Б.Буянчимэг нь 2003-2006 онд БНХАУ-ын Бээжин хотын Ботаникийн хүрээлэнгийн Ургамлын систематик-эволюцийн лабораторид Сонгины төрлийн ургамлын цито-таксономын судалгаа хийсэн. Судалгаанд Монголын өндөрлөгт ургадаг 19 зүйл сонгинолог ургамлыг хамруулсан. Сарааны овгийн сонгинын төрлийн ургамал нь тархацын хувьд палеоарктикийн уулархаг Азийн их муж нутгийг бараг бүхэлд нь хамардаг. Өргөн уудам нутагт тархсан олон зүйлтэй сонгинын төрлийн ургамал нь түүний доторхи зүйлүүд, салбар зүйлүүд ба популяциудын хүрээнд кариотипийн дивергенци (хромосомын абирац эволюци) газарзүй цаг агаарын өвөрмөц нөхцөлд эволюци хөгжлийн дагуу хэрхэн түгэн тархаж байгааг тэдгээр зүйлүүдийн навчны эпидермисийн морфлоги, тоосны морфологи, үрийн хальсны микроморфлогийн судалгаатай уялдуулан явуулсан. Үүнд:
1. Навчны эпидермисийн морфлогийн судалгаа. Бид навчны эпидермисийн анатомийн бүтцийг судлахдаа 17 төрлийн онцлог шинж бүхий түлхүүр бичигт тулгуурлан 2 тип, 7 субтип болгон ангилан, навчны анатомийн бүтцийн онцлогийг Allium-ын ангилал зүйн шинж тэмдэг болгон авч үзэх боломжтойг илрүүллээ. Schoenoprasum ба Cepa секцүүд I типэд, бусад 3 секц нь II типэд хамаарагдахыг тогтоов.
2. Тоосны морфологийн судалгаа. 24 популяцийн 23 зүйл Allium-д тоосны морфологийн судалгаа явуулсан. Тоосны экзин бүрхүүлийн бүтцийг 6 төрлийн онцлогоор 5 секцэд хамаарах 2 тип, 5 субтип болгон ангилалд оруулсан. Судалгааны үр дүнд Rhizirdium, Haploenoprasum ба Schoenoprasum секцүүд тоосны морфологийн эволюцийн хөгжлөөр анхдагч энгийн хэв шинжтэй байхад Cepa ба Molium секцүүд эволюцийн хөгжлөөрөө эртний шинжтэй байгаа нь харагдаж байгаа юм.
3. Үрийн хальсны микроморфологийн шинж. Энэ судалгааг бид үрийн хальсны микроморфологийн 17 шинжийг илтгэсэн түлхүүр бичиг зохион 12 тип, 6 субтип болгон ангилалд орууллаа. Судалгааны үр дүнд Rhizirdium секц нь эволюцийн хөгжлөөрөө анхдагч энгийн хэв шинжид хамрагдаж байхад Schoenoprasum,Cepa, Haploenoprasum секцүүд эртний шинжтэй байхад Molium секц эволюцийн хөгжлөөрөө бусад секцээс давамгай байгааг илрүүллээ.
4. Кариотипийн судалгаа. Алтайн зэрлэг сонгины 6 популяцийн кариотипийг таримал сонгинотой харьцуулан үзэхэд хоорондоо удам төрлийн холбоотой төдийгүй өнөөгийн таримал сонгино Allium fistulosum-ын өвөг нь Алтайн зэрлэг сонгино A.altaicum болохыг тогтоосон. Монгол орны Алтай, Хэнтий, Хөвсгөл, Говь-Алтайн уулсын системд алслагдмал тархац бүхий нутагт байгаа Алтайн сонгино бүгд 2n=16 диплоид тооны хромосомын бүрдэлтэй бөгөөд хромосомын энэхүү диплоид бүрдэл нь газарзүйн байрлалаас үл хамааран тогтвортой байгааг илрүүллээ. Алтайн сонгины удам төрлийн холбоог тогтооход хромосомын үндсэн тоог гол шалгуур болгодог. Иймээс хүнс, эм, тэжээлийн ач холбогдолтой зэрлэг Алтайн сонгино нь Төв азид тухайлбал, Монгол орны уулсын системд тухайн зүйл нь харьцангуй тасархай ареал үүсгэж байгаа нь түүхэн хувьсах хөгжлийн үр дүнд манай нутагт уул үүсэх процесстой холбоотой тусгаарлагдсан экотип болсноос гадна Алтайн зэрлэг сонгино нь Төв ази бүр Монгол орны уулсын системээс гарал үүсэлтэй болохыг нотлон харуулж байна.
Rhizirdium секцийн 7 зүйл Allium-ийн кариотипийг судлахад хромосомын үндсэн тоо х=8, A.caricoides, A.obliquum, A.platyspathum ба A.hymenorrhizum зүйлүүд нь 2n=16 диплоид тооны хромосомтой. A.tuberosum, A.przewalskianum 2 зүйл тетраплоид 2n=32, харин A.strictum гексаплоид 2n=48 хромосомтойг тогтоосон. Кариотипийн ангилалын хувьд A.tuberosum, A.strictum зүйлүүд 2В ангилалд хамрагдаж байгаа нь тухайн зүйлүүдэд эволюцийн процесс илүү хурдтай явагдаж байгааг харуулж байна. Мөн энэ секцийн хувьд A.caticoides, A.hymenorrhizum –ийг бид анх удаа мэдээлж байгаа юм.
Schoenoprasum, Cepa, Haplostemon, Molium 4 секцийн 12 зүйл Allium-д кариотипийн анализ хийн биеийн эсийн хромосомын тоо, хэлбэр хэмжээг тодорхойллоо. Үүнд: Molium секцийн A.desipiens, A.robustum, A.fetisovi зүйлүүдийн хромосомын үндсэн тоо Х=10, бусад зүйлүүд Х=
8. Haplostemon секцийн A.coesium тетраплоид бусад зүйлүүд нь диплоид тооны хромосомтой. Кариотип 2А симметрик шинж харьцангуй өндөртэй. Дагуул хромосом нь m, sm, st ба тэдгээр нь I, II, VI типэд хамаарагддаг болохыг илрүүлэв. A.sinkiangense ба A.robistum зүйлийн кариотипийг бид анх удаа мэдээлж байна.
Бид Allium-ын төрлийн 20 гаруй зүйлийн популяцийн харьцуулсан генетик судалгааг хийсэн. Өөрөөр хэлбэл, байгальд явагдаж буй генетик процессийн задлан шинжилгээ, мөн популяци дахь удамшил хувьслын эволюцийг судалсан. Хромосомын кариотиптийн судалгаагаар хромосомын тоо, хэлбэр, хэмжээг тогтоон кариограмм зохион алслагдсан эрлийзжүүлэлтийг сорилын түвшинд гаргаж, алло болон авто полиплоидыг илрүүллээ. Мөн популяцийн генотипийг тодорхойлон түүгээрээ популяци дахь нөхөн үржихүйн арга, генетик менанизмыг илрүүлсэн. Тухайлбал: мангир сонгино дээр автополиплоидын хувьслын эгнээний өвөрмөц шинж харагдаж байгаа юм. Жишээ нь: Монгол орны хээрт 2n=32 тетраплоид хэлбэр зонхилж байхад ойт хээрт 2n=40 пентаплоид, говьд 2n=16 буюу диплоид хэлбэртэй байлаа. Генийн тоо хэмжээ их болоход хувьслын шинэ, шинэ хэлбэр бий болж байгаа нь тэдгээрийн фенотипээр тодорхой харагдлаа. Энэ нь автополиплоидийн хувьсал нь генийн шилжилт, мөн генийн хэмжээг ихсэх үед түүний үйл ажиллагаа өөр байдлаар явагддагтай холбоотой. Allium-ын төрлийн зүйлүүдэд тетраплоид хэлбэр давуу тохиолдож байгаа нь тэдгээрийн гетерозигот шинжтэй холбоотой. Тухайлбал, Бид Хөвсгөлийн A.schoenoprasum-оос диплоид гетерозигот 2 өөр аллель бүхий 7В хромосомтой хэлбэрийг олсон нь уг зүйл тэр орчны хүйтэн нөхцөлд дасан зохицон тэдгээрт антоциан, алегинин, бутен үүсгэх явцтай холбоотой гэж тайлбарлагдаж байгаа юм. Allum-ын төрлийн зүйлүүдийн хромосомын тоо ихсэн полиплоидын эгнээ үүсгэж байгаа нь мейоз хуваагдлын онцлог, диплоидын төвшинтэй харьцуулсан задралын төлөв байдлын зэрэгцээ нэгэн хэв шинжийн өөрчлөлт явагддагтай холбоотой. Ихэнх тетраплоид, пентаплоид, гексаплоидод хромосомын коньюгацын хэв шинж, центромерийн байрлал, меойзын нэг дэх үеийн хромосомын салалт зэрэг үйл явц өөрчлөгддөгтэй холбоотой. Хромосомын тооны өсөлтөөр олон шинж тэмдэг зэрэгцээ байдлаар хувьсдаг ба полиплоидын тодорхой төвшинд өвөрмөц өөрчлөлт явагддаг гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 15
Ишлэгдсэн тоо : 0