Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Төслийн дугаар :
Төслийн төрөл : Хамтарсан төсөл
Хугацаа: 2019-2022
Санхүүжилт: 36,000.0 мян.төг
Түлхүүр үг : Нүүрс, дулааны уусгалт, пек төст материал, нил улаан туяа, термогравиметрийн шинжилгээ
Үр дүн
1. Монгол болон ОХУ-ын янз бүрийн төрлийн нүүрсний томоохон ордын дээжүүдийн химийн найрлага, хими технологийн үзүүлэлтүүд, алифатик ба ароматик фрагментүүдийн бүтэц, дулаан задралд орох шинж чанар, кинетик параметрүүдийг орчин үеийн физик химийн аргаар тогтоож, хими технологийн үзүүлэлтүүдийн хоорондын хамаарлыг гаргалаа.
2. Дулааны уусгалтын процесст модель органик уусгагч, нүүрс болон нефтийн гаралтай техникийн уусгагч ашиглан нүүрсний урвалын идэвхийг тогтоов. Модель уусгагчаас тетралин доод шатны Д ба Г маркийн, нүүрсний давирхайн антрацены фракц нь илүү өндөр шатны ГЖ ба Ж маркийн чулуун нүүрсийг уусгахад илүү үр дүнтэй байв.
3. Нүүрсний устөрөгч ба нүүрстөрөгчөөр тооцсон ароматикжилтийн хэмжээ ба нүүрсний хувирлын хэмжээ, түүнчлэн нүүрсний органик цулын алифатик бүтэц дэх метилен ба метиний бүлгийн харьцаа ба нүүрсний хувирлын хооронд сайн хамаарал байгааг тогтоолоо. Нүүрстөрөгчийн агуулга, дэгдэмхий бодисын гарц, витринитийн ойлтын зэрэг үзүүлэлтээс нүүрсний хувирал хамаарсан өндөр детерминацын коэффициент бүхий хамаарлыг тогтоов.
4. 80 %-иас дээш гарцтай экстрактыг дулааны уусгалтаар гарган авахад тохиромжтой нүүрсний үзүүлэлтүүдийг нүүрстөрөгчийн агуулга, дэгдэмхий бодисын хэмжээ, витринитийн ойлтын зэрэг, уян харимхай массын зузаан зэрэг шинж чанараар нь гаргалаа.
5. Бөсөх чанартай чулуун нүүрсний хувьд ароматик фрагментүүдийн хоорондын хамгийн сул гүүрэн холбоосоор нүүрсний органик цул деполимержих процесст орж байгааг тогтоов.
6. Нүүрсний давирхай, нүүрсний давирхайн антрацены фракц, тэдгээрийн нефтийн нэрлэгийн хүнд газойлтэй хольц бүхий уусгагч ашиглан гарган авсан экстракт буюу пек төст бүтээгдэхүүний зөөлрөх температур нь 73-125 оС, хинолинд үл уусах бодисын хэмжээ 6-21 %, толуолд үл уусах бодисын хэмжээ 23-36 % байв. Спектрийн шинжилгээгээр полиароматик бүтэцтэй болохыг тогтоов.
7. Дулааны уусгалтын процессын үед гарган авсан экстрактын химийн болон бүлгийн найрлага, зөөлрөх температур болон бусад үзүүлэлтийг тогтоон, үйлдвэрийн пектэй харьцуулахад, бензпирений агуулга бага, шинж чанар нь пекийн техникийн үзүүлэлтийн хэмжээнд байв. Хэрэглэж буй уусгагчаас хамаарч, экстракт дахь бензпирений агуулга 0.04-4.92 мг/г -ийн хооронд хэлбэлзэж байсан ба энэ үзүүлэлт нь уусгагч дахь үзүүлэлтээс бага байгаа нь дулааны уусгалтын үед бензпирен хувирч байгаатай холбоотой гэж үзлээ.