Энэ судалгааны ажил нь зургаа хүртэлх насны хүүхдийг хамгаалах хүчин зүйлсийн талаар Монголын нийгмийн ажилтнууд ямар төсөөлөл, хандлагатай болохыг судлахыг зорьсон. Судалгааны холимог аргыг ашиглан Монголын нийслэл болох Улаанбаатар хотод судалгааг хийв. Судалгаанд хорооны түвшинд хамтарсан багийг зохицуулах үүрэгтэй 254 хорооны нийгмийн ажилтан болон халамжийг мэргэжилтнүүд оролцсон. Хүний экологийн янз бүрийн түвшинд байх хамгаалах хүчин зүйлстэй судалгаанд оролцогчид хэрхэн санал нийлж байгаа, энэ ойлголт хандлага нь тэдний нас, хүйс, туршлага, мэргэжилтэй ямар холбоотой эсэхийг танадах асуумж судалгаа болон ярилцлагын аргыг ашиглаж, эдгээр тоон болон чанарын мэдээлэлд нийгэм-экологи урсгал ба феноменологийн үндсэн ойлголтуудыг ашиглан дүн шинжилгээ хийв. Судалгааны дүнд хүний зкологийн янз бүрийн түвшинд хамаарах 20 хамгаалах хүчин зүйлсээс хамгийн их санал нийлж буй хүчин зүйлс нь эцэг эх ба гэр бүлтэй холбоотой гэр бүлийн түвшний хүчин зүйлс гэж судалгаанд оролцогчид үзсэн. Эдгээр хүчин зүйлсийн тоонд эцэг эхийн аз жаргалтай харилцаа холбоо, эхийн зөөлөн дулаан сэтгэл, хүүхэд өсгөх чанартай сайн орчин зэрэг хүчин зүйлстэй судалгаанд оролцсон нийгмийн ажилтнууд хамгийн их санал нийлж байв. Хүүхэд хамгаалах соёл, түүнтэй холбоотой үнэт зүйлсийг чухал гэж мөн үзэж байв. Хамгаалах хүчин зүйлс, тэдгээрийг практикт ашиглах тухай ойлголтуудыг нийгмийн ажил ба халамжийн тухай сургалт, боловсролоос илүү ихэвчлэн нийгмийн болон гэр бүлийн орчноосоо олж авсан гэж үзэх хандлага судалгаанд оролцогчдын дунд давамгайлж байлаа. Тэдний хамгаалах хүчин зүйлсийн тухай ойлголтын түвшин, практикт ашиглаж буй байдал нь шинээр хөгжиж буй нийгмийн ажлын хөгжлийн давуу тал ба тулгарч буй сорилтуудыг илтгэж байсан юм. Тиймээс нийгмийн ажлын боловсролын цаашдын хөгжил болон Монголын хүүхэд, гэр бүл, олон нийттэй ажиллах нийгмийн ажлын практикт энэ судалгааны дүнг ашиглах нь нэн чухал.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0