Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Ул, БНСУ-ын хоорондын худалдааны харилцааг боловсронгуй болгох зарим асуудал



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3840
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : МОНГОЛ УЛС, БНСУ, ГАДААД ХУДАЛДАА, ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА

Аннотаци

Аливаа улс орны хувьд хязгаарлагдмал нөөцөө ашиглан хязгааргүй өсөн нэмэгдэх хэрэгцээг хангах зайлшгүй шаардлага байдаг. Хязгааргүй хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх, гадаад улс орнуудаас худалдан авах замаар хангадаг. Энэхүү хэрэгцээг хангах гол онол нь худалдааны либерализм, протекционизмийг хослуулж, аль аль улсдаа ашигтай харьцангуй давуу талын онолын дагуу худалдааг явуулах нь ашигтай байна. Гэвч дээрх хоёр арга замаар өөрийн хэрэгцээг хангахын тулд хэд хэдэн зүйлийг анхаарах нь чухал байдаг. Юуны түрүүнд үндэсний аюулгүй байдал, дотоодын үйлдвэрлэлийн өсөлт, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх эерэг, сөрөг нөлөө, ажлын байрны хангамж, ядуурал, улс төрийн байдал зэргийг харгалзан үзэх ёстой. Олон хүчин зүйлсийг нэгтгэн гаргасан оновчтой загварыг тодорхойлох нь судлаачид болон төр засгийн хийх ёстой ажлын нэг гол зорилт мөн.
Тус загварыг боловсруулах эх үндэс нь Монгол Улсын хувьд гадаад худалдааны бодлого, үзэл баримтлал, хууль зэргийг боловсруулах зайлшгүй шаардлага юм. Ингэхдээ Олон улсын харилцааны онол, Олон улсын худалдааны онол, бодлогыг суурь болгох нь чухал. Нэгдсэн нэг бодлогын дор тухайн улс бүртэй хийх худалдааны бодлого, үзэл баримтлалыг нарийвчлан судлах хэрэгтэй бөгөөд ялангуяа манай улсын худалдааны гол түнш болох БНСУ-тай ямар бодлого, үзэл баримтлалын хүрээнд худалдаа хийх талаар санал зөвлөмжийг боловсруулах хэрэгцээ бий.
Ноёрхогч тал бусад гишүүдийнхээ сонирхолд зохих анхаарал тавихгүй бол тэд хүч хавсарч ноёрхлыг нураах болно. Геополитикийн реализмын томоохон төлөөлөгч Генри Киссенжерийн асуудал болгон тавьдаг хүчний тэнцвэрийн онолын үндэс нь энэ билээ. АНУ давамгайллын байдалд байгаа боловч 2017 оны шинэ ерөнхийлөгч Доналд Трампын бодлогын хүрээнд холбоотон орнуудтайгаа харилцаа суларч эхэлсэн. Ялангуяа БНСУ-тай цэргийн зардал, ЧХХ болон бусад хоёр улсын харилцааны чухал асуудлуудыг дахин харах тухай мэдэгдлүүд удаа дараа хийв. Хүчний төвд байсан улс хариуцлагаа ухамсарлахаас татгалзваас шатлал буурч хүчний тэнцвэрийн шинэ тогтолцоонд байр ухрахад хүрнэ.
Монгол Улсын хувьд ОХУ, БНХАУ-тай тэнцвэртэй харилцаатай болохоор аль алинаас нь эдийн засгийн хөгжилд хүрэхгүй байгаа ч хохирол багатай туулахыг хичээсээр ирлээ. Гэвч энэхүү хоёр улсын эдийн засаг, худалдааны нөлөө их байсан хэвээр байна. Аль аль тал нь манай улсын хөгжилд тийм ч идэвхтэй хувь нэмэр оруулсангүй. Харин энэ байдал нь Монгол Улсыг гуравдагч улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломж олголоо.
Монгол Улс, БНСУ-ын улс төрийн нөхцөл байдал нь хүчний төвийн гадагш чиглэж буй өнөө үед хүчээ нэгтгэх нь их гүрнүүдийн нөлөөг саармагжуулахад нэмэр чухал нөлөө үзүүлнэ. Энэхүү харилцааны суурь нь сүүлийн 28 жилийн турш хангалттай тавигдсан болохоор цааш хөгжүүлэхэд анхаарал хандуулах нь зүйтэй. Энэхүү хөгжлийн эхний алхмыг Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр болгох нь чухал юм. Энэ нь манай талыг идэвх санаачилгаас ихээхэн шалтгаалах болно.
ЗХА-ын их гүрнүүдийн дунд хоёр жижиг улс Хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөр боловсруулан хамтарч ажиллах нь өөрсдийн эрх ашгийг хамгаалж үлдэх бас нэгэн арга, хэрэгсэл болох болно. Манай хоёр орны хувьд их гүрнүүдийг олон жил дагаж хөгжиж ирсэн. Энэ нь чухал боловч бидний гол ойлгох ёстой философи нь улс төр эдийн засгийн бүхий л салбарт хамтран ажилласнаар өөрсдийн хүчийг нэмэгдүүлэх явдал юм.
Монгол Улсын хувьд БНСУ-аас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл зэргээр дамжин орж ирж буй валютыг хэрэглээний салбарт шууд зарцуулж байгаа нь бодлогын хувьд алдаатай гэж миний хувьд үздэг. Харин үйлдвэрлэлийн салбарт, ялангуяа экспортыг дэмжих үйлдвэрлэлд зарцуулах нь ашигтай. Харин дараа нь энэхүү үйлдвэрлэлээс олсон ашгаараа хэрэглээний салбараа хөгжүүлбэл урт хугацаандаа эдийн засагт үр өгөөж нь илүү байх болно. Өөрөөр хэлбэл бид хажуу айлаасаа сүү байнга авах бус үнээ худалдаж авах нь урт хугацаанд ашигтай гэдэг энгийн ойлголттой адилхан. Тиймээс өөрийн судалгааг нэгтгэн дүгнэвэл дараахтай адил байна. Үүнд:
Дэлхийн хоёрдугаар дайны дараа улс орнууд өөрийн улсын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг борлуулах, гадаад зах зээлээ тэлэх, ашиг олох эрмэлзэлтэй болсон. Үүний тулд хамгийн түрүүнд АНУ-д “Худалдааны дипломат ажиллагаа” гэсэн нэр томъё гарсан. Энэ нь өөрийн орны хэрэгцээг худалдаагаар дамжуулан хангаад зогсохгүй олон улсад нөлөөлөх гол хүчин зүйл нь болж ирсэн. Орчин үед цэрэг зэвсгээр бус худалдаагаар дамжуулан дарамт шахалт үзүүлэх замаар улс төрийн бодлогоо хэрэгжүүлдэг жишиг тогтоод байна.
Худалдааны хориг арга хэмжээ, протекционизм зэргээс шалтгаалан дэлхий нийтээр ялгавартай үнэ тогтоох, худалдааны эмх замбараа алдагдах, үнэ тариф болон бусад худалдааны саад тотгорыг арилгах үүднээс 1944 онд Бриттон Вүүдс хотод 44 улсын төлөөлөл цуглан алтаар баталгаажсан АНУ-ын мөнгөн тэмдэгтийг төлбөрийн хэрэгсэл болгохоор тогтсон бол 1947 онд дэлхийн 23 улс нэгдэн Тариф Худалдааны Ерөнхий Хэлэлцээрийг байгуулсан. Энэхүү хэлэлцээрээр тарифын хувьд нэгдсэн үзэл бодолд хүрсэн боловч тарифын бус саад тотгор их байсан тул 1986-1994 онуудад Уругвайн үе шатны хэлэлцээрийг эхлүүлсэн. Ихэвчлэн ХАА-н бүтээгдэхүүн, оюуны өмчийн асуудлыг шийдвэрлэхийг оролдсон. Улмаар 1995 онд Дэлхийн худалдааны байгууллага байгуулагдаж, олон улсын худалдааг зохицуулах байгууллагатай болсон. Сүүлд 2001 онд Дохагийн үе шатны хэлэлцээр эхэлдэг бөгөөд энэ нь хөгжиж буй орнуудын худалдааны алдагдлыг арилгах, хөгжингүй орнуудын зах зээлд бүтээгдэхүүнийг нь гаргах, харилцан дэмжих зорилгоор гарч ирсэн. Харин энэхүү хэлэлцээрийн зарим хэсгүүдийг их гүрнүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул өнөөдрийг хүртэл мухардалд ороод байна. Тухайлбал, АНУ, БНХАУ-ын хоорондын худалдаанаас жилд ойролцоогоор 350 тэрбум ам.долларын алдагдал хүлээдэг тул 2018 оноос хоёр улсын хооронд худалдааны дайн дэгдсэн.
Дохагийн үе шатны хэлэлцээрийн мухардал, худалдааны дайн, олон улсын хориг арга хэмжээнүүдийн тэлэлт, технологийн хурдтай өсөлт, байгаль орчны асуудал зэрэг глобал орчинд Монгол Улс, БНСУ-ын хоорондын худалдааг үр ашигтай явуулах нь чухал боллоо. Монгол улс, БНСУ-ын хооронд албан ёсны дипломат харилцаа тогтоосон 1990 оноос хойш үе үеийн төрийн тэргүүн нар хамтарсан үйлдвэр барих, байгалийн баялгийг хамтран ашиглаж, ашиг олох, шинжлэх ухаан, технологи нэвтрүүлэх зэрэг үндсэн чиглэлийг барьж, өнөөг хүртэл хоёр тал харилцан санал, санаачилга тавьсаар иржээ. Эдгээр саналыг бодитоор хэрэгжүүлэх цаг нэгэнт болсон байна гэж судлаач миний бие үзэж байна. Учир нь бид 28 жилийн турш нэг адил зүйлийг давтан ярьсаар байгаа нь ажил хэрэг болгох цаг нь болсныг илтгэнэ.
Харин 2018 оны 1 дүгээр сард БНСУ-ын талаас Стратегийн түншлэлийн харилцаанд шилжих санал тавьсан нь шинэ хөгжлийн эхлэл болно гэж итгэж байна. Монгол Улс гадаад худалдааны үзэл баримтлал бодлогыг боловсруулахдаа үйл ажиллагааны хувьд: Оюуны шингэц бүхий, өндөр технологийн, нэмүү өртөг шингэсэн экспортын үйлдвэрлэл, импортыг орлох үйлдвэрлэл, ажлын байр бий болгох, валютын хөрвөх чадварыг сайжруулах, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллах, олон улсын туршлага нэвтрүүлэх, худалдаан дахь тариф, тарифын бус саадыг багасгах, концесс олгох, гадаад худалдааны олон улсын стандартыг нэвтрүүлэх, дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, худалдааны болон эдийн засгийн чөлөөт бүсүүдэд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цахим сүлжээ ашиглан аутсорсингийн үйлчилгээ үзүүлэх, Химийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шатахууны хэрэгцээг дотооддоо үйлдвэрлэх, тээвэр логистикийн төв байгуулах зэрэг олон зорилтыг тавьж болно. Мөн зарчмын хувьд: Харилцан ашигтай байх, Олон талт хэлэлцээрүүдийг байгуулах, Урт хугацаанд тогтвортой байх, байгальд ээлтэй байх, аюулгүй байдлыг хангах, нэг улсаас хэт хараат байхаас зайлсхийх, дотоодын үйлдвэрүүдийг хамгаалах, судалгаа тооцоонд үндэслэсэн байх, төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагаа, түнш орнуудтай эдийн засгийн харилцааг тэлэх, далайд гарцгүй байдлын үр дагаврыг саармагжуулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чиглэгдэх, хүнд суртлыг багасгах зэрэг нийтлэг зарчмыг дор хаяж зөрчихгүй байх ёстой. Олон улсын төсөл хөтөлбөрийн хувьд: Түмэн гол хөтөлбөрт оролцох, Бүс нутгийн худалдаа, эдийн засгийн интеграцид нэгдэх, НҮБ, ДХБ зэрэг төрөлжсөн байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, БНСУ, Хятад, Японы гурван талт хамтын ажиллагаанд оролцох, БНАСАУ-ын Ражин боомтыг ашиглах, Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөр зэрэг багтаж байна.
Монгол Улс, БНСУ нь ДХБ-ын гишүүн орны хувьд олон улсын гэрээ хэлэлцээрийн суурь хөнгөлөлт, чөлөөлөлтөөс илүү ахисан түвшинд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах ёстой. Харин бид урьтаж улсын гадаад худалдааны бодлого, үзэл баримтлалаа боловсруулах нь чухал юм.
Монгол Улсын нийт экспорт 6200 сая ам.доллар, импорт 4335 ам.доллар байгаагаас БНСУ-ын экспорт 11 сая ам доллар, импорт 197 сая ам.доллар болж экспортын 9 дахь, импортын 5 дахь түнш орон болсон бол Монгол Улс нь БНСУ-ын 90 дэх экспортлогч, 106 дахь импортлогч байна. Монгол Улс 1990-2017 оны хооронд авсан импортын бараа нь ихэвчлэн автомашин, тэдгээрийн эд анги, эмнэлгийн тоног төхөөрөмж, компьютер, нэхмэл сүлжмэл эдлэл, хүнсний болон өргөн хэрэглээний бараанууд, тамхи, гоо сайхны бүтээгдэхүүн багтаж байгаа бол Монгол Улсаас ноолууран ороолт, пальто, молибден, жонш зэрэг багтаж байна.
Хоёр орны нийт худалдааны зөрүү 1990-2017 он хүртэл -
3.0 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Өөрөөр хэлбэл, энэ хэмжээний хөрөнгө БНСУ-д орсон гэсэн үг. Энэ байдлыг хоёр талын шийдвэр гаргах түвшнийхэн, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн судлаачид анхааралдаа авч худалдааны алдагдлыг багасгах талаар судлах цаг болжээ. Монгол Улсын худалдааны бүтцийг сайжруулахад БНСУ-ын дэмжлэгийг авах чиглэлд бодлого явагдах ёстой. Ялангуяа үйлчилгээний салбарын боловсон хүчин бэлтгэх, үйлчилгээний худалдааны алдагдлыг багасгах талаар хамтрах ажиллах шаардлагатай байна.
Дэлхийн түвшинд 100 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд томоохон хэмжээний хөрөнгө оруулалт гэж тооцдог. Гэвч Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалт хамгийн их орж ирсэн 2008 онд нийтдээ 60 орчим сая ам.доллар байгаа нь бусад орнуудын манай улсад оруулж буй хөрөнгө оруулалттай харьцуулахад чамлалттай үзүүлэлт юм. Цаашид энэ тал дээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг харуулж байна.
Хил дамнасан худалдааны үзүүлэлтийг харвал бүх талаараа БНСУ-аас дутуу байгаа бөгөөд энэ талын туршлагаас суралцах хэрэгцээ байна. БНСУ-ын экспортод чиглэсэн худалдааны хөгжилд голлох нөлөө үзүүлсэн хүчин зүйл бол эдийн засгийн үсрэнгүй хөгжил юм. Ингэж хөгжихөд шашин, уламжлал, соёл, боловсон хүчний бодлого, капиталын хуримтлал зэрэг нийгмийн суурь хүчин зүйлүүд ихээхэн нөлөөлжээ.
БНСУ-ын худалдааны бодлогод том эдийн засагтай эсвэл байгалийн баялаг арвинтай улстай Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай заасан байдаг. Монгол Улс энэхүү бодлогод нийцэж байгаа бөгөөд гагцхүү хоёр улс ухаалаг шийдвэр гаргаж, уялдаатай ажиллах нь чухал юм.
Хоёр улсын худалдааг хийхэд хууль эрхзүйн тогтвортой бус орчин, дэд бүтцийн хөгжил сул, боловсон хүчний хөдөлмөрийн бүтээмж сул, бизнес эрхлэгчдэд өгөх мэдээлэл хангалтгүй, хоёр улсын хоорондын агаарын тээврийн зардал өндөр, ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрнээс ихээхэн хамааралтай зэрэг саад тотгор учирдаг байна.
Гравити, Ерөнхий тэнцлийн арга, Харьцангуй давуу талын тооцоо, Импортын харьцангуй давуу талын тооцоо зэрэг эдийн засгийн онол, практикийн олон аргаар Монгол улс, БНСУ-ын хооронд Чөлөөт худалдааны гэрээ хийх нь ашигтай бөгөөд хоорондын худалдааг нэмэгдүүлэх тооцоо гарч байна. Гэвч зөвхөн эдийн засгийн тооцоо шинжилгээнд тулгуурлах бус улс төр, олон улсын харилцаа, бүс нутгийн интеграцийн түвшинд бодит судалгааг ч мөн хийх ёстой гэдэг нь харагдаж байна.
Харьцангуй давуу талын онолоор 6050 бүтээгдэхүүнээс Монгол Улсын БНСУ-д өрсөлдөх чадвартай 98-н бүтээгдэхүүн, харин БНСУ 1383 нэр төрлийн бүтээгдэхүүний хувьд импортын харьцангуй давуу талтай гарснаас экспорт, импортын харьцангуй давуу талын давхцалыг шүүж үзэхэд 29-н гол нэр төрлийн бүтээгдэхүүн сонгогдсон. Ихэнх бүтээгдэхүүний хувьд импортын тарифгүй байгаа тул ЭЗТХ хийхдээ бид зөв тактикаар бусад хөнгөлөлтөд анхаарал хандуулах хэрэгтэй. Гарал үүслийн дүрмийн хувьд БНСУ, АСЕАН-ын гэрээг судлан үзэж, үүнтэй төстэй эсвэл илүү зөөлөн шаардлагатай байхаар хэлэлцээр хийх нь чухал юм. Худалдаан дахь техникийн саад тотгорын хувьд одоогоор БНСУ-ын стандартыг шууд мөрдлөг болгон ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсаас импортолж буй бараанд өндөр шаардлага тавьдаг тул тус улсын итгэмжлэгдсэн лаборатори болон бусад стандарт, хэмжил зүйн байгууллагыг Монгол Улсад байгуулах шаардлагатай байна.
Гаалийн татвар тэглэснээр улсын төсвийн алдагдал болон ЭЗТХ байгуулснаар орж ирэх ашиг хоёрын зөрүү зөвхөн тоо хэмжээний хувьд бус чанарын хувьд эерэг байх шаардлагатай. Түүнчлэн гаалийн татварыг бодлогогүй тэглэж, үндэсний үйлдвэрлэлийн салбарыг нурааж байсан 1997-1999 оны гашуун туршлагыг бид мартаж болохгүй. Худалдааны их гүрнүүдтэй ЧХХ бус ЭЗТХ байгуулж, экспортод чиглэсэн үндэсний үйлдвэрлэлээ хэлэлцээр хийж буй орноор дэмжүүлэх, тэдний технологи, үйлчилгээ, оюуны өмч, ноу хауг нутагшуулах, богино хугацааны ашгийг бус дунд болон урт хугацааны үр өгөөжийг хүртэх чиглэлд төлөвлөн ажиллах нь зүйтэй болов уу.
Гадаад худалдаанд баримтлах бодлого, стратегийг тодорхойлохын тулд гадаад худалдааны нөхцөлүүдийн эдийн засгийн өсөлт болон орлогод үзүүлэх нөлөөг тодорхойлон гаргах нь гадаад худалдааны бодлого үйл ажиллагаанд амжилттай хэрэгжих үндсийг бүрдүүлж өгнө.
Манай гадаад худалдаанд хийгдэж буй дүн шинжилгээ нь гадаад худалдааны үндсэн үзүүлэлтүүдийн түвшинд л ихэвчлэн тооцогдож, энэ талын мэдээ, мэдээллүүд хэрэглэгчдэд түлхүү тараагдаж байгаа бөгөөд эдгээр мэдээлэл нь судалгаа, шинжилгээний зорилгод ашиглагдах шаардлагыг төдийлөн хангаж чадахгүй байна. Жишээ нь технологи шингэсэн бүтээгдэхүүний хувь хэмжээ, экспорт, импортын прогнози зэрэг багтаж болно.
Гарал үүслийн дүрэм, тэр дундаа шууд ачилтын тухай заалт, Ази номхон далайн худалдааны хэлэлцээр, Худалдаан дахь техникийн саад тотгор, Хорио цээрийн заалтуудын түвшнийг буулгах талаар харилцан хэлэлцээр хийх хэрэгтэй байна. Хоёр улсын хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар CGE загварын дүнгээс үзвэл худалдаа дунджаар 12-14 хувь нэмэгдэх тооцоо гарч байна. Харин зарим жил 2-3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь эдийн засгаас бусад хүчин зүйлс илүү нөлөөлж болохыг харж болно.
Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрийн хүрээнд 32 төсөл багтаж байгаагаас төмөр зам, эрчим хүч, ХАА, аялал жуулчлал, байгаль экологи зэрэг салбаруудад хамтран ажиллах боломж нээгдэж байна. Мөн сүүлийн үед эрчээ аваад буй сэргээгдэх эрчим хүчний Азийн супер сүлжээ хэмээх Зүүн Хойд Азийн төсөл нь олон улсын төдийгүй БНСУ-ын ашиг сонирхлыг Монгол Улсад чиглүүлээд байна. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчээр дамжуулан БНСУ-тай хамтран ажиллах өргөн боломж, ирээдүйд олж болох өндөр ашиг харагдлаа. Гол нь ЗХА-ын эрчим хүчний биржийг Монголд байгуулах санаачилгыг бусад улсаас түрүүлж гаргах хэрэгтэй. Түүнчлэн БНСУ-ын анхаарлыг Тавантолгойн нүүрсний уурхай татдаг. Тэд эл уурхайн дэд бүтэц, метан хий, нүүрснээс бинзен гаргаж авах, усны хангамж, байгаль экологи, нөхөн сэргээх, цахилгаан станц барих зэрэг олон төслүүдэд хамтран ажиллах хөтөлбөрүүдийг боловсруулах шаардлагатай байна.
Европын Холбооны Хөнгөлөлтийн Ерөнхий Системийг Монголын эдийн засаг болон худалдааны чөлөөт бүсэд кластер байгуулах замаар хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтойг үзүүлсэн.
Манай улсын хувьд хүчний тэнцвэрийн онолыг хэрэгжүүлэх үүднээс БНСУ-тай дараах хоёр бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулах нь зүйтэй болов уу. Үүнд:

БНСУ-ын сонирхлыг татах бодлого: Евразийн зах зээлд нэвтэрч бүс нутгийн тоглолтод оролцож Европтой холбогдох, Евразийн эдийн засгийн холбоонд нэгдэх, Умард Солонгосын хурцадмал байдлыг намжаах аюул заналыг арилгахад эдийн засгийн талаас нөлөө үзүүлэх, Орос, Монгол, Хятадын транзит тээвэрт хамтран ажиллах, Эрх зүй, татварын таатай орчин бүрдүүлэх, Түүхий эдийн нөөцийг баталгаатай болгох, БНСУ-д дадлага хийсэн олон мянган ажиллах хүчнийг ашиглах, Монгол Улсын гадаад худалдааны нэгдсэн үзэл баримтлал, бодлого, хуультай байх ёстой, хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин, эрчим, хүч, хүнс, цэвэр усны хомсдол зэрэг бүс нутгийн орнуудын уламжлалт бус аюулын асуудлаар хоёр Солонгос, Хятад, Япон, ОХУ зэрэг орнуудыг оролцуулан уламжлалт бус аюулгүй байдал, эдийн засаг, худалдааны олон талт механизмыг Монгол Улсын зүгээс зохион байгуулах хэрэгтэй.
БНСУ-тай хамтарч ажиллах бодлого: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах, байгалын баялаг ашиглах, хамтарсан үйлдвэр барих талаар урт хугацааны гэрээ байгуулах. Магадгүй хоёр улсын эрх ашиг, үнэт зүйлд нийцсэн стратегийн төслүүдийг 50 жилээр гэрээлснээр хамтын ажиллагаа улам тогтвортой хөгжих нөхцөл бүрдэж болох юм. Мөн Шинэ технологи бүтээх, ашиглах, нэвтрүүлэх, Чартерийн онгоц нисгэх, Компьютер серверийн хамтарсан төвүүдийг байгуулах, Салбар үйлдвэр байгуулах, Аж үйлдвэрийн парк, GSP+ зэргийг ашиглан Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан чулуутын чөлөөт бүсүүдэд хоёр улсын хамтарсан үйлдвэр байгуулах, Азийн супер сүлжээнд оролцож, ЗХА-ын эрчим хүчний бирж байгуулах, ХАА болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг Монгол Улсын зүүн бүсэд байгуулах зэрэг хамтын ажиллагааг хөгжүүлэх шаардлагатай.
Өнөөдөр Монгол Улс, БНСУ-ын албан ёсны дипломат харилцаа тогтоогоод удахгүй 30 дахь жилийнхээ нүүрийг үзнэ. Энэ түүхт жилийг угтаж Иж бүрэн түншлэлээс Стратегийн түншлэлийн түвшинд харилцааг өргөжүүлэхээр боллоо. Өргөжүүлэхэд хамгийн их нөлөө үзүүлж буй салбар нь хоёр улсын худалдааны харилцаа, тэр дундаа Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийх явдал юм. Энэхүү хэлэлцээрийг хийснээр гурван улсын эдийн засгийн коридор хөтөлбөрт оролцох, Уул уурхай болон бусад Монгол Улсын бүтээн байгуулалтад гар бие оролцох, Шинэ умардын бодлого хэрэгжих, Европын зах зээлд ойртох, ашигт малтмал болон эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдах зэрэг олон боломж БНСУ-д нээгдэх юм. Еврази болон Ази номхон далайн асар том улс төр эдийн засгийн зангилаан дээр байгаа манай хоёр жижиг улсын хувьд их гүрнүүдтэй хийх харилцаанд хүчний тэнцвэрийг хадгалан геополитикийн зөв бодлогоор хоорондоо нягт хамтран ажиллаж чадваас харилцан бие биенээ нөхөж, эрх ашгаа хамгаалах улс төр, худалдаа эдийн засгийн том хүч үүсэх боломжтой юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 341
Сүүлийн сард 16
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :