Газар бүрхэвч ба агаар мандал 2-ын хооронд дулаан ба чийг, моментын солилцоо үргэлж явагддаг бөгөөд энэ солилцоо нь тухайн газар нутгийн бичил уур амьсгал, хөрс, ургамлын физиологи зэргээр зохицуулагдаж байдаг. Хуурай газрын экосистем ба хүний үйл ажиллагаанд үзүүлэх уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг тооцоолоход бэлчээрийн болон таримал ургамлын ургалтын хөдлөл зүй ба газар орчимд явагдах процесс хоорондын хамаарал, харилцан үйлчлэлцэлийг судлах нь нэн чухал. Иймд, энэхүү докторын судалгааны ажил уур амьсгалын ангиллаар өөр хоорондоо эрс ялгаатай 2 бүс нутагт судалгаа хийн, бүс бүрт гарсан нарийвчилсан судалгааны үр дүнг өөр хооронд харьцуулах жишиж тоймлосон болно. Сонгож авсан судалгааны талбай нь Монгол орны хуурай бүс нутаг, Баруун Японы Тотторигийн чийглэг бүс нутаг юм.
Монгол орны хуурай бүс нутагийн хувьд: Монгол орны цөлөрхөг хээрийн бүсийн хур тунадас, их температурын хэлбэлзлээс бэлчээрийн ургамлын ургацад гарах өөрчлөлтийг судлахын тулд олон жилийн агро уур амьсгалын 1971-2000 оны мэдээг хэрэглэв. Судалгааны үр дүнд, хур тунадасны хэмжээ бэлчээрийн ургацтай эерэг хамааралтай, харин агаарын температур /30 градусаас дээш/ нь сөрөг хамааралтай байна. Мөн тус судалгаагаар, хур тунадас ба их температурын индексийг нэгтгэсэн хуурайшилтын шинэ индексийг Монгол орны хэмжээнд параметржүүлж зохиосон бөгөөд тус индексээр бэлчээрийн ургацтай хамаарлыг шалгахад хур тунадасны хамаарлын үзүүлэлтээс илүү сайн буюу өндөр хамааралтай байлаа. Энэ нь тухайн жилийн бэлчээрийн ургамлын ургацад хур тунадаснаас гадна температурын оролцоо, нөлөө байдгийг илэрхийлж байна. Өөрөөр хэлбэл, хэт халалт нь хур тунадасны дутагдалтай хавсарснаар бэлчээрийн ургамлын гарцад муугаар нөлөөлдөг гэдгийг энэхүү судалгаагаар нотоллоо.
Монгол орны хээрийн бүсэд, бэлчээрийн ургамал бичил уур амьсгалын хэмжилт хийж ургамал бүрхэвчээс уурших ууршилтыг градиентын аргаар 2002-2001 онд хэмжилт хийсэн. Ургамал бүрхэвчээс ялгарах нууц дулааны тоо хэмжээ нь ургамлын чийг хангамж харьцангуй их үед чийг багатай үеийнхээс хэд дахин их байв. Ургамал бүрхэвчээс уурших ууршилтын тоо хэмжээ нь цас хайлах үе, усалгаа хийх үе болон хур тунадасны орох үе бүрт хэлбэлзэж байв. Эндээс дүгнэхэд, Монгол орны цөлөрхөг хээрийн болон хээрийн бүсийн бэлчээрийн ургамлын ургац нь хөрсний чийгийн хангамж бүрдүүлэгч хатуу болон шингэн хур тунадас, усалгаанаас ихээр хамаардаг ажээ. Иймд, Монгол орны бэлчээрийн экосистем нь ус чийгийн хамааралтай болохыг илтгэж байна.
Баруун Японы Тотторигийн чийглэг бүс нутгийн хувьд: Судалгааны хүрээнд Япон улсын Тотторигийн чийглэг бүсэд шар буурцгийн талбайд бичил уур амьсгалын судалгааг градиентын хэмжилтийн аргаар 2005 онд хийж гүйцэтгэв. Судалгааны үр дүнг тоймлоход идэвхтэй болон нууц дулаан ялгаруулалтыг Бовены балансын аргаар тооцоолж шар буурцгийн ургалтын хугацааны туршид шингээх нүүрсхүчлийн хийг эдди-ковариацын аргаар, шар буурцгийн навчны нүх сүвшлийн чийг/дулаан дамжуулалтыг LICOR багажаар хэмжиж, загварчилсан. Энэхүү судалгааны үр дүнгээс, шар буурцагтай талбайгаас агаар мандалд явагдах ус, чийг, хүлэмжийн хийн солилцоо нь фото идэвхт цацрагийн тоо хэмжээнээс хүчтэй хамааралтай болохыг олж илрүүллээ.
Эцэст нь дүгнэхэд, Монгол орны бэлчээрийн экосистем ус чийгээс шууд хамааралтай байдаг бол Японы таримал шар буурцгийн экосистем нарны цацрагаас ихээхэн хамаардаг нийтлэг ойлголтыг баримт үр дүнгээр нотлон харууллаа.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0