Програм хангамж хөгжүүлэх үйл явц нь олон хүний хүч хөдөлмөр ордог урт удаан хугацааны процесс юм. Үүнийг хялбаршуулах олон тооны арга замыг 1969 оноос эхлэн бий болгож ашиглаж ирсэн ба өнөө үед ч гэсэн энэ асуудал чухлаар тавигддаг. Ихэнх програм хангамжийн төслүүд анх төлөвлөсөн хугацаа, төсөвт багтдаггүй гэж мэргэжилтнүүд үзсээр ирсэн. Миний дэвшүүлж буй арга нь богино хугацаанд хөгжүүлэлтийн маягтад тулгуурлан програм хангамжийг код бичилгүйгээр амжилттай хийх зорилготой юм. Энэ арга дээр тулгуурлан бинар код үүсгэх хэрэгслийн эхний хувилбарыг хөгжүүлсэн. Энэ өгүүлэлд өөрийн хийсэн маягт хандалгат арга болон хэрэгслийг танилцуулна.