Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2013-2016
Санхүүжилт: 80900.00 мян.төг
Түлхүүр үг : ясны сийрэгжилт, Монгол, тархалт, эстрадиол, тестостерон, Д аминдэм
Үр дүн
Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн 25.7% (n=505) нь ясны сийрэгжилттэй, эрэгтэйүүдэд 14.5%, эмэгтэйчүүдэд 30.6% тархалттай бөгөөд ясны сийрэгжилтийн түвшинг бүс нутгаар нь ангилж, хүйсээр харьцуулан үзвэл, эрэгтэйчүүдэд Архангай аймагт өндөр (18.9%), эмэгтэйчүүдэд Увс аймагт хамгийн өндөр (35.9%) тодорхойлогдсон. Харин Улаанбаатар хотод эрэгтэй эмэгтэй аль ч хүйсэнд ясны сийрэгжилт хамгийн бага буюу эрэгтэйчүүдэд 8.1%, эмэгтэйчүүдэд 25.5% байв. Манай судалгаанд халх, дарьганга, дөрвөд, баяд, хотон, буриад, урианхай гэх мэт үндэстэн, ястан оролцсон ч ясны сийрэжилтийн түвшин болон ясны хатуу эдийн нягтын хувьд статистик ач холбогдолтой ялгаа ажиглагдаагүй. Бинари ложистик регрессийн шинжилгээгээр хөдөө орон нутгийн иргэд нь Улаанбаатар хотын иргэдтэй харьцуулахад ясны сийрэгжилтээр өвчлөх эрсдэл 1.7 дахин өндөр [CI: 1.2-2.3] байна.
Ясны сийрэгжилтийн тархалтыг насны бүлгээр ангилан үзвэл 18-35 насны эмэгтэйчүүдэд 6.2%, 46-55 насанд 26.5% байсан бол 66-с дээш насныханд 76.5% байсан бөгөөд ясны сийрэгжилтийн тархалт нь насны бүлэг ихсэх тусам нэмэгдэж байна.
Дааврын түвшинг квартилд ангилан ясны сийрэгжилтийн эрсдэлийг тооцоход, эмэгтэйчүүдэд ийлсийн эстрадиол дааврын хэмжээ 46.2пг/мл болон түүнээс багасахад ясны сийрэгжилтийн эрсдэл 2.4 дахин [CI: 1.2-5.3], 23.6пг/мл болон түүнээс буурахад ясны сийрэгжилтийн эрсдэл 3.4 дахин [CI: 1.6-7.4] нэмэгдэж байна. Харин ийлдсийн нийт тестостерон дааврын хэмжээ 7.75нг/мл болон түүнээс буурахад ясны сийрэгжилтийн эрсдэл 1.8 дахин нэмэгдэж байна.
Ясны сийрэгжилтийн тархалт эмэгтэйчүүдэд өндөр байдаг тул эмэгтэйчүүдийн тусгайлсан асуумжаар илүү нарийсган судлав. Асуумжаас нийт хөхүүл байсан хугацаа (r=-0.119, p<0.01) болон олон төрөлт (r=-0.218, p<0.01) нь ЯДТХ-тай урвуу, сул хамааралтай байсан. Өөрөөр хэлбэл олон төрөх болон удаан хугацаагаар хүүхдээ хөхүүлэх нь ясны нягт буурах нэг хүчин зүйл байж болох юм.
ЯДТХ-ыг олон хүчин зүйлийн регрессийн анализаар үнэлж, хүчин зүйлсийн нөлөөллийг тооцоход эрэгтэйчүүдийн ЯДТХ-д нас, паратиреод, эстрадиол дааврын хэмжээ бодитой нөлөө үзүүлж байгаа бол эмэгтэйчүүдэд нас, төрөлтийн тоо нь хүчтэй нөлөө үзүүлж байна
Ясны сийрэгжилттэй эрэгтэйчүүдийн ийлдсийн 25-гидрокси витамин Д-ийн түвшин 27.7±11.9нг/мл, эрүүл бүлгийнх 29.6±18.2нг/мл байна. Судалгаанд хамрагдагсдын 3.9% (n=15) нь 25-гидрокси витамин Д-ийн хүнд дутагдалтай, 25.1% (n=97) нь дутагдалтай, 39.8% (n=154) нь хангалттай бус хэмжээнд, 30.7% (n=119) нь хангалттай хэмжээнд, 0.5% (n=2) нь гипервитаминоз түвшинд байлаа. Витамин Д-ийн хэмжээ нь аль ч хүйсэнд Дундговь аймагт хамгийн өндөр тодорхойлогдсон нь статистик ач холбогдолтой (p<0.05) байна. Энэ нь уг аймгийн газарзүйн байрлалын онцлогоос шалтгаалж байхыг үгүйсгэхгүй. Гэвч 25-гидрокси витамин Д-ийн дутагдал нь регрессийн шинжилгээгээр ясны сийрэгжилтийн эрсдэл болохгүй байна.