Эдүгээ дэвшүүлэн буй “Элжгэн халх салбар аман аялгууны үгсийн сангийн судалгаа” хэмээх энэхүү өгүүлэл тус салбар аман аялгууны үгсийн сангийн хувьд анхны цогц судалгаа болно. Элжгэн халх салбар аман аялгууг эрдэмтэн судлаачид өөрсдийн судалгааны бүтээлдээ дам, давхар дурддаг боловч тусгайлсан судалгаа өнөө хэр хийгдээгүй билээ. Иймд бид уг сэдвийг сонгон авч, Элжигэн халхчуудын одоо амьдран буй нутаг оронд хийсэн хээрийн шинжилгээний материалын суурин дээр Элжигэн халх салбар аман аялгууны тухай өнгөрсөнд гарсан холбогдох цөөн тооны эх хэрэглэгдэхүүн болон судалгааны бүтээлд тулгуурлан тухайн салбар аман аялгууны үгсийн сангийн өвөрмөц бүрэлдэхүүн ба нэр зүй зэрэг талаар судалгаа хийж, монгол хэлний үгсийн сангийн судлал болон нутгийн аялгууны судлалд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулахыг зорьсон Монгол улсын нутаг дэвсгэр дээрх монгол хэлний нутгийн аялгуу, аман аялгуунуудын 1990 оноос хойших хэрэглээний байдал ба хувьсал хөгжлийн байдлыг ерөнхийд нь ажиглавал төв халхын аман аялгуунд уусан нэгдэх төлөвтэй байна. Бодитойгоор хэлбэл, монголчууд нийтээрээ зах зээлд шилжсэний дүнд хөдөө орон нутгийн хүмүүс олноороо хот суурин газар бараадан нэг дор төвлөрөн сууриших болсноос үүдэн хүн амын хэл аялгуу төв халхжих шинжтэй болсон байна. Иймээс салбар аман аялгуунуудын өвөрмөц онцлогтой талыг төв халхын аман аялгуунд бүрмөсөн уусан нэгдэхээс нь өмнө судлах шаардлагатай гэж үзсэн учир энэ чиглэлийн судалгааг хийсэн болно.
Тус өгүүлэл нь удиртгал, нэгдүгээр бүлэг, хоёрдугаар бүлэг, дүгнэлт, хавсралт, ном зүй гэсэн хэсгүүдээс бүрдэв.
Удиртгалын хэсэгт сэдвийг судлахын учир, судалгааны зорилго, судалгааны шинэлэг тал, судлагдсан байдал, судалгааны арга, Элжигэн халхчуудын өнөөгийн байдал, гарал түүх, “Элжигэн” нэрийн тухай, мөн Элжигэний цагаан сүлд болон өчил үг, Элжигэн халхын нэрт хүмүүс, тэдний монголын түүхэн дэх нэр нөлөө зэрэг талаарх мэдээллийг багтаав.
Нэгдүгээр бүлэгт Элжигэн халх салбар аман аялгууны үгсийн сангийн өвөрмөц бүрэлдэхүүн(өвөрмөц үгс ба өвөрмөц хэлц)-ийг түүвэрлэн авч тайлбарлан шинжлээд, мөн үгийн гарал, утга зүйн талыг онцлог зэргийг тодорхойлов.
Хоёрдугаар бүлэгт нэр зүйн тусгай судалгаа болно. Тус бүлэгт Элжигэн халхчуудын хүний нэр, овгийн нэр, тэдний амьдран сууж буй газар, усны нэрсийг хэлбэр, бүтэц ба агуулгын талаас нь судалснаас гадна мөн уугал, харь гарлаар нь ялган шинжлэв.
Дүгнэлт хэсэгт бүх өгүүллийнхээ агуулгад хураангуйлал хийж, тус судалгаагаар дамжуулан олсон үр дүнгээ товчлон танилцуулав.
Хавсралт буюу дагалдуулал хэсэгт хүний нэр, овгийн нэр, газар усны нэрийн давтамжийг бүртгэн гаргаж, хүснэгтээр үзүүлэв.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0