Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Инжаннашийн “Хөх судар” дахь аман зохиолын уламжлал, шинэчлэл



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3115
Хамгаалсан он : 2013
Түлхүүр үг : хөх судар, аман зохиол, уламжлал шинэчлэл

Аннотаци

Инжаннаши 19 дүгээр зууны үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан монголын алдарт зохиолч болно. Монгол ахуй соёл, уран зохиолын уламжлал дээр суурилан олон үндэстний соёлын уулзвар дээрээс нягт нарийн бөгөөд урнаар уялдуулан уран зохиолын шинэ хэлбэрийг үүсгэсэн байдаг. Түүхийн үнэнийг аман зохиолын зүйлсээр уялдуулан холбож бичдэг түүхэн зохиол бичих үндэстний сэтгэлгээний илэрхийлэл болсон онцлогтой монгол аргын уламжлал Инжаннашийн “Хөх судар”-т тусгалаа үлдээсэн байдаг. Зохиолч Инжаннаши “Хөх судар” түүхэн романаа туурвихдаа түүхэн зохиолуудад байх аман зохиолын домог, зүйр цэцэн үг, үлгэр, ерөөл магтаал, ардын дуу, ертөнцийн гурав, оньсого, таавар, элчийн үг, холбоо хошоо үг зэрэг төрөл зүйлүүдээс уламжлан авч хэрэглэсэн бөгөөд тэдгээрийг орчин цагийн бичгийн зохиолд идээшүүлэн урганигаар бүтээж монголын утга зохиол, соёл, түүхийн үнэт өвийг бүтээсэн. Тус өгүүлэлд “Хөх судар”-ын аман зохиолын хамаат асуудлыг гол судлагдахуун болгож, аман зохиолын уламжлал, зан үйлийн аман зохиолын уламжлал, аман зохиолын шинэчлэл зэргийг шинжлэв.
Тус өгүүлэл удиртгал, гол хэсэг болох дөрвөн бүлэг, дүгнэлт, ном зүйгээр бүрэлдэнэ. Удиртгалын хэсэгт, сэдэв сонгосон учир, сэдэв сонголтын ач холбогдол, судлах зорилт, судлах арга зэргийг багтаахын хамт Инжаннашийн зохиол бүтээлийн хэвлэлийн тойм, “Хөх судар”-ын судлалын байдлыг тоймлон өгүүлж, “Хөх судар” хийгээд аман зохиолын харьцаа судлалын байдлыг дэлгэрэнгүйгээр өгүүлсэн байна.
Нэгдүгээр бүлэгт, “Хөх судар” дахь аман зохиолын уламжлалыг шүүн шинжлэв. Түүхэн зохиолуудаар уламжлан ирсэн домгуудыг үзэл ухамсраа илэрхийлэх зорилгоор уламжлан хэрэглэсэн хийгээд зүйр цэцэн үгсийн уламжлан авсан хэлбэр, уламжлан хэрэглэсэн онцлог, үлгэрийн хэлбэрийг ашиглан дүр бүтээх, баатрын магтаалын төрлийг уламжлан яруу төгс хэрэглэсэн байдал зэргийг оруулав.
Хоёрдугаар бүлэгт, “Хөх судар”-т зан үйлийн аман зохиолын уламжлалын асуудлыг шинжлэв. Хуримын зан үйл хийгээд хуримын зан үйлийн аман зохиолын уламжилж авсан байдал, хэрэглээ, эрийн гурван наадмын аман зохиолын уламжлал, өлгийний ерөөл, сацал мялаалгын үг, монгол нэр өгөх ёс, үүдэнд тэмдэг тавих ёс оршуулгын ёсны уламжлан авсан байдал нь угсаатны зүйн судлагдахуун болоход үнэт өв болох талаар судлан өгүүлэв.
Гуравдугаар бүлэгт, аман яруу найргийн шинэчлэлийн асуудлыг шинжлэв. Энд ерөөлийн ирээдүйн сайн сайхныг хүсэмжилдэг гол санааг уламжлан авч бэлгэ дэмбэрлийн үг, ерөөлийн завсрын түвшний ерөөл бэлгийн үгийг шинэчлэн бүтээсэн, зүйр цэцэн үгсийн бүлгийг оновчтойгоор зохион хэрэглэсэн онцлог, ардын дууны яруу найргийн шинэчлэл, холбоо хошоо үгийн зүйг шинэчлэн бичсэн зэргийг бичив.
Дөрөвдүгээр бүлэгт, баатарлаг туульс, жүжиглэг наадам, ёгт үгийн шинэчлэлийг шинжлэв. Баатарлаг туульсийн дүр дүрслэлийн хэлбэрийг шинэчлэн хэрэглэсэн, оньсого тааврын утга далдлах шинжийг гол болгон шинэчлэлийн түвшинд хүргэсэн төдийгүй уран зохиол бүтээх аргын хэлбэрийг үүсгэсэн, аман зохиолын бичил хэлбэр болох элчийн үг, ёгт үг зэргийг зохиол бүтээлдээ амжилттайгаар шинэчлэн хэрэглэсэн зэрэг асуудал тусгагдав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 168
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД