Монгол хэл дээр: Дундад зууны монголчуудын соёл иргэншлийн түүхийг судлах үндсэн сурвалжийн нэг нь тэдний үлдээсэн булш оршуулгын дурсгалууд болох бөгөөд чулуун ба шороон дараастай булш, хадны оршуулга, бунхан гэсэн үндсэн гурван хэлбэрээр илэрч байдаг. Эдгээрээс чулуун дарааст булш хамгийн өргөн тархсан хэлбэр бөгөөд энэ төрлийн зохион байгуулалт болон зан үйлийн онцлогийг хадгалсан дурсгалууд манай улсын бараг бүх аймгийн нутгаас гадна ОХУ-ын Өвөр Байгал, Чита муж, Уулын Алтай, БНХАУ-ын Өвөр Монгол, Казахстан, Кыргызстан улсын нутгаас олдож судалгааны хүрээнд нэвтэрчээ. “Эртний монголчуудын оршуулгын зан үйл. XI-XVII зууны монголчуудын булшны олдворт хийсэн археологи-түүхийн шинжилгээ” сэдэвт энэхүү диссертаци нь удиртгал, 3 бүлэг (1-р бүлэг: Эртний Монголын археологийн соёлыг эдийн боловсролын дурсгал ба байгалийн шинжлэх ухааны он цаг тотоох шинжилгээгээр үечлэх, 2-р бүлэг: Монголын дундад зууны булшны типологи ба топографийн асуудал, 3-р бүлэг: Эртний Монголчуудын оршуулгын зан үйлийн судалгаанд зориулагдсан), дүгнэлт, товчилсон үгийн жагсаалт, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй. Диссертацийн судалгааны хэсэг 262 нүүр, хавсралт каталоги 395 тал, нийт 657 тал бөгөөд 1924-2003 оны хооронд Монгол Улсын нутаг дэвсгэрт малтан шинжилсэн 229 булшны материалд дүн шинжилгээ хийжээ. Судалгааны үр дүнд эдгээр булшны олдворуудыг Монголын археологийн соёлын түрүү үе (X-XII зуун), сонгодог үе (XIII-XIV зуун), хожуу үеийнх (XV-XVII зуун) хэмээн ангилж тус бүрийн онцлог, залгамж чанарыг тодруулсан байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0