Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2012-2014
Санхүүжилт: 98023.00 мян.төг
Түлхүүр үг : титэм, гол судас, иммуногистохими, биомаркер, атеросклероз, судасны хатуурал
Үр дүн
1. Парафинан блокоос бэлтгэсэн зүсмэгийг иммуногистохимийн дан будалтаар будах аргыг АШУҮИС-ийн Морфологийн тэнхим дээр нутагшуулан тэнхимийн докторант, магистрантуудад эзэмшүүлсэн бөгөөд одоогийн байдлаар 4 докторант, 6 магистрантын судалгааны ажлын үр дүн гарсан байна (протоколыг хавсаргав).
2. Титэм судасны эмгэгээр нас барсан 30 тохиолдлоос нийт 220 бичил бэлдмэл бэлдэж гематоксилин-эозин, ван-гизон, гурван хромт массоны аргаар будаж бичиглэлийг хийсэн. Үүнээс 80 зүсэм дээр иммуногистохимийн 6 биомаркераар бүтцийг өөрчлөлт илрүүлэх шинжилгээг хийсэн.
3. VCAM, ICAM, PECAM, VEGF, LOX, Adiponectin, Troponin-ийн агууламжийг хяналтын болон тохиолдлын бүлгийн 186 хүний цусны ийлдсэнд тодорхойлсон тоон үзүүлэлтийг боловсруулж илтгэл, өгүүлэл хэвлүүлсэн.
4. Титэм судасны эмгэгтэй хүмүүст үрэвслийн хурц болон эдийн урвалын шатанд илрэх 4 биомаркерыг (ТNF-α, интерферон-γ, интерлейкин-10, интерлейкин-12) 32 тохиолдолд тодорхойлоход TNF-α, IL-10-н хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулахад статистикийн хувьд үнэн магадтай бага утгатай (p<0.001), IFN-γ, IL-12-н хэмжээ үнэн магадтай их утгатай (p<0.001) байгаа нь титмэн судас зөвхөн атеросклерозоос болж нарийсдаггүй нэгэн төрлийн судас үрэвсэх үйл явц тохиолдож байгааг баталсан.
5. ХС, ТГ, БНЛП, ИНЛП-ыг цусанд тодорхойлох шинжилгээг зүрхний титэм судсанд стент тавигдсан 22-74 насны хүнд мөн насны хяналтын буюу харьцангуй эрүүл 18 хүний цусанд тодорхойлсон. Хяналтын бүлгийн харьцангуй эрүүл эмэгтэй хүмүүсийн цусанд ХС-4.05ммоль/л, ТГ-1.35 ммоль/л, ИНЛП 1.2 ммоль/л, БНЛП-2,69 ммоль/л байсан бол эрэгтэйчүүдийн цусанд ХС-4.5ммоль/л, ТГ-1.27 ммоль/л, ИНЛП 1.32 ммоль/л, БНЛП-2,84 ммоль/л болж ихэссэн нь тус тус тодорхойлогдлоо. Харин зүрхний шигдээсээр өвдөж зүрхний титэм судсанд стент тавиулсан эмэгтэй хүмүүсийн цусанд агуулагдах ХС-5.2 ммоль/л, ТГ-1.65 ммоль/л, ИНЛП 0.62 ммоль/л, БНЛП-3,86 ммоль/л байсан бол эрэгтэйчүүдийн цусанд ХС-4.7ммоль/л, ТГ-1.40 ммоль/л, ИНЛП 0.93 ммоль/л, БНЛП-3.75 ммоль/л тус тус тодорхойлогдсон нь энэхүү өөх тосны бодисуудын цусан дахь хэмжээ ихэссэн нь титэм судасны эмгэг, зүрхний шигдээсийн үед илт ихэсдэг болох нь харагдаж байна.
6. Бидний судалгааны дүнгээс харахад зүрхний шигдээс өвчтэй хүмүүсийн холестрины үзүүлэлт хэвийн үетэй харьцуулахад мэдэгдэхүйц ихсээгүй (эмэгтэйчүүдийнх 22.11%, эрэгтэйчүүдийнх 4.25%-иар ихэссэн) ч БНЛП-ын агууламж эрэгтэйд 24.26% буюу 1.32 дахин ихэссэн, эмэгтэйд 30.3% буюу 1.43 дахин ихэссэн байгаа нь уг өвчний үед лецитинхолестерол ацил трансфераза ферментийн идэвхи сулран, үүнээс болоод лецитин буюу фосфатидилхолиноос тосны хүчил салж, тэр нь холестеролын молекул дээр очиж холбогдон холестеролын эфир үүсч, улам ханаагүй холбоонд шилжин, липофиль чанартай болж хувирдаг урвалын хурд сулран, тэр хэмжээгээр БНЛП ийлдсийн орчинд ихсэн титэм судасны дутагдал, зүрхний өвчний хүндрэлийг улам нэмэгдүүлэх нэмэлт хүчин зүйл болж байгааг харуулж байна.
7. Зүрхний шигдээс болж титэм судсанд стент тавигдсаны дараа цусны ийлдсэнд МДА-ыг тодорхойлоход стент тавигдсан 3 насны бүлгийн эрэгтэйг хяналтын бүлэгтэй нь харьцуулахад Идэр I бүлэгт 36.03%-иар буюу 1.56 дахин их, Идэр II бүлэгт 21.38%-иар буюу 1.27 дахин их, Ахимаг насанд 74.4%-иар буюу 3.9 дахин тус тус ихэсдэг болох нь тодорхойлогдлоо. Үүнээс үзэхэд ахимаг насныханд зүрхний миокардын гэмтэл илүү эрчимждэг нь харагдаж байна. 36-55 насны (Идэр II насны бүлэг) стент тавигдсан бүлгийн эмэгтэйг 56-74 насны (Ахимаг насны бүлэг) стент тавигдсан бүлгийн эмэгтэйтэй харьцуулахад МДА нь 16.46%-иар буюу 8.19 (0.0020.16) дахин ихэссэн нь зүрхний булчингийн эсийн гэмтэл Идэр II насны эмэгтэй бүлэгт илүү байгаа нь харагдаж байна. Стент тавигдсан 2 насны бүлгийн эмэгтэйг хяналтын бүлэгтэй нь харьцуулахад Идэр II бүлэгт 25.53%-иар буюу 1.34 дахин их, Ахимаг насанд 66.57%-иар буюу 2.9 дахин тус тус ихэссэн байгаа нь тодорхойлогдлоо.
9. Титмэн судасны эмгэгтэй 14 тохиолдолд титэм судасны салаануудын голчийг 9 цэгт ангиографийн шинжилгээг дагалдуулан хэмжиж, бүгд 126 нэгж хэмжилт хийж тоон үзүүлэлтийг боловсруулан магистрын сэдэвт зохиолын нэг бүлгийг бичиж үр дүнгээр илтгэл 3, өгүүлэл 2-ийг хэвлүүлсэн.
10. Титмэн болон гол судасны эмгэгтэй өвчтөнийг эрт оношлох эмчлэх аргачилсан захидал гарч Улсын III шатлалын эмнэлэг бяцхан ном хийж тараах ажил хэрэгжиж байна.