Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны ойт-хээр бүс дэх тасалданги цэвдэгтэй газрын ул хөрсний дулааны орны судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3521
Хамгаалсан он : 2015
Түлхүүр үг : Цэвдэг, ул хөрс, хөрсний дулааны орон, ойт-хээр

Аннотаци

Эх газрын хэмжээнд үргэлжилсэн цэвдгийн тархалт нь тундр болон тайгын биомтой ихэвчлэн давхацдаг бол улирлын хөлдөлтийн бүс (цэвдэггүй бүс) нь тал хээрийн биомод голчлон үүсдэг байна. Сибирийн тайгаас тал хээрийн бүсрүү шилжих байгалийн шилжилтийн бүс болон үргэлжилсэн цэвдгийн өмнөд хил нь манай орны хойд, төв хэсгийн нутгуудад оршдог бөгөөд энэ хэсэгт газрын бүрхэвчийн үндсэн хэлбэрүүд нь мозайк маягийн ой, хээрийн бүлгэмдэлүүдээс бүрдсэн байдаг. Эдгээр олон янзын хам нэгдлүүд нь цэвдэг болон улирлын хөлдөлтийн бүсийн тархалт ба тэдгээртэй уялдаатай бусад хүчин зүйлс болох гадаргын хэлбэр, газрын бүрхэвч, бичил уур амьсгал зэрэгтэй нарийн, нягт, төвөгтэй байдлаар холбогдоно. Дулааралт явагдаж буй өнөө үед энэхүү мозайк нь уур амьсгал болон байгаль орчны ямар нэгэн өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгий байдаг. Иймд энэхүү газар нутагт ямар хүчин зүйлс цэвдэг ба улирлын хөлдөлтийн бүсийн оршин байхыг тодорхойлж буйг ойлгох нь чухал юм. Энэ асуудлыг ойлгохын тулд янз бүрийн газар байрлах бичил уур амьсгалын хэмжилтийн мэдээг ашиглаж ургамал, цасан бүрхэвч, бичил уур амьсгал болон хөрсний дулаан орны хоорондох физик харилцан үйлчлэлийг заавал тайлбарлах шаардлагатай. Энэхүү судалгааны зорилго нь тав гаруй жил бичил цаг уурын хэмжилт хийсэн ойтой, цэвдэгтэй ар энгэр болон түүний зэргэлдээх цэвдэггүй өвөр энгэр дээрх цаг уурын мэдээ ашиглаж газар нутгийн онцлог хүчин зүйлс ба ул хөрсний температурын харилцан үйлчлэлийг тайлбарлах явдал юм. Газрын гадарга дээр ирж буй богино долгионт цацрагийн (БДЦ) нийлбэрт ойн бүрхэвч болон гадаргын хэлбэр дүрс нь голлох хүчин зүйл болох бөгөөд эдгээр нь цацрагийн өөр өөр утгыг хоёр энгэр дээр авахад хүргэдэг байна. Өвлийн улиралд гадаргын хэлбэр дүрс нь богино долгионт цацрагийн тархалтад голлох хүчин зүйл болох бөгөөд уулын хойд хажуу нь боломжит богино долгионт цацрагийн хэмжээг (ББДЦ) уулын өвөр энгэртэй харьцуулахад их хэмжээгээр бууруулдаг байна. Эсрэгээрээ, зуны цагт газрын гадаргын хэлбэр дүрсийн нөлөө хоёр энгэрт дээрх ББДЦ-т бага байх ба ББДЦ-ийн хэмжээ тус энгэрүүд дээр бараг адилхан. Хэдийгээр тийм боловч зуны цагт хоёр энгэрийн газрын гадарга орчим ирж буй БДЦ-ийн хэмжээ ихээхэн ялгаатай. Энэхүү зуны цагийн БДЦ-ийн ялгаа нь газрын гадаргын хэлбэр дүрсээсээ илүү ойн нөлөөний улмаас болсон гэдгийг харуулж байна. Ойн нөлөөгөөр мэдэгдэхүйц буурч буй богино долгионт цацраг нь тухайн газраа хөрсний температурыг агаарын температураас бага болгодог байна. Эсрэгээрээ хээрийн ургамал бүхий хуурай өвөр энгэрийн газрын гадарга нь ихээхэн хэмжээний БДЦ шингээж авдаг бөгөөд энэ гадарга орчмын хөрсний температурыг агаарын температураас их болгож улмаар ул хөрсийг ихээхэн халаадаг. Зуны хугацаанд газрын гадарга орчмын энергийн тэнцлийг зохицуулагч гол хүчин зүйл нь БДЦ бөгөөд нийлбэр цацрагийн хэмжээ нь ойтой газрын гадаргуу дээр бага харин хээрийн ургамал бүхий хуурай өвөр энгэрт их байна. Энэхүү зөрүүтэй нийлбэр цацрагууд нь тус энгэрүүд дээр өөр өөр утга бүхий дулааны урсгалуудыг үүсгэсэн ба ойтой ар энгэрийн хөрсний дулааны урсгал, ил дулааны урсгал, нууц дулааны урсгал нь өвөр энгэрийнхээс
2.3,
3.6,
5.0 дахин бага байсан. Тус үр дүнгээр ой нь агаар мандал болон ул хөрсний хооронд явагдаж буй дулаан солилцоог их хэмжээгээр бууруулдийг батлан харуулж байна. Зуны цагт ойн доорх зузаан органик давхарга хөрсрүү нэвчих температурын эрчмийг буруулдаг ба энэ нь идэвхтэй давхаргын бага хэмжээтэй гэсэлтийн хурдаар батлагдана. Ийм учраас идэвхтэй давхаргын хөгжил удаан байдаг гэхдээ идэвхтэй давхаргын гүн нь зуны халалттай нягт холбоотой. Цасан бүрхэвчийн дулаан дамжуулах чадвараас хамаарч өвлийн улирлын агаарын температур газрын гадаргын температураасаа илүү хүйтэн. Хэдий тийм боловч ойн доорх зузаан органик давхарга, ул хөрсөнд агуулагдаж буй мөс зэрэг нь дулаан солилцоог нэмэгдүүлж улмаар идэвхтэй давхаргын хөлдөлтийн хурдыг ихэсгэдэг. Өвөр энгэр дээрх цасан бүрхэвчийн зузаан болон цастай байх хугацаа нь улирлын хөлдөлтийн гүнтэй эсрэг чиглэлээр холбогддог. Энэхүү судалгааны ажлын үр дүнгээр Сибирийн тайгын өмнө захад оршиж буй ой болон түүний доорх зузаан органик давхарга нь тухайн оршин буй газрынхаа хөрсийг сэрүүцүүлэгч хүчин зүйлс болохыг батлахын зэрэгцээ цэвдэг оршин байхад таатай нөлөө үзүүлдэгийг давхар харуулсан. Ийм учраас уур амьсгалын халалтаас гадна ургамалан (ой) бүрхэвчийн алдарал нь энэхүү мозайк газрын цэвдгийг орших эсэхэд сөрөг нөлөө үзүүлэхээр байна. Иймд энэхүү газар нутгийн ой, органик давхаргын бүрэн бүтэн байдлыг хангах нь цаашид гарч болзошгүй цэвдэг, экосистемийн доройтлоос хамгаалах арга зам болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 5

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 290
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :