Монголчуудын туг сүлдийг эрхэмлэн шүтэх үзэл ухамсар нь нэн эрт үеэс гүнзгийрэн хөгжиж иржээ. Үүнийг эртний хадны сүг зураг, түүх археологийн ховор сонин олдвор, түүхэн сурвалжийн мэдээ, архивын баримт зэрэгт тулгуурлан нэгэн бүхэл цогц болгон харж болно. Тиймээс бид монголчуудын туг сүлд гэх үгийн дотоод агуулгыг ухаж ойлгохоос эхлээд ялгуусан гурван сүлдийн түүхэн уламжлал шинэчлэлийн онцлогийг харьцуулж, ажиглалт дүгнэлт хийсээр байна. Монголын түүх судлалд түүхийн хавсрага ухааны судалгаа байнга өсч байгаа энэ үед монголчуудын сүлд шүтлэгийн үүсэл гарал, уламжлал, утга бэлгэдэл зэргийг нэн эрт цагаас эдүгээ хүртэл хэрхэн уламжлан ирсэн түүхийг цогц байдлаар харуулахыг зорьсон юм. Энэхүү судалгааны ажил нь үндсэн гурван бүлгээс бүрэлдэж байна. Үүнд, нэгдүгээр бүлэгт Монголчуудын туг сүлдийн соёлын уламжлалыг судлахдаа нэгдүгээр хэсэгтээ “Туг, сүлд” гэх үгийн утга болон туг, хиур, дарцаг, далбаа гэх нэрүүдийн уламжлалыг авч үзлээ. Мөн туг сүлдийн утга түүхийн хавсрага ухаантай хэрхэн холбогдох, тугчин, сүлдтэн гэх овгуудын тухайд шинжлэн үзсэн болно. Хоёрдугаар хэсэгт нь монголчуудын туг сүлдийн гарлын асуудлыг хадны сүг зурагт дүрсэлсэн байдлаас эхлээд туг сүлдийн дээд утга болох тэнгэр шүтлэг хийгээд хамгийн эртний сүлд гэгддэг нар, сар, гал дүрс зэргээс сүлд шүтлэгийн гарлыг хайж археологийн олдвор, түүхэн баримт зэргээр тодлохыг оролдсон юм. Хоёрдугаар бүлэг нь мөн адил хоёр хэсгээс бүрдэх бөгөөд Өвөр монгол дахь уламжлалт туг сүлдийн түүхэн улбааг нэхэн судлах, түүний төрөл зүйлийг харьцуулах, хорьдугаар зуунд хэрхэн хөгжиж ирсэнийг түүхийн баримт, аман түүхийн материалд тулгуурлан судлахыг зорьсон юм. Энд нэгэн сонирхолтой хэсэг нь түүхэн цаг үеийн байдлаас хар сүлдийг Өвөр Монголоос халхад нүүлгэх оролдлого гарсан нь чухам ямар учир явдал болсон бэ гэдгийг хоёр орны архивын баримтаас хайж тодруулахыг оролджээ.
Гуравдугаар бүлэгт, Монгол улсын туг сүлдийн уламжлал шинэчлэлтийг харьцуулан уламжлан тахиж шүтэж байсан хар цагаан алаг сүлдийн бэлэг тэмдэг болон соёмбо тэмдэг, орчин цагийн монгол төрийн сүлд тэмдэг зэргийн уялдаа холбоо учир шалтгааныг тодруулж сүлд судлалын хөгжилд судалгааны шинэлэг өнгө аяс оруулж түвдийн шашин манжийн үеийн төрийн ёс ёслол, нэр томъёо, агуулга заншил, өмнөх нийгмийн тогтолцооны үзэл сурталд нийцүүлсэн шинжтэй зүйлүүдэд шүүмжлэлтэй хандсан юм. Эдгээр нь монгол төрийн эртний сүлд шүтээн, бэлгэдлүүд өөрчлөгдөн хувирах, гээгдэн мартагдахад хүргэсэн тул төрт ёсны уламжлалийг сэргээх талаар санал бодлоо дэвшүүлжээ. Харин нэгэнт судлагдсан туг сүлд бүтээх, загвар хэлбэр, ур хийц, ёс заншил болон тахилгын зан үйл, ёслолын талаар тайлбарлан судлахыг зориогүй болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0