Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2012
Санхүүжилт: 76661.00 мян.төг
Түлхүүр үг : тусгай хамгаалалттай газар нутаг, аялал жуулчлал, байгалийн даац, рекреацийн нөөц
Үр дүн
1. Байгалийн нөхцөл, нөөцийг хамгаалахын зэрэгцээ зохистой ашиглах гол чиглэл бол аялал жуулчлалыг байгалийн даацад тохируулан зөв хөгжүүлэх, түүний үндсэн суурь нь байгаль-ландшафтын даац юм. Байгалийн хам бүрдлүүд болон түүнийг бүрдүүлэгч эле-ментүүд нь рекреацийн ачаалал даах чадвар, тогтворжилтын хувьд хоорондоо ялгаатай. Аргазүйн гол үндэс нь хотгор гүдгэр, гадаргын налуу, хэрчигдлийн шигүү, хөрсний чанар, ургамал бүрхэвч дээр суурилан тэдгээрийн уялдаа холбоог илэрхийлэх ландшафтын хэв шинжүүдийг тогтоож ачаалал даах чадварыг тооцон гаргалаа.
2. Төлөөлөл болгон сонгож авсан Горхи-Тэрэлж, Онон-Балж, Орхоны хөндий, Хөвсгөлийн БЦГ-ын аялал жуулчлалын бүсүүдийн нөөц, даацыг боловсруулсан аргазүйгээр тухайн газруудыг зорин ирэх жуулчдын дундаж коэффициентийг харгалзах тодорхойлсон. Аялал жуулчлалын хүчин чадал нь жуулчин хүлээн авч буй газар нутгийн хэмжээг жуулчдын дундаж стандарт хэмжээнд харьцуулсан харьцаа юм.
3. Сонгосон БЦГ-д бүгд ТХГУГ-аар батлуулсан аялал жуулчлалын бүсүүдтэй. Харин Хөвсгөлийн БЦГ-ын дотоод бүсчлэлийг шинээр үндэслэлийг боловсруулан тогтоож зурагласан. ТХГН-уудын бүсчлэлийг хамгаалалтын өндөр дэглэмтэй, ашиглалтыг маш бага хэмжээнд явуулах бус (жишээ нь: тухайн бүсэд зөвхөн шинжилгээ судалгаа явуулах буюу хүмүүсийг хөдөлгүүрт бус тээврийн хэрэгслээр цөөн тоогоор аялахыг зөвшөөрөх), эрчимтэй ашиглалтын бүс (аялагч, жуулчдад зориулсан угаалгын газар, хүлээн авах цэг, машины зогсоол, мэдээлэл сургалтын төв зэрэг), хамгаалалтын үйл ажиллагаа бүхий газар (хамгаалалтын захиргаа, засвар үйлчилгээний болон хог хаягдлын цэгүүд байрласан) зэргээр бүсчилж болно гэж үзээд одоогоор дотоод бүсчлэл тогтоогоогүй байгаа ХБЦГ дээр шинэ бүсчлэлийг тогтоогоод байна.
Монгол улсын БЦГ-ууд тодорхой замналын дагуу аялал жуулчлал хөгжүүлж байгаа боловч байгалийн бүс бүслүүр, ландшафтын хэв шинжүүд байгалийн хилээр үргэлжлэн зөвхөн засаг захиргааны хилээр тусгаарлагддаг. Үүнтэй холбоотойгоор аялал жуулчлал ч коридор нутгаар холбогдох учиртай. Бидний сонгож авсан газрууд ч байгалийн өвөрмөц тогтоц, үзэж харах зүйлээр хоорондоо холбогдож аялал жуулчлалын коридор нутгийг үүсгэж байна. Улмаар энэхүү БЦГ, аялал жуулчлалын замнал, хоорондоо холбогдсон коридор нийлээд аялал жуулчлалын сүлжээг үүсгэдэг. Аялал жуулчлалын коридор нь экологийн коридорын нэгэн адил нэг талаас байгалийн элементүүдэд тулгуурлаж болох бөгөөд ялангуяа голын хөндий, гол мөрөн бол хамгийн сайн, хамгийн тодорхой коридор юм. Аялал жуулчлалын коридорыг тогтоохдоо дэд бүтцийг харгалзан үзсэн болно. Нөгөө талаас аялал жуулчлалын замнал бол коридор юм. Нийтдээ 4362.4 км2 талбайг хамрах аялал жуулчлалын коридорын санал боловсруулж зурагласан.
Судалгааны үр дүнд үндэслэн сонгож авсан газруудад аялал жуулчлал хөгжүүлэх, хамгаалахын зэрэгцээ зохистой ашиглах зөвлөмжийг сонгож авсан газар бүр дээр боловсруулав. Горхи-Тэрэлж, Хөвсгөл, Орхоны хөндий, Онон-Балж, Хөгнө-Тарнын БЦГ-дад аялал жуулчлалын даац, нөөцийг тогтоосон байдлыг харгалзан цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнд дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:
1/ ГТБЦГ-т одоо зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж буй газруудын тоог багасгаж, төвлөрлийг сааруулах арга хэмжээ авах нь зүйтэй.
2/ ХБЦГ-т шинээр нэмж газар олгохгүй байх, одоо байгаа жуулчны баазуудын төвлөрлийг багасгах, мөн дээрх газруудад зөвшөөрлөө аваад байгууламжаа барьж эхлээгүй зарим баазуудын байршлыг хэт төвлөрөл үүсгэхээр бол өөр газар шилжүүлэх шаардлагатай. ХБЦГ-т бэлчээр ашиглалтын нөлөөллийг авч үзвэл 186740 га талбай буюу цогцолборт газрын нийт нутгийн 16 хувь нь малын бэлчээрийн шууд нөлөөнд өртсөн байна. Иймд хязгаарлалтын бүсэд байгаа малын тоо толгойг даацад нь тохируулан цөөлөх, бэлчээрийг байгалийн аясаар сэргэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай.
3. ОББЦГ байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх нь зүйтэй. ОББЦГ нь байгалийн бүс бүслүүрийн шилжилтийн зааг дээр оршдог экотон, эмзэг экосистем юм. Шинэ зүйл бий болохдоо ч амархан, байгаа зүйл устахдаа амархан, байгаль орчны өөрчлөлтийн нөлөө хүчтэй тусч байгаа учраас цаашид тодорхой замналын дагуу явган, морин, усан аялал хөгжүүлэх, тодорхой газруудад амрах, отоглох газрыг тогтоож аялуулах нь зүйтэй.
4. ОХБЦГ нь аялал жуулчлал явуулж буй газарт бэлчээрийн нөлөөлөл давхцаж ихээхэн хэмжээний дарамтыг үзүүлж байгаа болохоор цаашид жуулчны баазыг нэмэхгүйгээр нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй хэмээн үзнэ.
5. ХТБЦГ нь хээр, хуурай хээрийн бүсэд оршдог, хөрсний чанар 39-өөс доош гаднын нөлөөнд амархан өртөмтгий, эмзэг экосистемд оршдог, байгалийн нөхөн сэргэх чадавхи сул тул туйлын оновчтой ашиглалтыг шаарддаг. ХТБЦГ нь аялал жуулчлалаас гадна бэлчээрийн даац хэтэрсэн нь байгаль экологид сөргөөр нөлөөлөх боллоо. Аялал жуулчлалаас гадна ХТБЦГ-ын нийт нутаг дэвсгэрийн 69720 га буюу 83% нь малын бэлчээрийн нөлөөлөлд өртөөд байна.
Хөгнө-Тарнын БЦГ-ын Хамгаалалтын захиргаа малын тоо толгойд хязгаарлалт тавьж бэлчээрийн даацыг хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авах шаардлагатай байна.
6. Сонгож авсан БЦГ-дад шинээр аялал жуулчлалын бааз нэмж байгуулахгүйгээр байгалийн аялал жуулчлалыг нутгийн иргэдэд түшиглэн хөгжүүлэх зөвлөмжийг өгч байна. Ялангуяа нэмж жуулчны бааз байгуулах боломжтой газруудад барилга байгууламж байгуулах асуудлыг таслан зогсоож зөвхөн гэр бааз байгуулах нь зүйтэй байна. Аялал жуулчлалын замналыг нарийвчлан тогтоож замналын дагуу буух, отоглох, шувуу ажиглах зэрэг аялал жуулчлалтай холбоотой газруудыг тодорхой тогтоож хамгаалалтын захиргаад журам гаргаж мөрдүүлэх.
7. ГТБЦГ-т 2012 оны өдрийн УИХ-ын 2012 оны 05 сарын 18 ны өдрийн 38 дугаар тогтоолоор Тэрэлж орчмын мян.га газрыг тусгай хамгаалалттай газраас гаргасантай холбоотойгоор Тэрэлжийн төвийн 209 өрх, голын шугуй орчмоор амьдардаг 53 өрх буюу нийтдээ 262 өрх ТХГН-ийн хилээс гаргасан байна. Энэ нь цогцолборт газрын дундаас цоорхой байдлаар чөлөөлсөн газраас болж байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө онцгой ихсэх бөгөөд түүний дотор аялал жуулчлалаас 2044 га талбай, бэлчээр ашиглалтаас 1619 га талбайд хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байгааг бид тооцоолж гаргалаа. Дээрх газар улсын тусгай хамгаалалтад байхад их хэмжээний сөрөг нөлөө дарамт үүсгэж байсан бол цаашид энэхүү чөлөөт үйл ажиллагаа бүр даамжрах нь ойлгомжтой байна.
8. ХБЦГ-т 2012 оны өдрийн УИХ-ын 2012 оны 05 сарын 18- ны өдрийн 38 дугаар тогтоолоор Ханх сумын төв болон Хатгал тосгоны эдэлбэр нутгийг тусгай хамгаалалттай газраас гаргасан. Гэтэл Хатгал тосгоны эдэлбэр нутгийг тусгай хамгаалалттай газраас гаргахдаа дотоодын жуулчдын зорин очих гол газрын нэг болох усан замын зогсоол ормчын нутгийг хамт чөлөөлснөөс Хөвсгөл нуур болон тэндэхийн байгаль, экологид үзүүлэх сөрөг нөлөөллийг улам бүр ихэсгэх болсон байна. Хатгал тосгоны дэргэдэх усан замын зогсоол, тэр орчимд байх жуулчны бааз, гэр буудлуудын үйл ажиллагаа нь 508,5 га талбайд хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх тооцоо гарч байна.
Иймд тус цогцолборт газрын Хүзүүвчийн шил дэх доод отгоос доошоо Цахир толгойн өвөр хүртэлх газрыг буцааж хамгаалалтад авах шаардлагатай. Тэгэхгүй бол Хөвсгөл нуурын усны бохирдол ихсэх, нуурын эрэг орчмын байгаль-экологи улам бүр доройтолд орох болно.
Мөн Хөвсгөл нуурын мандлаар зорчих усан онгоц, моторт завинд тавих хяналтыг сайжруулж техникийн шаардлага хангаагүй, элэгдэж хуучирсан усан онгоц, моторт завь явуулахгүй байх, зөвшөөрлийг БОНХЯ болон ХТХГ-ын хамгаалалтын захиргаа өгч байх асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатай байна.
9. БЦГ-уудын нутагт үйл ажиллагаа явуулж буй гэр буудлуудыг жуулчны баазтай адил түвшинд авч үзэх хэрэгтэй. Учир нь гэр буудлуудын бохирын асуудал шийдэгдээгүй, БОНБНҮ хийлгэдэггүй, бараг л аялал жуулчлалын “нинжа” мэт байгаа нь байгаль орчинд томоохон сөрөг нөлөө үзүүлж байгааг анхаарч цаашид зохицуулах шаардлагатай.
10. Зөвхөн нэг БЦГ-ын хэмжээнд биш, тусгай хамгаалалттай газруудыг холбосон аялал жуулчлалын коридорын хэмжээнд аялал жуулчлалын замналыг тогтоож аялах, жуулчлах болон холбоотой бусад үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах.