Энэхүү судалгааг Монгол орны хойд хэсэгт орших Хөвсгөл аймгийн Дархадын хотгорт явуулсан (50o30’N - 51o50’N, 99o00’E - 99o55’E). Судалгаанд Улаан-уул, Речинлхүмбэ, Цагаан нуур сумууд хамрагдсан ба эдгээр сумууд нь далайн түвшнээс дээш дунджаар 1530 м өргөгдсөн. Дархадын хотгор нь Сибирийн тайга болон Төв Азийн тал хээрийн завсрын бүсэд оршдог. Сүүлийн жилүүдэд ой нь гал түймэр, хур тунадасны багасалт, хортон шавьж, хүний үйл ажиллагаа зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан их хэмжээгээр багасаж байна. Энэхүү судалгааны ажлаар ой ба хээрийн хөрсний химийн шинж чанар, хөрсөн дэх нүүрстөрөгчийн хуримтлалын харьцуулсан судалгааг Дархадын хотгорын 4 хэсэгт явууллаа. Хөрсөн дэх органик болон органик биш нүүрстөрөгчийн геологийн болон эх чулуулгийн гарал үүслийг тогтоосноор хүрээлэн буй орчин, ялангуяа хөрсөнд хуримтлагдсан нүүрстөрөгчийн хэмжээг тодорхойлох боломжийг олгож байгаа төдийгүй цаг агаарын өөрчлөлтөнд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тогтооход чухал ач холбогдолтой юм. Үүнтэй уялдуулан хөрсний шинж чанар, нүүрстөрөгчийн хуримтлал болон хөрс үүсгэгч эх чулуулгийн талаархи нэгдсэн судалгаа Монгол улсад урьд өмнө хийгдэж байгаагүй болно. Судалгаанд авсан хэсэг бүрээс дээж авахдаа ой, ой хээрийн завсрын бүс, хээр хүртэл дээжийг сонгон авч бэлтгэсэн. Ой хээрийн завсрын бүсд салхины нөлөөгөөр их хэмжээний хур тунадас, ургамлын үлдэгдлүүд болон бусад үлдэгдлүүд илүү ихээр хуримтлагдах боломжтой юм. Хөрсний дээжүүдэд органик болон органик биш нүүрстөрөгч, макро, микро элементүүд, хөдөлгөөнд катионуудыг тус тус тодорхойлсон. Мөн эрдсийн ширхэглэлийн хэмжээ болон эрдэс бүрдлийг тодорхойлов. Судалгаанд хамрагдсан сумуудын ой, ой хээрийн завсрын бүс болон хээрийн бүсийн хөрсөнд агуулагдах макро, микро, хөдөлгөөнд катионуудын хэмжээ нь өөр хоорондоо ижил болохыг энэхүү судалгаагаар тогтоов. Харин Цагаан нуур сумын бага налуу бүхий хэсгээс авсан дээжинд ялгаа байгааг илрүүлэв. Ялангуяа Ренчинлхүмбэ, Цагаан нуур сумуудын хөрсөн дэх макро, микро элементүүд болон хөдөлгөөнт катионуудын хуримтлалын хэмжээ нь байршил (налуу эсэх) болон цэвдэгт хөрснөөс шалтгаалан өөр байгаа болно. Хөрсөн дэх органик нүүрстөрөгч нь азоттай маш хүчтэй эерэг хамааралтай байхад кальцийтай хүчтэй сөрөг хамааралтай байна. Энэ нь хөрсөн дэх органик биш нүүрстөрөгсийн хуримтлал хангалттай биш байгааг харуулж байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0