруудыг цаашид Монгол ямааны онцлог шинжүүдтэй холбон судлах тухайлбал ноолуурын чанарын зарим шинжийг хянах генийг хайх, илрүүлэх улмаар локусуудын клонизаци хийхэд ашиглах боломжтой.
5. Сүүлийн гурван жилийн дундажаар ангилалтанд орсон ГГС үүлдрийн өнжмөл зусаг ямааны 31.3 хувь шилмэл ба I ангид хамрагдаж, харин III ангийн ямааны эзлэх хувийн жин 42.0-т хүрсэн нь шилмэл ба I ангийн ямааны эзлэх хувийн жин 20.7 хувиар өсч, III ангийн ямааны тоо 22.1 хувиар буурсан нь үржил селекцийн ажлын үр дүн юм.
6. Баян дэлгэр омгийн улаан ямаа аль ч насандаа жингийн алдагдал харьцангуй тогтвортой (хоногт 28.3-47.6г) байхад ГГС үүлдрийн ямаа өсвөр насандаа харьцангуй бага турж байгаа боловч нас гүйцэх үедээ бусад омог хэвшилээс ялгарахгүй болж байна. Залаа жинстийн цагаан болон Завханы буурал омгийн ямааны угшилтай монгол ямаа нь амьдын жингийн өсөлтөөр Баяндэлгэрийн улаан, ГГС ямаанаас харьцангуй илүү буюу хоногт 90.8-104.6 граммаар нэмэгдэж байна.
7. Бэлчээрийн зарим зүйл ургамлын малд идэгдэх байдлыг авч үзвэл ямаа Голын хиагны нийт ургацын 69.1%-ийг Цагаан луйлны 15.5 хувийг ашиглаж байхад хонь түнхлэй хиагны 73.1 %-ийг, цагаан луйлны 39.8 хувийг ашиглаж , бог мал хиаг, царгас, хонин тарна, биелэг зэрэг ургамлыг хамгийн түрүүнд маш сайн идэж байв. Харин цагаан луйлийн шинэ ургал эрхтэнийг хонь ямаанаас 14.3% илүү, харин ямаа түүний урд жилийн босоо хагдыг хониноос 8.4 %-иар илүү идэж байгаа нь ажиглагдав.
8. ГГС үүлдрийн ямааны арьсны уутанцрын нягтшил монгол ямаанаас илүү. Арьсны нэгж талбайд монгол ишгэнд (0,6 настай) 41,3 уутанцар байхад ГГС үүлдрийн ишгэнд 44,8, ГГС үүлдрийн эм ямааны арьсны нэгж талбайд дунджаар 30,5 уутанцар байхад монгол ямаанд энэ үзүүлэлт 28,2 байв. Бүлгийн хэмжээ ГГС үүлдрийн эм ямаанд 9,9, монгол ямаанд 10,0 байна.