Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан
Төслийн дугаар : 022
Төслийн төрөл : ШУТ төсөл
Хугацаа: 2011-2013
Санхүүжилт: 60350.00 мян.төг
Түлхүүр үг : тандалтын судалгаа, тархалтын зураглал, эрсдэлийн үнэлгээ, ФХЭБУ, ПГУ, афлатоксин, цомог, оношлуур
Үр дүн
1-р үр дүн:
Манай орны 6 аймаг, 14 сум болон Улаанбаатар орчмын 533 адуу, 19 шувууны ийлдэс судалгаанд хамрагдав. Үүнээс Улаанбаатар орчмын болон 4 аймаг, 8 сумын 42 (7.8%) адуу, 2 (10.5%) шувуунд ө-ФХЭБУ-аар Баруун Нилийн вирусийн эсрэгбием илэрч эерэг үр дүн үзүүлсэн нь уг өвчний тархалт, халдварлалт манай оронд байгааг харуулж байна. Үүнээс гадна үхсэн 12 бор, 2 хэрээ, 2 буурал хомноот шувууны нийт 80 ширхэг эд эрхтэний дээжээс Баруун Нилийн вирус илрүүлэх шинжилгээг үр хөврөл тогтсон өндгөнд халдвар хийж РНХ-г ялган УТ-ПГУ-аар шалгахад бүгд сөрөг үр дүнг үзүүлжээ. Шинжилгээний үр дүнд уг өвчний улмаас үүсч болох эрсдэлийн үнэлгээг хийв.
Хөвсгөл, Сэлэнгэ, Булган, Төв аймгийн 9 сумаас нийт 750 тооны адуу, үхэр, хонь, ямааны цусны ийлдэс цуглуулж тэдгээрээс санамсаргүй түүврийн аргаар 184 цусны ийлдсийг (адуу 43, үхэр 41, хонь 44, ямаа 56) хачигт энцефалитийн эсрэг бие илрүүлэх ө-ФХЭБУ (EIA TBEV Ig Kit, Czech)-аар шинжлэхэд 17 дээж (4 адуу, 4 үхэр, 4 хонь, 5 ямаа) эерэг дүн үзүүлэв. Мөн уг өвчний үүсгэгчийг илрүүлэх зорилгоор дамжуулагч Ixodes persulcatus, Dermacentor Nuttalli зүйлийн нийт 459 хачиг түүж, газар зүйн болон тоон хэмжээнээс хамааруулан 47 багц болгон хуваав. Нийт цуглуулсан хачгийг Хачигт энцефалитийн хэвшил тодорхойлох праймер ашиглан шинжлэхэд Сибирийн хэвшлийн вирус илэрсэн болно. Манай орны мал сүрэгт хачигт энцефалитийн эсрэгбием илэрч мөн уг өвчнийг дамжуулагч хачганд өвчний вирус илэрсэн нь монгол орон хачигт энцефалитийн халдвартайгаас гадна эрсдэлтэй бүсэд орж байна. Хачигт энцефалит өвчний эрсдэлийн үнэлгээг хийв.
2-р үр дүн:
2.1. Адууны вируст артеритыг оношлох ФХЭБУ-ын эсрэгтөрөгч, эерэг ийлдэс бэлтгэн турших
Монгол орны хойд хэсгийн ойт хээрийн бүсийн зарим аймаг, хотуудад, тухайлбал Төв, Сэлэнгэ, Булган, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотод адууны вируст артеритын халдварлалт 20%-тай байгааг худалдааны ийлдэс судлалын цомог (шууд бус ФХЭБУ) ашиглан тодорхойлов.
Адууны вируст артерит өвчнийг ийлдэс судлалын аргаар оношлох шууд бус ФХЭБУ-ын эсрэгтөрөгч, хяналтын эерэг ба сөрөг ийлдсийг өөрийн орны нөхцөлд үйлдвэрлэн хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Шууд бус ФХЭБУ-ийн цомгийн загвар бэлтгэж эсрэгтөрөгч, хяналтын эерэг болон сөрөг ийлдэс бэлтгэх, шалгах, хэрэглэх заавар боловсруулав.
2.2. Хэл хөхрөх өвчний үүсгэгчийн тандан судалгаа
Уг төслийн хүрээнд Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс, Төв, Сэлэнгэ, Булган, Хэнтий аймгууд, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 14 хороо зэрэг газруудаас авсан нийтдээ 9300 гаруй малын (үхэр, хонь, ямаа) ийлдсийн дээжийг шинжлэхэд ХХӨ-ний эсрэгбием үхэрт 5% (470), ямаанд 34.9% (3246), хонинд 23.2 % (2162) илрэв. Манай оронд ө-ФХЭБУ-аар эсрэгбием илэрч байгаа мал амьтан ХХӨ-ний эмнэл зүйн шинж тэмдэг үзүүлэхгүй байгаа нь хоруу чанар султай ийлдсэн хэвшлээр үүсгэгдэж байх магадлалтай байна. ХХӨ-ний ямар төрлийн ийлдсэн хэвшлээр уг өвчин үүсгэгдэж байгааг нарийвчлан тогтоох шаардлагатай байна.
2.3. Хэл хөхрөх өвчнийг ПГУ-аар оношлох праймер нийлэгжүүлэн хэрэглэх боломжийг судлах
Манай орны хивэгч малын дунд ХХӨ-ний вирусын эсрэгбием өндөр хувиар илэрч байгаа ч, ФХЭБУ-р оношилж эсрэгбием илрүүлэн, эерэг ба сөрөг гарсан малаас РНХ-г нь ялган авч ХХӨ-нийг молекул биологийн аргаар судлах боломжтой болохыг судлав.
ХХӨ-ний талаархи гадаадын болон дотоодын хэвлэлийн мэдээлэл цуглуулан дүн шинжилгээ хийж, уг сэдэвт ажлын хүрээнд ХХӨ-нийг оношлох аргыг боловсронгуй болгохын тулд төрөл өвөрмөгц бодит цагийн УТ-ПГУ-аар оношилж, дараа нь хэвшил өвөрмөгц УТ-ПГУ-аар оношлох праймер захиалан авч шалгасан байна.
ХХӨ-нийг бодит цагийн УТ-ПГУ-аар оношлох түр заавар болон ХХӨ-ний 4 ба 16 (BTV 4, 16) ийлдсэн хэвшлийг илрүүлэх праймерын бэлтгэх, шалгах, хэрэглэх түр заавар боловсруулав. ХХӨ-ний BTV4 хэвшлийг оношлох праймерийн секвенсийг шинээр зохион нийлэгшүүлэв.
3-р үр дүн:
4-р үр дүн:
Уг дэд сэдэвт ажлын хүрээнд Улаанбаатар хот болон 8 аймгийн (Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Дундговь) 21 сум, дүүргийн хивэгч малаас баасны дээж цуглуулж шинжилсэн байна. Монгол орны байгаль газар зүйн 3 бүсийг төлөөлүүлж нийт 2315 хивэгч мал (649 толгой үхэр, 815 толгой хонь, 851 толгой ямаа)-аас баасны дээжийг цуглуулж түрхэцийн арга болон хөвүүлэх аргуудаар шинжлэхэд гиардиан цист илрээгүй бөгөөд уг өвчнөөр судалгаанд хамрагдсан аймаг, сумдын хивэгч мал гиардиозоор тайван байна. Хивэгч малын гиардиозтой тэмцэх, сэргийлэх заавар боловсруулав.
5-р үр дүн:
Судалгаанд Судалгаанд Монгол орны байгаль газар зүйн үндсэн 3 бүс болох ойт хээр, тал хээр, говийн бүс буюу 17 аймгийг хамруулсан мал нядалгааны газруудад (Дархан хот, Эрдэнэт хот, Архангай, Дорнод, Хэнтий аймгууд, Налайх дүүрэг, Эмээлт, Мах импэкс болон хувийн мал нядлах газар) нядалгаанд орж буй нийт 5223 толгой үхрийн хэл, зажлуурын булчин, зүрх, өрц, хөндлөн судалт булчин махнаас зүсэлт хийн судалгааны дээжийг бэлтгэж, цистицеркоз илрүүлэх үзлэг шинжилгээ хийхэд C.bovis-ийн халдварлалт ойт хээрийн бүсийн үхэрт 0.04 %-тай байсан бөгөөд тал хээр болон говийн бүсийн үхэрт илэрсэнгүй.
Судалгааны ажлын үр дүнд үхрийн цистицеркозтой тэмцэх заавар шинэчлэн боловсруулав.
6-р үр дүн:
Боом өвчний гаралт нэмэгдэж байгаа нь цаг уурын өөрчлөлт, уул уурхайн олборлолт, малын шилжилт хөдөлгөөн, малын вакцин болон вакцинжуулалтын чанар мөн боомоор үхсэн малыг устгах арга аргачлал зэргээс хамааран хөрсний бохирдлын голомт шинээр бий болохтой шууд хамааралтай юм. Боом өвчний хөрсний голомт байгаль цаг уурын тааламжтай тодорхой орон зайд тодорхойгүй удаан хугацаагаар хадгалагдаж байна. Иймд уг өвчнөөс сэргийлэхийн тулд зүүн бүсийн аймгуудаас Хэнтий аймгийг төлөөлүүлэн авч боом өвчний үүсгэгчийн спороор бохирдсон хөрсний бохирдлын зураглалыг гаргасан байна. Ингэхдээ эхлээд Хэнтий аймгийн мэдээллийн сан, малын эмч, малчдаас асуумж авч олон улсын стандарт GIS-ийн аргачлалаар зураглал гарган үүндээ тулгуурлан хүн, малын B. anthracis-ийн эсрэг эсрэгбиемийн байгалийн хэвийн таньцыг тандан судалж баталгаажуулсан байна.
Боомоор өвчилсөн малаас хүн халдвар авч гол төлөв арьсны хэлбэрийн боомоор өвчилж байна.
Боом өвчний голомтын тархалт, хүн, малын дундах өвчлөл нь тодорхой газар нутаг, орон зайд бүртгэгддэг бөгөөд эдгээр нь нийгэм-эдийн засаг, байгаль, цаг уур -экологи, үүсгэгчийн-экологи, хүний үйл ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байна.
Уг судалгааны ажлын үр дүн нь хөрсний бохирдлын зураглалыг шинжлэх ухааны үндэстэйгээр гаргаж баталгаажуулах, байнга хяналтандаа авах, боом өвчний гаралтыг бууруулах, вакцинжуулалтыг оновчтой явуулах болон үр дүнг хянах мониторингийг бүрдүүлэх, дэгдэлтийн үеийн арга хэмжээг бодитой явуулах зэрэг нийгмийн эрүүл мэндийг хамгаалах асуудалд үнэтэй хувь нэмэр оруулахуйц ажлын эхлэлийг тавьсан үр дүнтэй ажил болсон байна.
7-р үр дүн:
Мөөгөнцрийн сэжигтэй дээжинд (агуулахын талбайн хананы арчдас, улаан буудай, цагаан будаа, шар эрдэнэ шиш, улаан лооль, газрын самар) мөөгөнцөр илрүүлэх шинжилгээ хийхэд нийт 50 ширхэг дээжний 15 (30%) дээжинд мөөгөнцөр илэрсэн нь хүнс, түүний орчны мөөгөнцрийн бохирдол их байгааг илтгэж байна.
Сонгон өсгөвөрлөсөн колониуд нь морфологи бүтэц, өсгөвөрлөлтийн шинжээрээ Aspergillus.ssp мөөгөнцрийн үндсэн шинжийг хадгалсан байгаа нь эдгээр колониуд Аspergillus.ssp -ийн төрөл болохыг харуулж байна. Бидний ялгасан A.flavus болон A.parasiticus-ийн цэвэр өсгөврүүд нь LPCB болон ПГУ-аар оношлогдож байгаа нь A.flavus болон А.parasiticus-ийн цэвэр өсгөвөр мөн болохыг баталж байна.
Мөөгөнцрөөс афлатоксин ялган, цэвэршүүлэх аргачлал боловсруулав. Афлатоксин B1 –ээр туулайд хэт дархлаат ийлдэс гарган авах аргачлал боловсруулав.
8-р үр дүн:
8.1 “Меланокортин 1 хүлээн авуур (MC1R) генд суурилсан зарим мал, амьтны махны төрөл тодорхойлох өвөрмөц праймер зохиох оролдлого хийсэн дүн”
-Энэхүү судалгааны ажлаар гэрийн тэжээмэл амьтдаас үхэр, адуу, хонь ямаа, зэрлэг амьтдаас зээр, махчин амьтнаас чоно, нохой, ирвэс нийт 11 төрлийн мал амьтны мах, цус, арьс, үсний 34 дээжнээс ДНХ ялган мал амьтны MC1R генийг олшруулан ДНХ клонинг, дараалал тогтоох шинжилгээ хийж, түүхий ба болсон махны төрлийг ялгах праймерийн дизейн гаргах оролдлого хийсэн боловч энэ генийн дараалал нь: Нэгдүгээрт; махчин амьтны хувьд өвөрмөц биш буюу чоно, нохой, ирвэсийн махнаас ялгасан ДНХ-аас MC1R ген илрэхгүй байгаа нь махчин амьтны махны төрлийн хамааралыг тогтооход уг генийг бай ДНХ-аар авах боломжгүйг тогтоолоо. Хоёрдугаарт; MC1R генийн дараалал малын төрөл хооронд мономорф байсан учраас бай генийг сольж, байрлалын сонголтыг өөрчлөн туршилтыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатайг тогтоолоо.
8.2 “Митохондрын ДНХ-д суурилан мал, амьтны махны төрлийг тодорхойлох праймер зохиосон ажлын туршилтын дүн”
Дээжинд адуу, үхэр, хонь, тэмээ, ямаа, гахай, тахиа, зээр, чоно, нохой, ирвэс зэрэг 11 төрлийн мал амьтны махнаас ДНХ ялган ашиглав.
Махны төрлийг ялгах нийтлэг ба төрөл бүрд өвөрмөц дараалал илэрч болох генээр митохондрийн ДНХ-ийн 12S генийг сонгон авч, 11 төрлийн амьтан (адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахай, тахиа, зээр, чоно, нохой, ирвэс)-д 1100 хос суурийн хэмжээтэй, нийтлэг дараалал бүхий праймер ашиглан олшруулалт хийн, ПГУ-ийн бүтээгдэхүүнийг гелээс салгах, ДНХ клонинг хийх, дараалал тогтоох шинжилгээ хийх, дэлхийн генийн банкны бусад дараалалтай харьцуулах, малын төрөл бүрд өвөрмөц праймер гаргах зэрэг дээрх ажлын арга зүйн дагуу судалгааг үргэлжлүүлэн хийв.
Митохондрийн 12S генд тохирсон нийтлэг ба өвөрмөц праймер нь монгол адуу, үхэр, тэмээ, хонь, ямаа, гахай, тахиа зэрэг гэрийн тэжээвэр, зээр гэх мэт зэрлэг амьтны болон чоно, нохой, ирвэс зэрэг махчин амьтаны махны төрлийг ялгахад өвөрмөц, мэдрэмтгий арга болох нь батлагдлаа. Митохондрийн 12S генд суурилан малын төрөлд өвөрмөц праймер зохиож ПГУ-д ашигласан нь үр дүнтэй ажил болох нь тогтоогдлоо.
8.3 “Мал, амьтны хүйс тодорхойлох молекул биологийн аргыг туршсан дүн”
Судалгааны ажилд гэрийн тэжээмэл амьтдаас үхэр, адуу, хонь, ямаа, тэмээ, зэрлэг амьтдаас чоно, нохой, ирвэс зэрэг 8 төрлийн мал амьтны мах, цус, салс, арьснаас ялгасан ДНХ-ийн дээжийг ашиглан малын хүйс тодорхойлох аргыг дээр туршив.
Мал амьтны X ба У хромосомын Zfx, Zfy ген дэхь интронд суурилан гэрийн тэжээвэр болон махчин амьтны хүйсийг ПГУ-ын аргаар тодорхойлох бүрэн боломжтой болох нь батлагдаж байна.
Молекул биологийн арга нь тухайн мал амьтан үгүй болсон ч эд эрхтэнийх нь үлдэгдэл байгаа тохиолдолд хэрэглэж болох цорын ганц найдвартай, маш мэдрэмтгий арга болох нь батлагдлаа.
8.4 “Гэрийн тэжээвэр, махчин амьтан, ангийн махыг ялгах ДНХ оношлогооны технологи”
Энэхүү судалгааны ажлын үр дүнд адуу, тэмээ, үхэр, хонь, ямаа, гахай, тахиа, зээр, чоно, нохой, ирвэсний махыг ПГУ, Мультифлекс ПГУ, ПГУ-ТФУОХТ/PCR-RFLP зэрэг молекулын биологийн аргаар ялгах, мал, амьтны хүйсийг ПГУ-аар тодорхойлох праймерийн цомог гаргав.
Цомгийг ашиглан махны төрөл, мал, амьтны хүйс тодорхойлох ДНХ оношлогооны стандарт арга боловсруулсан бөгөөд уг MNS 6427:2013, “Махны төрөл, мал, амьтны хүйс тодорхойлох - ДНХ оношлогооны арга” стандарт нь ПГУ-ын машин бүхий аль ч лабораторит хэрэглэх бүрэн боломжтой юм.
Судалгааны ажлын үр дүнд праймерын цомог, “Махны төрөл мал, амьтны хүйс тодорхойлох ДНХ оношлогооны арга” MNS 6427:2013 стандарт гаргасан нь шүүх мал эмнэлгийн чухал ач холбогдолтой юм. Энэхүү судалгаагаар махны төрлийг молекул генетикийн түвшинд тодорхойлох болсон нь цаг үеэ олсон үр дүнтэй ажил болсон байна.